АНУ-ын Индиана мужид тус улсын иргэн Мэри Хеллер гэгч эмэгтэй монгол охиныг гэртээ нууцаар олон жил хорьж байсан тухай мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарилаа. Саяхны нэг өдөр Мэри Хеллер 911 дугаарын утсанд “Угаалгын өрөөний шалан дээрээс босч чадахгүй 20 цаг болж байна” гэсэн дуудлагыг өгснөөр уг хэрэг дэлгэгдсэн байна. Америк хатагтайн гэрт 15, 19 настай монгол, хятад хоёр охин хоригдож байсан гэнэ. Хүний эрх, ардчиллын өлгий нутаг болох АНУ-ын иргэн ийнхүү хоёр охиныг удаан хугацаагаар хорьж, хууль бус үйлдэл хийснийг нь цагдаагийнхан онцолжээ.
Тэднийг Мэри Хеллерийн гэрт ортол дээрх охид турж эцсэн, нэлээд дарамтад байсан болохыг олж харсан байна. Гэрийн эзэгтэй анхандаа охидыг авчирсныхаа дараа бичиг үсэг заадаг байсан гэнэ. Яваандаа юун бичиг үсэг зааж, сургуульд сургах нь битгий хэл хоол хүнсийг нь ч хязгаарладаг болсон ажээ. Охидын хувьд байнга гэрийн хорионд байсан болохоор нийгмийн харилцаанд шууд оролцоход амаргүй байгаа талаар хүүхэд хамгаалалын мэргэжилтэн хэлжээ. Хохирогчид энэ тухай ярихдаа “Бид шуудан авахдаа л гадаа гардаг байсан” гэж мэдүүлжээ.
Энэ талаар Гадаад Харилцааны яамнаас тодруулахад “Одоогоор тодорхой мэдээлэл алга” гэв.