Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдралд бид ямар их хайртай юм бэ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС: ДОЛООН ЖИЛИЙН ӨМНӨХ “АМЬДРАЛД БИД ЯМАР ИХ ХАЙРТАЙ ЮМБЭ” ХЭМЭЭХ ЖИЖИГ БИЧВЭРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Сансар огторгуйд өөрийгөө оршуулах хүсэлтэй хүмүүсийн дараалал дийлдэхээ больсон гэнэ. Америкийн нэгэн компани 1997 оноос хойш ийм үйлдэл хийж эхэлсэн бөгөөд одоог хүртэл 14 орны хэдэн мянган хүнийг сансарт оршуулжээ. Энэ нь нас барсан хүний чандарыг маш жижиг саванд хийгээд сансар руу илгээдэг ёслол маягийн үйл юм байна. Яагаад хүмүүс ийм хүсэлт гаргадаг юм бол гэж уншигч та бодож байна уу. Энэ нь ямар нэгэн чамирхал, мөнгөө барж ядсан хүний зан биш ердөө л дахин амьдрах боломжийг хайсан эцсийн горьдлого юм байна. Учир нь “хэзээ нэгэн цагт соёл иргэншил тэрхүүчандарыг олж аваад өөрийг нь дахин төрүүлж магадгүй” хэмээх сүүмэлзэх төдий найдлагад тэд эцсийн хүслээ даатгадаг ажээ.

Мөн өөрийн эд эсийн нэгээхэн хэсгийг хэдэн зуун жилээр хадгалах гэрээ хийгээд ертөнцөөс буцдаг зэрэг нь дахин амьдрах боломж гарвал алдахгүй юм шүү гэсэн найдлагаас өөр юу ч биш билээ.

Амьдрах нас хязгаартайг бид бүгд мэднэ. Тэгэвч хэн ч энэ амьдралаас буцахыг хүсдэггүй. Байгаад л баймаар, амьдран суумаар дэлхий шүү дээ. Өглөө бүр нар мандахыг харах, өвлийн шуурга исгэрэх, хаврын шувууд зэл татан ирэх, навчис өшгичин алхах, үр хүүхдээ өсгөх, найз нөхөдтэйгээ уулзах нь ямар их үнэ цэнэтэйг буцаж байгаа нэгэн маань дэндүү их мэдэрдэг биз ээ. Нээрээ ч яг өнөөдөр үүнийг бичиж байгаа маань ч, та уншиж байгаа нь ч давтагдашгүй юм. Давтагдашгүй он цагийг дэмий өнгөрүүлэхгүй байх нь л өнөөдрийн бидний хийж чадах хамгийн том зүйл юм байна. Өнөөдөр бол маргааш ирэхгүй цаг хугацаа. Өнөөдөр юу амжуулах ёстой вэ, түүнийгээ хойш нь тавилгүй хийгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *