Categories
мэдээ улс-төр

АН-д хариуцлагын шинэчлэл хийхээ мэдэгдэв

Ардчилсан намд дүрмийн, хариуцлагын, боловсон хүчний шинэчлэл хийхийг уриалсан “Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн” шинээр байгуулагдсан байна. Тус хөдөлгөөнийхөн өнөөдөр анхдугаар зөвлөгөөнөө хийж буй юм.

Анхдугаар зөвлөгөөнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн Ардчилсан намын хорооны болон ҮЗХ-ны гишүүд, дэмжигчид оролцож, нийгэм, эдийн засаг, улстөрийн талаар илтгэл тавьж хэлэлцэж байна.

Бид төрийн түшээ биш түгжээ болсон улстөрчдөөс салах цаг болсон. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нь бие биенээ үгүйсгэсэн мэдэгдлийг ээлж дараалан хийх боллоо. Монгол төрийн хар хайрцагны бодлого, тогтвортой байдал, залгамж чанар алдагдаж шинээр томилогдсон сайдууд өмнө сайдынхаа хийснийг үгүйсгэх байдал газар авлаа. АН-д хариуцлагын шинэчлэл зоригтой хийцгээе. Бидэнд үндсэн дүрмийн шинэчлэл, нээлттэй, ил тод байдал, тэгш боломж, хүний нөөцийн шинэчлэл хэрэгтэй байна гэж тэд мэдэгдлээ. Зөвлөгөөнөөс Ардчилсан намын нийт гишүүд дэмжигчдэд хандан уриалга гаргаж, намын удирдлагууддаа шаардлага хүргүүлэх аж.

Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөний зохицуулагч Р. Шинэгэрэлээс дараах асуултад хариулт авлаа.

-Намын нийт гишүүдэд хандан уриалга гаргана. Мөн хөдөлгөөн байгуулсны зорилго юу вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ардчилсан намд олон жил бугшсан асуудлуудыг задлах, бодлогын болон дүрмийн тодорхой шинэчлэл хийх цаг болсон. Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангаж, улс төрийн соёлоор бусаддаа үлгэрлэдэг, улс орноо тогтвортой хөгжлөөр манлайлж чадахуйц улстөрийн институт болж шинэчлэгдэхийг өнөөгийн нийгэм биднээс шаардаж байгаа. Тийм учраас Үндэсний зөвлөлдөх хорооны хурал, намын их хурлаа зарлаж, намын үндсэн дүрмээ яаралтай шинэчлэе. Хүний нөөцийн бодлого, намын санхүүжилтээ ил тод, нээлттэй, болгоё. Популизмыг биш судалгаатай, гарц шийдэлтэй, шинжлэх ухаанч, бүтээлч санаачлагуудыг дэмжиж, бодлогын шинэчлэл хийе. Бид Ардчилсан намыг улстөрийн мэргэшсэн институт болгон хөгжүүлэхийн тулд үндсэн дүрэмд эрс шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзэн бодлогын асуудлуудаар эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна.

-Ардчилсан намд бодлогын шинэчлэл үгүйлэгдэж байгаа гэдгийг та хэлсэн. Үүний тулд ҮЗХ-оо, Их хурлыг хуралдуулахыг хүсэж байна. Хэдэн сард Их хурал зарлахыг шаардаж байна вэ?

– Намынхаа удирдлагуудад Ардчилсан нам ээлжит бус их хурлыг ирэх зургадугаар сард зарлан хуралдуулаач гэсэн шаардлага хүргүүлнэ. Өнөөдөр Ардчилсан нам олон фракцад хуваагдсан. Байгуулсан Засгийн газраа өөрсдөө огцруулсан, 1996 оных шиг түүх давтагдсан гээд яривал их зүйл бий. Энэ нь улс орны эдийн засаг, нийгмийн бодлогын тасралтгүй залгамж халаанд асууудал үүсгэж байна. Ийм учраас Ардчилсан намын залуучууд үзэл бодлоороо нэгдэн энэ хөдөлгөөнийг байгуулсан.

-Хөдөлгөөнд хэнчээн залуус нэгдсэн бэ?

-Хөдөлгөөний идэвхитэй үйл ажиллагаанд 45 гишүүн оролцож байгаа, үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлж 109 залуу нэрээ ирүүлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *