Categories
мэдээ нийгэм

Ан амьтны төлбөр, хураамжийн хэмжээг баталсан Засгийн газрын тогтоол хуульд нийцсэнгүй

Ан амьтны төлбөр, хураамж зурган илэрцүүд2012 онд батлагдсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль /цаашид төлбөрийн хууль гэх/-ийн 17.1.5-д <<Гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар >>, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 21.1.34-т <<Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д заасан ан амьтныг агнах зөвшөөрлийн хураамжийг эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 20-30 хувиар>> тогтооно гэж тус тус заасан байна.

Дээр дурьдсан хуулиудад гадаадын анчдад агнуулах ангийн төлбөр урд нь мөрдөгдөж байгаад 2012 онд хүчингүй болсон Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд зааснаас 20 хувиар нэмэгдэж, харин хураамжийн хувь нь хэвээр үлдсэн билээ.

Гадаадын анчдад агнуулдаг ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн хууль гараад 5 жил өнгөрч байхад үе үеийн байгаль орчны сайд, яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын шинэ, хуучин дарга нар уг хуулийн заалтыг мэдэж байсан ч хэрэгжүүлэх талаар ямар ч арга хэмжээ авахгүйгээр төлбөрийн тооцоог 2012 онд хүчингүй болсон Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд зааснаар хуучнаар нь хийлгэж гадаадын анчдад ан амьтан агнуулах бизнес эрхэлдэг цөөн хэдэн компаниудын захирлуудад ая тал засч улсыг хохироосоор ирсэн байна. Ийнхүү гадаадын анчдад агнуулж буй Алтайн угалзын толгой тутмын төлбөрөөс 4000, говийн угалзаас 2000, Алтайн тэхээс 750, говийн тэхээс 660, бугаас 320, бор гөрөөснөөс 140, цагаан зээрээс 50, гахай, чононоос тус бүр 65 ам.долларын алдагдал хүлээсээр ирэх зун гэхэд 6 дахь жилийнхээ ангийн улиралтай золгох гэж байна. Харин энэ асуудлыг хариуцсан сайдууд сүүлийн 5 жилд гадаадын анчдад агнуулах ан амьтдын тоог жил бүр нэмснээр /2013 онд угалз 15, тэх 32, буга 10-ыг агнуулж байсан бол 2014 онд угалз 28, тэх 41, буга 15, 2015 онд угалз 50, тэх 60, буга 20, 2016 онд угалз 60, тэх 70, буга 30, 2017 онд угалз 68, тэх 75, буга 32, цагаан зээр 100 болж тус тус нэмэгдсэн/ улсад учирч буй хохирлын хэмжээг улам нэмэгдүүлж ирсэн байна.

Засгийн газрын 2013 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын 4.3, 4.4-т Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгалийн нөөц ашигласны орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад жил бүр санхүүгийн аудит, хяналт шинжилгээ, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үнэлгээ хийнэ гэж заасан боловч энэ заалт мөн л биелэгдэхгүй 6 дахь жилтэйгээ золгож байна. Хэрэв аудит, хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдэж байсан бол агнуурын нөөц ашигласны төлбөрийг Төлбөрийн хуулийн заалтад нийцүүлэн нэмэгдүүлчихсэн, Засгийн газар ч хуулийн заалт зөрчсөн 2016 оны 155 дугаар тогтоолыг гаргахгүй байх байсан юм.

Гадаадын анчдад ан агнуулсны төлбөрийг 2012 онд батлагдсан Төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д нийцүүлж хуулийн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг 2015, 2016 онд Сайд асан Н. Батцэрэг, Сайд Д. Оюунхорол нараас удаа дараа албан ёсоор шаардаж, Үндэсний шуудан, Зууны мэдээ зэрэг сонинд 3-4 удаа шүүмжлэл нийтлүүлж байсан ч Төлбөрийн тухай хууль гарснаас хойш Засгийн газрын нэг бүрэн эрхийн хугацаа өнгөрсний дараа 2016 оны 11 дүгээр сарын 27-нд Засгийн газрын 155 дугаар тогтоолыг гаргуулсан байна.

2012 онд батлагдсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 21.1.34-өөр Засгийн газрын 2011 оны 264-р тогтоолын 4 дүгээр хавсралт болон 2011 оны 65-р тогтоолын 2 дугаар заалтаар тус тус баталсан агнуурын амьтны хураамжийн хэмжээ /20-30 хувь/-г хэвээр үлдээн баталсан ч 2016 оны 155 дугаар тогтоолоор дур мэдэн өөрчилсөн нь бас нэг алдаа болсон байна.

Ийнхүү ангийн төлбөрийг Төлбөрийн тухай хуульд нийцүүлэх зорилгоор БОАЖЯ-аас Засгийн газарт тогтоолын төсөл оруулж 2016 оны 155 дугаар тогтоолоор батлуулан хуулийн заалт хэрэгжүүлсэн нэр хэмээсэн боловч уг тогтоол нь дээр дурдсан 2 хуулийн зарим зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Мөн тэрчлэн мордохын хазгай гэдэг шиг тогтоолынхоо нэрийг ч зөв оноож өгч чадсангүй. Энэ тогтоолын 1 дүгээр заалтаар тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих ан амьтны тоог баталсан бол 2 дугаар заалтаар нь гадаадын анчдад агнуулах ан амьтны жишиг үнэ, төлбөр хураамжийн хэмжээг баталжээ. Уг нь энэ тогтоолын нэрийг <<Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих агнуурын амьтны тоо, жишиг үнэ, төлбөр хураамжийн хэмжээг батлах тухай>> гэсэн бол утга, агуулгынхаа хувьд зөв, бүрэн болох ёстой байлаа. Мөн уг тогтоолын Засгийн газраас тогтоох нь гэсэн үндэслэл хэсэгт Амьтны тухай хуулийн 26.3-аас гадна Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 21.1.34 дэх хэсгийг тусгах зайлшгүй шаардлагатай байсан боловч энэ хоёр хуулийн хоёр заалтыг орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ. Үгүй гэхэд ядахнаа Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоол гарахаас өмнө мөрдөгдөж байсан 2001 оны 264, 2011 оны 65 дугаар тогтоолуудад дурдсан жишиг үнэ, төлбөр хураамжийн хэмжээг хүчингүй болгох заалтыг ч орхигдуулсан нь дэндүү бүдүүлэг алдаа юм. Энэ мэт алдаа дутагдлаа яамныхан маань редакцийн буюу техникийн, үг үсгийн алдаа гэж хамгаалж мэдэх юм. Харин одоо уг 155 дугаар тогтоол нь хуульд яагаад нийцээгүй, зөрчсөн болохыг өгүүлье.

Төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д төлбөрийг жишиг үнийн 80-90 хувь, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 21.1.34-т хураамжийг жишиг үнийн 20-30 хувь байхаар заасан байтал 155 дугаар тогтоолд төлбөрийг нь дөнгөж 55.6-71.4 хувиар нэмэгдүүлж, хураамжийн хэмжээний зарим нь хуульд зааснаас бага, зарим нь их байхаар тогтоосон нь ноцтой алдаа болсон байна.

Иймд юуны урьд Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг нэн даруй хүчингүй болгож хуулиудын заалтад үл нийцэх тогтоолын төслийг боловсруулж Засгийн газарт оруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж энэ талаар УИХ, Засгийн газар, БОАЖЯаманд 2 дугаар сарын 2-нд МБОИЗ болон Монголын Мэргэжлийн Анчдын Холбооноос албан ёсоор хандсан ч одоо болтол ямар нэгэн хариу ирээгүй байна.

2012 онд батлагдсан Төлбөрийн тухай хуульд агнуурын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ хуучин хуулиар 60-70 хувь байсныг 80-90 хувь болгон нэмэгдүүлэх талаар тусгагдсан болохоос биш эрх бүхий байгууллага /Засгийн газар/-аас тогтоосон жишиг үнийг нэмэгдүүлэх заалт уг хуульд огт тусгагдаагүй. Гэтэл БОАЖЯам маань дур мэдэн хууль тогтоомжийн ямар ч үндэслэлгүйгээр гадаадын анчдад агнуулах, бариулах ан амьтны жишиг үнийг хуучнаас нь даруй 20 хувиар нэмэгдүүлсэн нь буруу болжээ. Жишээ нь Алтайн угалзын жишиг үнэ 20000 байсныг 24000 ам.доллар болгосон байна.

Эдгээр байдлыг дүгнэж үзэхэд Төлбөрийн тухай хуулиар нэмэгдүүлэхээр заасан төлбөрийн хэмжээг хуульд зааснаас нь бууруулж, хуульд огт дурьдагдаагүй жишиг үнийг нь нэмэгдүүлж хууль зөрчсөн байна. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хураамжийн хэмжээг хуучнаар нь буюу жишиг үнийн 20-30 хувиар гэж тусгагдсан байхад Засгийн газрын 155 дугаар тогтоолоор үүнийг өөрчилж мөн л хууль зөрчсөн байна. Энэ бүх зөрчил нь БОАЖЯаманд урд нь ан амьтны буюу агнуур зүйн мэргэжилтэй 2 хүн байсныг 2016 оны сонгуулийн дараа хоёуланг нь яамнаас халж мэргэжлийн бус шинэ хүмүүст уг асуудлыг хариуцуулсантай холбоотой гэж үзэхээс өөр аргагүй.

Хэрэв Төлбөрийн хуулийг зөрчсөн 155 дугаар тогтоолыг хүчингүй болгохгүй бол орон нутагт гадаадын анчдад ан агнуулж буй сумын Засаг дарга, агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч, гадаадын анчдад зуучлагч компаниудын хооронд төлбөр, хураамжийн тооцоог Төлбөрийн тухай хуулиар, эсвэл 2001 оны 264, 2011 оны 65, 2016 оны 155 дугаар тогтоолуудын альныг нь баримтлан хийж байх талаар маргаан үүсч, магадгүй шүүхдэлцэхэд ч хүргэж болох сөрөг үр дагавартай гэдгийг анхаарвал зохино. Жишээ нь зөвхөн Алтайн угалзан дээр гэхэд төлбөр, хураамжийг нь Засаг дарга нь 155 дугаар тогтоолын жишиг үнээр буюу 28800 ам.доллараар, агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч хуулийн этгээд, гадаадын анчдад зуучлагч компани хоёр нь 21000 ам.доллараар тооцно гэж маргалдахад хүргэж болзошгүй. Хэрэв хуульд зааснаар төлбөл 22000 ам.доллар болох ёстой.

Монгол орны болон дэлхийд ховордсон ан амьтдаа гадаадынхнаар агнуулах, бариулахдаа төлбөр, хураамжийг нь дутуу төлүүлдэг нь БОАЖЯам, Сайд Д. Оюунхоролын хувьд гэм биш зан болсон гэхэд нэг их хилсдүүлэг болохгүй.

Гадаадын анчдаас гадна Төлбөрийн хуульд ан амьтныг аливаа зориулалтаар гадаадад гаргасан бол төлбөр, хураамжийг нь бүрэн төлүүлэхээр заачихсан байхад шонхор барьж авч гарахаар жил бүр ирдэг Арабын шонхорчидоор төлбөр, хураамжийг нь Засгийн газрын 2009 оны 112 дугаар тогтоолд зааснаас хэд дахин багаар төлүүлэх, эсвэл тэдэнд бэлэглэсэн гэсэн нэрээр ямар ч төлбөр хураамж төлүүлэхгүйгээр улсын хилээр авч гарах зөвшөөрөл, гэрчилгээг нь олгосоор ирсний уршгаар 2015, 2016 онд улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь нууц биш.

Нөгөө талаар дургүйд хүчгүй гэдэг шиг 2012 онд батлагдсан хуулийн заалтыг зориуд санаатайгаар хэрэгжүүлэхгүй явж ирсний харгайгаар мөн шонхорын төлбөр, хураамжаас улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан хариуцлаггүй албан тушаалтнуудаар Татварын ерөнхий хуулийн Татварын хөөн хэлэлцэх хугацаа гэсэн 14 дүгээр зүйлийн 14.1-д <<Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй>> гэж заасныг үндэслэн гэм буруутай албан тушаалтнуудаар улс /сумдын төсөвт/-ад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь шударга ёсонд нийцнэ.

Хууль тогтоомж зөрчсөн 155 дугаар тогтоолын төслийг боловсруулсан, хянасан, танилцсан, гарын үсэг зурсан БОАЖЯамны албан тушаалтнуудаас гадна уг тогтоолын төсөлд виз өгсөн ХЗДХЯам болон бусад яамд, ЗГХЭГазрын холбогдох нэгж, тэдгээрийн ажилтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаа нь одоо цагийн Мэргэжлийн гээд байгаа Засгийн газрын төрийн албан хаагчдын мэдлэг, чадвар, ажлын хариуцлага ямар болсныг харуулах нэг үзүүлэлт мөн гэдгийг дээр, дооргүй анхаарвал зохино.

Засгийн газрын 155 дугаар тогтоолын 1 дүгээр заалтад гадаадын анчдад 2017 онд 100 толгой цагаан зээр агнуулахаар тусгасан нь бас л гайхал төрүүлж байна. Учир юу вэ гэвэл гадаадын анчдад ан агнуулж ирсэн 50 гаруй жилийн түүхэнд 1 жилд буюу цагаан зээр агнуулах хуулийн хугацаа /9 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 1 хүртэл/-нд 100 зээр агнуулж байсан түүх байхгүй. Харин 1 жилд 2-3, хамгийн олондоо жилд 5-6-г агнуулж байсан удаатай. Яагаад гэвэл зөвхөн цагаан зээр агнах зорилгоор ирдэг гадаадын анчид гэж байдаггүй. Харин зорьж ирсэн ан /угалз, тэх, буга гэх мэт/-гаа богино хугацаанд амжилттай хийчихээд 2-3 хоногийн хугацаа үлдвэл цагаан зээр, бор гөрөөс, гахай мэтийн ан амьтныг агнах тохиолдол хааяа гарч байжээ. Харин шонхор барихаар ирдэг Арабын орнуудын шонхорчидын зарим нь ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн цагаан зээрийг хэд хэдээр нь бүр зарим тохиолдолд 5 аргаль, угалз, 1 хар сүүлт зээр, 100-аад ногтруу зэрэг амьтныг хулгайгаар агнаж байсан шинэхэн баримт бий. 2017 онд агнуулах 100 цагаан зээрийг шонхор барихаар ирэх Арабын зочин, төлөөлөгчдөд агнуулах зорилгоор Засгийн газрын 155 дугаар тогтоолд тусгасан байж болзошгүй гэх хардлага төрж байна.

Эцэст нь хууль зөрчсөн 155 дугаар тогтоолыг даруй хүчингүй болгож хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар болон БОАЖЯамнаас дахин хүсье.

МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН ХОЛБОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *