“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор” төслийн хүрээнд АНУ-ын “Progress rail a Caterpillar” компани Монгол Улсад гол замын SD70ACe/LW-4101 загварын 16 зүтгүүр нийлүүлнэ. Үүний 2-ыг нь манай улс хүлээн авч, ашиглаж байна. Дараагийн 4 шинэ зүтгүүрийг Тяньжин боомтоор дамжуулан, Замын-Үүд боомтод 4 дүгээр сарын 28-нд оруулж ирлээ.
Уг зүтгүүр говийн байгаль, цаг агаарт найдвартай ажиллах чадвартай, Дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн турш ашиглаж буй, хамгийн орчин үеийн технологийн шийдэл шингээсэн юм байна. “Тавантолгой төмөр зам” компани мэдээллээс үзвэл 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай, 710 серийн 2 тактын дизель хөдөлгүүртэй, хувьсахаас хувьсах гүйдлийн AC-DC-AC цахилгаан дамжуулах системтэй, олон улсын хүрээлэн буй орчны TIER2 стандартын шаардлага хангасан илчит тэрэгний хөгжлийн III үеийн зүтгүүр юм.