УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны талаар Б.Гарамгайбаатар гишүүн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Тойргийн мандатыг хэвээр үлдээхийг АН дэмжиж байсан. Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь нам эвслийн бүлгүүд тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэж хуралддаг. Үүний дагуу УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаар хийсэн. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд оролцож Засгийн газар өнгөрсөн нэг сарын хугацаанд хэрэгжүүлсэн НӨАТ-ын буцаан олголт, тэтгэврийн сан, Ипотекийн зээл, мөнгөний бодлогын хүүг бууруулсан, шинэ бонд гаргах асуудал зэрэг ажлаа тайлагнасан” гэв.
Түүнчлэн “Тойргийн асуудлаар сөрөг хүчин оноо авах зорилгоор тайлбарлаад байх шиг байна. Үнэндээ бол СЕХ-ноос хоёр хувилбар орж ирсэн. Эхнийх нь сонгуулийн мандатыг 2012 оных хэвээр нь байлгах. Дараагийнх нь хотод тойрог нэмэх тогтоолын төсөл байсан. Энэ хоёр тогтоолын төслийг хоёулаа хүчинтэй гэж тайлбарласан. АН хоёр тогтоолын төсөл дээр аль алинд нь байр сууриа нэгтгэсэн байсан. Тэрнээс аль нэг байр суурийг нь бариад энэ дээр хатуу зогсоно гэж хэлээгүй” гэсэн юм.