МоАХ байгуулагдсанаа зарлаж, одоогоос 27 жилийн өмнө буюу 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Ардчиллын төлөөх анхны жагсаал цуглаан болж, анхны улс төрийн шаардлага гаргаж байлаа. Үүнээс хойш энэ өдрийг Ардчилсан хувьсгалын ойн баяр болгон тэмдэглэх болсон. Энэ өдөр бол Ардчилал, хүний эрхийн өдөр, ардчиллынхны баяр, ард түмний баяр. Нэг нам дангаар төр барьсан тэр нийгэмд Монголын анхны сөрөг хүчин болж, 27 жилийн өмнөх тэр өдөр одоогийн АН-ын гэх нөхөд, өнөөх ардчилагчид, алтан хараацайнууд, анхны партизанууд, тэднийг дэмжигч олон цуглаан хийсэн юм. Дэлхийн Хүний эрхийн өдөртэй энэ өдөр бас давхацдаг нь зүгээр ч нэг тохиолдол биш. 2009 онд Ардчилсан хувьсгалын хорин жилийн ойгоор Засгийн газар тогтоол гаргаж энэ өдрийг “Ардчилал, хүний эрхийн өдөр” болгосон. Ардчилсан намынхан, ардчиллынхан харин энэ баяраа сая тэмдэглэсэнгүй. УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарын хэдхэн хүн С.Цогтсайхан агсны гэрэлт хөшөөнд цэцэг өргөсөн гэх бүдэг бадаг мэдээнээс өөр юм дуулдсангүй. Бас бөхийн барилдаан болсон юм байна.
Тэнд харин ардчиллын өнөөх хэдэн лидер харагдсангүй. Эрхбиш МоАХ-г тэргүүлдгээрээ Х.Баттулга л Баянхонгорын хэдтэйгээ, дээр нь партизанууд гэх хэдэн нөхөд очиж, арын өрөөнд нь жаахан сууж байгаад явж. Нүдэнд торсон хүн гэвэл С.Цогтсайхан агсны ах нь энгэртээ одон медаль тэмдгээ зүүчихсэн дээл хувцас болсон хүн их л догдолсон явна лээ. За ингээд л Ардчилсан хувьсгалын ой Ардчилсан намынхны хувьд дууссан гэхэд болно.
Ардчиллынхан патентаа алджээ. Ардын намынхан энэ баярыг тэмдэглэж, ардчиллынхны гавьяаг амьд сэрүүнд нь булаачихлаа. МАН-ын удирдлагууд тэр хооронд Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, залбираад “Тэртээ 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд ардчилсан орон болох, эрх чөлөөтэй орны иргэн болох түүхэн өдөр тохиосон. Энэ түүхэн үйл явдалд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Ж.Батмөнх. Энэ хүний гавьяаг үүрд дурсан санаж явах учиртай” гэлцэв. Хүний эрхийн өдрийн малгайн дор элдэв арга хэмжээ зохион байгуулж, Ардчилсан хувьсгалын баярыг Ардын намынхан тэмдэглэлээ. Тэд тун мэдрэмжтэй бас зальжин ажиллаж, нэгдүгээрт Ж.Батмөнх гэдэг хүнийг дөвийлгөж, хоёрдугаарт хүний эрх дээдэлдэг нам болж харагдан, гуравдугаарт Ардчиллыг өөрсдөдөө нааж чадаж байна.
Үнэн хэрэгтээ Ж.Батмөнх бол хүчирхийллээс татгалзсан хүн болохоос тухайн үеийн коммунизмын эрэг шураг л байсан юм. Энэ жижиг элементийг МАН Монголын ардчилагчийн байр суурин дээр тавьж, ач холбогдол өгчихлөө. Энэ байдлаараа дахиад таван жил явах юм бол Монголын түүхийг дахиад л гуйвуулах нь. Хэн нэгнийг үндэсний баатар болгохдоо тэд тун гаргуун шүү дээ. Хэдэн жилийн дараа Ж.Батмөнх ардчиллын суурийг тавьсан хүн, ардчиллын эцэг энээ тэрээ гэхэд гайхах зүйлгүй юм байна. Одоо ч бараг эхлэл нь тавигдчихлаа.
Ардчилсан хувьсгалын баярыг чухам яагаад тэмдэглэх ёстой вэ. Монгол Улс ардчилсан улс боллоо. Ардчилал бол Монголын салшгүй үнэт зүйл болсон гэдгийг сануулж тэмдэглэх ёстой юм. Тиймээс ч хэвлэл мэдээлэл, АН-ын лидерүүд, төр засгийн тэргүүнүүд өндөр ач холбогдол өгдөг байв. Гэтэл сая юун тэмдэглэх, юун ардчилал бидэнд ирснийг сануулах. Сая болсон баяраараа Ардчилсан намынхан ер нь хаана байв. “Ерөнхийлөгчид би, чи өрсөлдөнө, намын дарга би болно, чи болохгүй” гэж тэмцэлдэж байв. Сонгуульд ялагдаад юу ч үгүй үлдсэн болохоор ганц үлдсэн бялууны хэлтэрхий дээрээ шаваад, юун ардчилал, юун баяр. Үнэт зүйлээ тэд хэдийнэ хөсөр орхиж.
Угтаа энэ баяр зөвхөн АН-ынхан төдийгүй монголчуудын баяр. Ардчиллыг авчирсан гэх хүмүүс бол, ардчилал сэтэртэй хүмүүс бүр ч илүү ач холбогдол өгдөг байв. Баярын хурал хийж, баярын концерт гэж нүсэр юм болно. Бөх барилдуулж, партизанууддаа байр өгч, гишүүдээ урамшуулаад л. Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж нөхрөө санагалзан, улс даяараа юм болдог байв. Аймаг, дүүрэг, сумын намын хороод нь ч тэр хэрээрээ тэмдэглээд сүйд болдогсон.
Ардчилсан намд нэг юм цухалзаад урам хугалаад байдаг юм. Тэр нь энэ удаагийн баяр тэмдэглээгүй байдлаас нь бүр тод харагдлаа. Яг хувь лидерүүдэд өөрсдөд нь ашиггүй байвал АН-ынхан юу ч хийдэггүй. Ард түмэн яах бол, бусад маань яах бол гэж огтхон ч бодохгүй юм. Хувийн эрх ашгаас илүү том эрх ашиг байдгийг бүр мартаж. Баяр тэмдэглэх хэн нэгэнд нь ямар ч ашиггүй байсан болохоор тоохгүй хаячихлаа. Бараг л МоАХ гэдэг фракцын баяр, тэр фракц мундаг харагдчихна гэж бодоод байх шиг.
Ер нь тэгээд ардчиллынхан “Ардчиллыг бид хийсэн. Бид авчирсан” гэх нүүргүй болчихлоо доо. Нэр нүүрээ барж хоорондоо хэмлэлдсээр сүүлдээ ардчиллын мөн чанарын эсрэг болчихсон болохоор ямар нүүрээрээ ч “Бид ардчиллыг эхлүүлсэн” гэхэв дээ. Тэднийг ардчилагчид гэж харахад хэцүү болж. Бидний мэдэх өнөөх ардчилагчид танигдахгүй болжээ.
Зарим лидерүүд нь ардчиллыг яагаад авчирснаа, түүний төлөө яаж тэмцсэнээ мартаж. Ардчилал Монголд эхэлсэн, гэвч төгс ялаагүй. Ардчилсан нам ардчиллынхаа төлөө тууштай явахгүй, зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэхгүй байна. Ардчиллын баяр гэдэг нь ардчиллаа бэхжүүлэхэд ямар үнэ цэнэтэй ирснийг сануулдаг өдөр. Анх ардчиллыг Монголд авчрахдаа хоёр том цуглаан хийсэн. Түүнээс хойш ер нь юу хийв. Ардчиллын анхдагчид бүгд дарга болцгоов. Эрх ямбын амтанд ороод түүнийхээ төлөө л яваад эхэлсэн. Ардчилалд гэхдээ Монголын ард түмэн хайртай хэвээрээ шүү. Зүрх сэтгэлд нь үргэлж байдаг. Ардчилалд үнэнч сонин, ардчилалд талархдаг хувь хүмүүс зөндөө байгаа. “Өдрийн сонин” өнөөдрийг хүртэл ардчиллын бат цайз болсоор л байна. Ардчиллыг сануулж байх ёстой. Монголд ардчилал яаж ирснийг 90-ээд онд төрсөн хүүхдүүд бол шимийг хүртэж байгаа ч түүхийг нь, гавьяаг нь даанч мэдэхгүй. Үргэлж л ийм эрх чөлөөтэй байсан мэт л бодно. Тэд ядаж үүнийг мэддэг болох хэрэгтэй. Тиймийн тулд Ардчилал хүний эрхийн өдөр арванхоёрдугаар сарын 10-ныг тэмдэглэх ёстой юм.
Харин тэр үнэт ардчиллыг авчирсан хүмүүс нь өөрсдөө эв түнжингүй, хоорондоо талцаж суух зуур гавьяа нь өөр хүмүүсийнх болчихлоо. Ардчилсан намынхан ингэж л гавьяагаа амьд сэрүүндээ булаалгачихаад мэдсэн ч үгүй сууж байна. Одоо ингэж мэдсээр байж булаалгаж байгаа улс хожим хойно юу болохыг эрхбиш таамагламаар юм. Тэр анхны цуглаан дээр ”Хүнд суртал, тусгай хангамжийг үгүй хийе”, “Бид ард түмнийхээ сайн сайхны төлөө амь насаараа дэнчин тавьж байна” гэсэн лоозон бариад зогсч байснаа нэг санаач.
Та нарын дотоод хагарал, тэмцэл л өөрийн намаа дор оруулаад зогсохгүй ардчиллын үнэт зүйлийг үгүй хийж байна. Ер нь ямар ч юманд хамгаалах эзэн нь тоохгүй бол өөр эзэн мунддаггүй хойно. АН-ынхан минь, та нарын автортой байсан Монголын ардчилал хүнийх болж байгааг анзаарч нэг сэхээрээч.