Categories
мэдээ нийгэм цаг-үе

Антибиотикийн үр дүнгүй хэт хэрэглээнээс болоод түүнд тэсвэртэй нянгийн халдвар аюул учруулж байна

Сүүлийн үед ковидтой зэрэгцээд, идээт халдвар ихэсч байгаа талаар УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эрхлэгч М.Отгонбаяртай ярилцлаа.


-Идээт халдвар ихэсч, эмчлэхэд маш төвөгтэй байдал үүсч байгаа тухай эмч нар их анхааруулах боллоо. Яг идээт халдвар гэж юуг хэлж байна вэ?

-Өвчин үүсгэгч нян цус, гэмтсэн арьс, салст, амьсгалын зам, бөөр шээсний зам, хоол боловсруулах зам, бэлгийн замаар дамжин хүний биед нэвтрэн үржиж олшрох, эрхтэн системийн үйл ажиллагааг гэмтээхийг халдвар гээд байгаа юм. Бидний нүдэнд үзэгдэж байгаа энгийн хэлбэр бол хатиг (үсний уут улайж хавдаж хөндүүр болох) шахахад цайвар өнгийн идээ гараад эдгэрдэг. Гэтэл зарим тохиолдолд идээ нянгийн хамт цус руу ордог (bacteremia), цусаар дамжин олон эрхтэнд очиж буглаж (sepsis) хүндрэл үүсгэх нь бий.

-Тэсвэртэй нян, идээт халдвар үүсгэгч бичил биетэн гэж юу вэ?

-Ер нь халдварын тухай ярихаас өмнө, хүний биеийн дархлааны тогтолцоо, антибиотикийн талаар ерөнхий ойлголттой байх хэрэгтэй л дээ. Нян буюу бактери, вирус, паразит шимэгчид, мөөгөнцөр гээд хүний нүдэнд үл үзэгдэх жижигхэн амьд биетнүүд бидний эргэн тойронд хэдэн тэрбумаараа байдаг. Тэд бидний амьдралын нэг хэсэг болдог учраас тэднийг бүрэн устгах, мөн тэднээс зугтах ямар ч арга байхгүй. Эдгээрийн дотроос нян, вирусийн халдвар нь хоруу чанар ихтэй, амархан тархах(пандем), олон зуун, сая хүнийг өвчлүүлэх(тахал), үхэлд хүргэх чадалтай. Сонирхуулахад, 1918-1920 онд Испани ханиадаар 20-40 сая, ДОХ-оор 2019 оны байдлаар 33 сая, коронавирусийн халдвараар одоогийн байдлаар 3 сая гаруй хүн нас бараад байна.

Нян(бактери) дангаараа үржих чадвартай, хэмжээгээр том, эсийн бүтэцтэй тул амьд биетэн гэж үздэг. Харин вирус нянг бодвол днх, рнх гэсэн генийн материал агуулсан, гадуураа уурган бүрхүүлтэй өөрөө дангаараа үржих чадваргүй хүний эсийн дотор орж, тэр эсийг ашиглан үржиж олширдог бичил биетэн. Нян, вирусийн халдварлах зам, бараг адил, агаар дусал, хоол боловсруулах, хүрэлцэх замаар халдварладаг. Ашигтай бичил биетнүүд биднийг хамгаалах, витамины нийлэгжилт болон бодисын солилцоо, хоол боловсруулахад оролцож байдаг.

-Гэхдээ бичил биетэн бүхэн өвчин үүсгэдэггүй гэдэг?

-Тийм ээ, хэрэв арьс, салст, хүний биеийн хамгаалах систем бүрэн бүтэн байхад өвчин үүсгэгч бичил биетэн хүний биед нэвтэрч чадахгүй, нэвтэрсэн ч өвчин үүсгэж чадахгүй. Учир нь бүх эрхтэн, систем өөрийгөө гадны халдвараас хамгаалах хүчтэй дархлааны системтэй.

Хүний биеийг гадна талаас арьс, дотор талаас салст бүхэлдээ хучиж байдаг. Арьсыг хүн бүхэн мэднэ. Харин салст бүрхүүл гэдэг нь хамар залгиураас эхлэн улаан хоолой, ходоод, нарийн бүдүүн гэдэс, шулуун гэдэс хүртэл мөн шээсний сүв, үтрээ, умайн хүзүүг бүхэлд нь дотор талаас хамгаалан хучиж байдаг маш нимгэн, чийглэг хальс юм.

Арьс, салст хоёулаа гадны халдвараас хамгаалах тогтолцоотой, дээр нь олон мянган бичил биетэн байх боловч, арьс, салст бүтэн тохиолдолд дотогш эд эс рүү нэвтрэн орж чаддаггүй. Ямар нэг хэлбэрээр нэвтэрсэн тохиолдолд хүний биеийн хамгаалах тогтолцоо түүнийг таньж устгана.

-Биеийн дархлаагаа сайн байлгах нь аливаа өвчин үүсгэгч нянг устгах чадвартай гэж боддог. Зөв үү?

-Тэгж ойлгож болно. Дархлааны систем төрөлхийн болон олдмол гэсэн хоёр хэлбэр байна.Олдмол(adaptive) буюу өвөрмөц дархлааны систем урьд нь бие махбодод халдаж байсан бичил биетийг дор нь таньж дахин халдвал, зөвхөн тэр биетийг устгах чадвартай байдаг. Вакцин нь энэ зарчим дээр тулгуурлаж бүтээгддэг. Өөрөөр хэлбэл, хоруу чанарыг нь авсан бичил биетийг бүхэлд нь (спутник, синофарма) эсвэл тодорхой нэг генийн дараалал агуулсан хэсгийг (астра-зенека, пфайзер) бие махбодод тарьж халдвар авахаас өмнө түүний өвөрмөц дархлааны системийг идэвхжүүлдэг. Энэ тохиолдолд тухайн бичил биетнийг орж ирэхэд бий болсон санах ойтой дархлааны эсүүд нь түүнийг өвчин болгож хүндрүүлэхгүй маш хурдан устгана. Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан ч, хүндэрч үхэлд хүрэх нь, вакцин хийлгээгүй хүнээс маш цөөн байна гэдэг нь ийм учиртай. Харин төрөлхийн дархлаа(innate) эхээс бидэнд өвлөгдөн ирдэг. Бага насанд дархлаа тогтолцоо сайн хөгжөөгүй байдаг тул хүүхдүүд янз бүрийн халдварт өртөмтгий, өвчлөмтгий байдаг. Идэр насанд хамгийн сайн хөгжсөн байдаг тул барагтай л бол өвддөггүй, өтөл насанд дархлаа суларч мууддаг.

-Монголчууд өвдсөн үедээ шалтгааныг нь олохоосоо урьд тухайн өвчинд тохирох эсэхийг нь мэдэхгүй сургаар антибиотик уух нь түгээмэл байдаг. Нянгийн халдвараас үүдэлтэй идээт халдвар ихэсч байгаад антибиотикийн замбараагүй хэрэглээ нөлөөлж байгаа байх нь ээ?

-Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болоод юунд ч дийлдэхгүй тэсвэртэй нян үүссээр л байна. Хүний биеийн дархлаа устгаж чадахгүй нян биед орж өвчин үүсгэсэн тохиолдолд тэр нянгийн эсрэг антибиотик хэрэглэнэ. Бусад бичил биетний (вирус, мөөгөнцөр..) эсрэг антибиотик хэрэглээд ямар ч үр дүнгүй. Товчхондоо антибиотикийн үр дүнгүй, хэт хэрэглээнээс болоод түүнд тэсвэртэй нянгийн халдвар зөвхөн манайд биш, дэлхий нийтэд аюул учруулж байна. Мэс заслын эмч хүний хувьд ямар ч нөхцөлд хагалгааг үнэхээр төгс хийхийг бодож, хичээж ажилладаг. Гэвч дээрх халдвар илэрвэл бүх хийсэн зүйл маань үр дүнгүй болж төгсдөг. Ар гэр, нийгмээрээ эмч, эмнэлгийг л буруутгадаг, гэтэл шалтгаан нь нөгөө нянгийн халдвар байдаг. Бидэнтэй тохиолдож буй халдварын 50-60 хувьд дээрх нянгийн халдвар илэрч байна. Урьд нь хатиг, буглааг нээгээд л орхиход өөрөө эдгэрдэг байсан бол одоо дээр хэлсэнчлэн маш хүчтэй антибиотикууд хэрэглээд ч үр дүнгүй хүндрэлүүд гарч байна. Өөрөөр хэлбэл, тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн жижигхэн арьсны хатиг, буглаагаар амь насаа алдах эрсдэлтэй болоод байна.

Хүн төрөлхтөн бичил биетэнтэй олон аргаар тэмцэж байгаагийн нэг хэлбэр нь вакцин, нөгөө нь антибиотик, бусад нь халдвараас сэргийлэх аргууд юм. Дутуу болон хэт хэрэглээ хоёулаа антибиотикт тэсвэртэй нянг бий болгоно. Манайд бол бүр хэцүү, хөдөө орон нутаг, зарим дүүргийн эмнэлгүүдэд өвчин ямар нянгаар үүсгэгдэж байгаа, ямар антибиотикт мэдрэг эсэхийг мэдэх тоног төхөөрөмж, мэргэжлийн эмч дутагдалтай болохоор таамгаар өргөн хүрээний антибиотик зөвлөдөг. Дээр нь улирлын ханиад томууны үед эмч зөвлөсөн зөвлөөгүй өвчтөн, байшингийн орц бүрт байрлах эмийн сангуудаас антибиотикийг дур мэдэн авч хэрэглэнэ.

Антибиотикийг мал аж ахуйд шимэгчдийг устгах, халдвараас сэргийлэх, малыг таргалуулах зорилгоор замбараагүй хэрэглэнэ. Импортоор орж ирж буй тахиа, гахай мөн ижил. Өөрөөр хэлбэл, хэрэглэж буй хүнс тэжээлээрээ бид байнга антибиотик авч байна.

-Өвчин үүсгэгч бичил биетнүүдийн эсрэг анагаах ухаан ч хүчин мөхөстөж байх шиг санагдах боллоо. Эмч хүний хувьд та юу хэлэх вэ?

-Бичил биетний эсрэг хамгийн сайн антибиотикийг бүтээсэн ч, түүнд тэсвэртэй хэлбэр үүссээр байх болно. Вирус ч ялгаагүй олон хэлбэрт хувирч өөрчлөгдсөөр, олон сая хүний амь насыг авч одсоор байна. Монголд ямар тоо баримт байдгийг мэдэхгүй ч дэлхий нийтэд жилд 750.000 хүн үндсэн өвчнөөрөө биш, олон эмэнд тэсвэртэй нянгийн халдвараар нас барж байна. Энэ тоо 2050 он гэхэд 300 сая болно гэсэн Английн Засгийн газраас гаргасан судалгаа байдаг. Хүн төрөлхтний гаргаж авсан бүх антибиотик нянгийн эсрэг ямар ч хариу үзүүлж чадахгүй болж байна.

Шинэ антибиотикийг асар их зардлаар гаргасан ч жилийн дараа түүнд тэсвэртэй нян бий болж байгаа тул ихэнх том эмийн компаниуд шинэ антибиотик гаргаж авахаас илүү даралт бууруулах, сахарын эсрэг, өвдөлт намдаах, витамин зэрэг эмийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах болсон. Сүүлийн 20 жил шинээр нээсэн антибиотик дэлхий нийтэд байхгүй учир антибиотикийн дараах эрин ирлээ гэж дэлхий нийтээр анхааруулж байна. Учир нь аливаа амьд эд, эс гадны цочруулаас өөрийгөө хамгаалах, шинэ хэлбэрт шилжих, үржин олшрох чадвартай тул 1943 онд клиникт дөнгөж нэвтэрсэн пеницеллиний эсрэг 1945 онд тэсвэртэй нян, 1972 онд ванкомицин, 1985 онд имипеним антибиотикийг нээсэн боловч ердөө гуравхан жилийн дараа 1988 онд дээрх хоёр антибиотикт тэсвэртэй нян үүссэн байдаг. 2003 онд даптомицин гэдэг маш хүчтэй хамгийн сүүлийн үеийн антибиотик гарсан боловч 2004 онд үүнд тэсвэртэй нян бүртгэгдсэн.

1928 онд Александр Флеминг гэдэг нян судлаач залуу пеницеллин гэдэг нянгийн эсрэг антибиотикийг анх санамсаргүй нээж, 1943 онд олноор үйлдвэрлэн дэлхийн II дайны үеийн тэр аймшигт шархны халдвараас олон зуун сая хүний амийг аварч, гайхамшигийг бүтээсэн. Энэ үеэс эхлэн нянтай тэмцэх антибиотикийн эрин эхэлсэн. Үүнээс урьдах нянгийн халдвараар хүмүүс маш залуугаараа өнгөрч байсан үеийг антибиотикийн өмнөх эрин гэж нэрлэдэг. Нянгийн халдварыг цусан хордлого (blood poisoning) гэдэг байсан. Яг л хорт хавдарт эмчилгээ байхгүй нас барж байгаа шиг тэр үед нянгийн халдвараар хүмүүс ямар ч эмчилгээгүй нас барж байж.

-Ийм аюултай, ирээдүйд олон сая хүний амь насанд хүрч болох халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд шийдвэр гаргагчид, ард иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-XXI зуунд бид буу барьсан дайсантай бараг байлдахгүй байх. Харин бидний нүдэнд үл үзэгдэх, бидний эргэн тойронд орших жижиг биетүүдтэй техникийн дэвшил, бэлтгэгдсэн сайн мэргэжилтэн, анагаах ухааны ололт амжилтаар л тэмцэх болж байна. Иймд төр, засгаас нян, вирус судлаач нарыг бодлогоор дэмжиж гадаад, дотоодод сургах, судалгааны тоног төхөөрөмжөөр хангах, мөн энэ аюултай нянгийн хор нөлөөг хэвлэл мэдээллийн тусламжтай түмэнд маш сайн таниулах.

Уг нь ямар нэг өвчнийг үүсгэж байгаа арга зам, үүсгэгчийг мэдэж байвал эмчлэх боломж байдаг. Үүний нэг жишээ хорт хавдар. Одоог хүртэл хавдар хаанаас ямар замаар яаж үүсээд байгааг яг нарийн тодорхойлж чадаагүй байна. Анх коронагийн үүсгэгчийг, халдвар дамжиж байгаа замуудыг мэдэхгүй байхдаа улс орнууд олон хүнээ алдсан. Удалгүй үүсгэгч,халдвар дамжих зам, эмчлэх, хамгаалах (вакцин) аргуудыг олж нээсэн. ДОХ өвчний дамжих замыг олчихсон учир эмчилж чадахгүй ч сэргийлж болж байна.

Үүнтэй адил халдвар ямар нянгаар, ямар замаар үүсч байгааг бид дор нь олж тогтоож, түүнд мэдрэг антибиотикоор устгана. Гэтэл тухайн нян бүх антибиотикт тэсвэртэй. Өөрөөр хэлбэл, ямар ч хүчтэй антибиотик тухайн нянг устгаж чадахгүй байдал үүсээд байна. Тэгэхлээр тэсвэртэй нянгийн халдвараас сэргийлэх хамгийн чухал арга зам бол антибиотикийн замбараагүй хэрэглээг хязгаарлах. Антибиотикийг зөвхөн жороор олгож байх, хувь хүн антибиотикийг дураар авч хэрэглэхгүй байх. Эмчээс ямар антибиотик яах гэж өөрт чинь зөвлөж байгаа, хэд хоног,яаж уух зэргийг маш нарийн асууж яг эмчийн зааврын дагуу хэрэглэх.

Иргэд дархлааны тогтолцоогоо идэвхжүүлэх өөрөөр хэлбэл, архаг хууч өвчнөөс салах (сахар, зүрх судас, элэг бөөрний гэх мэт) дасгал хөдөлгөөн байнга хийж хэвших. Долоо хоногт 150-иас дээш минут дасгал хөдөлгөөн хийх нь ковидын халдвараас сэргийлж, өвчилсөн ч хөнгөн вакцин шиг үр нөлөөтэй байгаа тухай судалгаанууд батлагдан гарч байна. Үүнтэй адил ямар нэг архаг хууч өвчингүй, байнгын дасгал хөдөлгөөнтэй байвал хүний өөрийн дархлааны систем ямар ч халдвартай тэмцэх чадалтай гэж хэлмээр байна.

Д.ГҮНБИЛЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *