НЬЮ-ЙОРК. /CNBC/. Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын болон “Moderna” компанийн коронавирусний вакцинуудыг АНУ-д нэг сая гаруй хүн хийлгэжээ.
Энэ тухай АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн цахим хуудаст мэдээлэв. Дээр дурдагдсан хоёр вакцинаас нийт 9.4 сая тунг АНУ-д нийлүүлээд байгаа бөгөөд нийт 1 008 025 хүн вакцин хийлгэсэн байна.
Жон Хопкинсын их сургуулийн мэдээлснээр, АНУ-д халдварын нийт 18.26 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 323 510 хүн нас баржээ. Энэ хоёр үзүүлэлтээр АНУ тэргүүлж байна.
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “Pfizer”, “BioNTech” компаниудын вакциныг хэрэглэхийг 12 дугаар сарын 11-нд зөвшөөрсөн юм. Тус улсын Эрүүл мэндийн сайд Алекс Азар өмнө нь мэдэгдэхдээ, оны эцсээр 20 сая орчим хүн энэ вакциныг хийлгэх бол ирэх нэгдүгээр сарын эцсээр вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 50 саяд хүрсэн байх юм гэжээ.
Харин “Moderna” компанийн вакциныг онцгой байдлын үед түргэвчилсэн хэлбэрээр хэрэглэх зөвшөөрлийг “FDA” 12 дугаар сарын 18-нд олгосон юм.