Categories
гадаад мэдээ

Америк цэргүүдийн үхэл ба Жо Байдены байр суурь DNN.mn

Газын зурваст дайн эхэлснээс хойш тус бүс нутагт анх удаа америк цэргүүд амь үрэгдэв. Иордан дахь АНУ-ын баазад дроноор цохилт өгсний улмаас гурван америк цэрэг амиа алдаж, олон арван цэрэг шархдсан нь тус бүс нутагт АНУ-ын зэвсэгт хүчин болон Ерөнхийлөгч Жо Байденыг хүнд байдалд оруулаад байна. Учир нь АНУ-ын Ардчилсан нам ялангуяа энэ намын гишүүн, дэмжигчид болох их, дээд сургуулийн багш, оюутнууд “АНУ-ыг түрэмгийлэгч улс” хэмээн үзэж аливаа дайн байлдаан хийхийг эрс эсэргүүцдэг юм. Иймээс өнөөдрийг хүртэл Жо Байдены засаг захиргаа дайныг өргөжүүлэхгүй хэмээн Москва, Тегераны эсрэг зоригтой арга хэмжээ авахгүй байсаар байна. Харин энэ бодлого нь Украин, Израиль, Тайваны тусламжийг хойшлуулан Кремлийн удирдлагыг давруулж, Украины цэрэг, энгийн иргэд, хот суурин устгагдаж байгаа учир эрүүлээр сэтгэдэг болгоны дургүйг хүргэж байгаа билээ. Мөн АНУ болон барууны улсуудын төрөл бүрийн зэвсгээс гадна эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнс, хувцас хэрэгсэл бүр гар чийдэн, хүрз гэх мэт дайны бараа үйлдвэрлэх жинхэнэ эзэд болох эдгээр үйлдвэрийн дийлэнх хувьцааг эзэмшигч “том”-чуудын дургүйг бүр ч илүүтэй хүргэж байгаа юм. Учир нь байлдааны бараа үйлдвэрлэснээр эдгээр“том”-чууд баяжиж, иргэдийн хувьд өндөр цалинтай олон сая ажлын байр шинээр бий болж, ажилгүйдэл эрс багасаж, улсын эдийн засаг сэргэх явдалд нь том саад учирч байгаа юм.

Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүд өнгөрсөн аравдугаар сарын дунд үеэс Ирак, Сири дэх АНУ-ын цэргийн объектуудад тасралтгүй цохилт өгч байна. Үүний үр дүнд Америкийн олон цэрэг шархдсан. Ирак, Сирийн Ираны талын зэвсэгт бүлэглэлд АНУ хоёрын хооронд хариу цохилт өгсөөр эцэст нь америк цэргүүд амиа алдав. Иймээс Цагаан ордон үүний хариу болгон шийдвэртэй арга хэмжээ авахаас өөр аргагүй. Учир нь ерөнхийлөгч Байденыг шүүмжлэгчид түүнийг Иранд хэтэрхий зөөлөн хандсан гэж дахин буруутгаж эхлэх болно. Байден ерөнхийлөгч АНУ-ын алс холын дайнд оролцох оролцоог “улаан шугам”-аар хааж, америкчуудыг хэт их зардалтай мөргөлдөөнд оруулахгүй байхыг хичээсээр ирсэн. Иймээс эртний дайсан Вашингтон ч, Тегеран ч хоёулаа шууд сөргөлдөөнөөс болгоомжтой зайлсхийсээр байгаа билээ. Ираны удирдлага ч дотоод улс төрийн дарамт шахалтыг үл харгалзан Исламын хувьсгалт гвардийн корпусын дээд командлагчдыг устгасны хариуд Америкийн объектуудад цохилт өгөхөөс татгалзаж зөвхөн Израилийг буруутгасаар байгаа билээ. Мөн Их Британи болон бусад орны дэмжлэгтэйгээр АНУ Йемений хутичуудын эсрэг хоёрын хооронд цэргийн кампанит ажиллагаа явуулж, энэ нь Улаан тэнгис дэх хамгийн чухал худалдааны замын аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Гэтэл цэргүүд нь амь үрэгдсэн учир ерөнхийлөгч Жо Байденд цаг үеэ дагаж Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд төдийгүй Тегеран бүр Москвагийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах шаардлага үүсээд байна.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *