Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдрал гэдэг хөдөлмөрлөхийн нэр болохоос марзганаж нэрд гарах зүйл огтхон ч биш

Монголын нууц товчоо”-г зуун метр урт эсгийн дээр зээг оёдлоор хатгаж, ширж Гиннесийн номд бүртгүүлэхээр ажиллаж эхэлсэн гэж шуугиж байна. Чингисийн үеийн монголчуудын амьдрал, ахуй, соёлыг үндэсний хээ угалзыг хослуулж байгаад ширэх юм билээ. Эсгий ширмэл аравчны өндөр нь 1.8 метр, урт нь 100 метр гэж дуулдсан. “Монголын нууц товчоо”-г түүхэн эх сурвалж, утга зохиолын үнэтэй дурсгал гэдэг утгаар нь хорин метр өргөн, хоёр зуун метр урт эсгийн дээр ширэхэд ч болохгүй юмгүй. Дэлхийн уран зохиолын алтан санд зүй ёсоор багтдаг “Монголын нууц товчоо”-гоо, монголчуудын ахуй соёлыг эсгийн дээр ширж үлдээнэ гэдэг байж болох л санаа. Ийм санаачилга гаргаад зүтгэж яваа залуусыг шүүмжлээд байх юм алга. Гэхдээ хандлага талаас нь хэлэхээс аргагүй хэдэн үг байна.

Сүүлийн үед нэг хандлага их тод анзаарагдах боллоо. Тодруулж хэлбэл хөдөлмөрлөж зүтгэж, баялаг бүтээхээс бусдыг хийх хандлага. Зүй нь зураг ширж байгаа эсгийний хэмжээний газарт нарийн ногоо таривал өөр. Жинхэнэ амьдрал эндээс л эхэлнэ. Ургуулж, тордож, баялаг бүтээх л амьдрал мөн чанар. Хөдөлмөрлөхөөс зугтсан хөнгөн хандлагын жишээг холоос хайх шаардлагагүй. Бидний амьдралаар дүүрэн байна. Наад зах нь амтай бүхэн Гиннест бүртгүүлнэ гэж ярьдаг болчихсон. Хаана ч байхгүй аварга морин хуур, дэлхийгээс хайгаад олохгүй томоос том монгол гутал хийлээ гэж хэсэг шуугисан. Хамгийн олон хүн барилдсан барилдаан гэсэн утга ядмаг хэдэн үгийг Гиннесийн номд бичүүлэх гэж өчнөөн хүнд зодог шуудаг өмсүүлж байгаад барилдуулж манаргасан ойрхны жишээ бий. Хэчнээн ч бөх стадионд дэвлээ, санах юм алга. Ямартай ч хийж бүтээж хөдөлмөрлөсөн бахдам жишээ биш.

Мянган тэмээ уралдуулсан нь ч хатуухан хэлэхэд марзан, хөнгөн явдал төдий. Монгол морио олноор нь цуглуулж, хуйгаар нь уралдуулж гиннесдсэн жишээ байна. Ер нь Гиннес гэдэг хүсч тэмүүлээд байхаар гэрэлт ирээдүй мөн үү гэсэн асуултыг өөрсдөдөө тавиад үзэхэд гэмгүй. Ажаад байх нь ээ гаж гэмээр өчнөөн зүйлийг бүртгэсэн харагддаг. Гиннесийн тухайд сонирхсон хүмүүс нь бүртгүүлж л байг, огт ингэж болохгүй гэж хэлэх нь угаасаа утгагүй л дээ. Гэхдээ хүн бүр ямар нэг зүйлээрээ бүртгүүлэх гэж хошуураад байхаар эд биш гэдгийг нь гаж сонин бүртгэлүүд нь гэрчилдэг. За тэгээд бараг телевиз бүхэн хэн сайн дуулах вэ гэдэг шоутай. Орой зурагтаа асаахаар нэг л их дуулж, хуурдсан хүмүүс дэлгэц эзэгнэцгээнэ. Үзэгч ихтэй гэх нэвтрүүлгүүдийг анзаарахаар дийлэнх нь хөнгөн зугаа төдий агуулгатай. Зүй нь ийм хөнгөн хийсвэр хандлагад бултаараа шүүмжлэлтэй хандмаар байгаа юм.

Хөдөлмөрөөс зугтсан, зугаа цэнгээн давамгайлсан зүйл рүү хошуурсан хандлага нийгэмд давамгайлах сайн зүйл огтоосоо биш. Амьдрал бол ерөөсөө л хөдөлмөр. Хөлсөө дуслуулж зүтгэж бүтээхийн нэр. Хийсэн зүйлдээ сэтгэл ханаж, үр шимийг нь хүртэж суух л жинхэнэ амьдрал. Амьдрал гэдэг ажиллаж хөдөлмөрлөхийн нэр болохоос марзганаж байгаад нэрд гарах зүйл ерөөсөө биш. Хэдэн үеэрээ, өчнөөн зуун жилийн турш ажиллаж хөдөлмөрлөж байж бид өдий зэрэгт хүрсэн. Дуулж хуурдаад явсан бол ямар дорой байхыг төсөөлөх ч юм биш. Дахин хэлэхэд Гиннестээ биш амьдралд хандах хандлага маань буруу болчихож.

Тэр дундаа дөнгөж гурван сая иргэнтэй, цөөхөн хүн амтай Монгол шиг улсад зугаа цэнгэл хөөж, хөдөлмөрөөс зугтах хандлага асар хортой. Хөгжингүй улсын түүхийг сөхөөд харахаар баялаг бүтээснийхээ хэрээр өндийсөн байдаг. Хүчирхэг улсын иргэд манайхан шиг улстөрчдөө А-гаас Я хүртэл нь таньж, дуулж бүжиглэсэн оддоо дагаж хошуурдаггүй. Тийм нийгэмд баялаг бүтээгчдээ хүндэтгэсан хандлага давамгайлдаг. Баялаг бүтээгчдээ үлгэр дуурайлаа болгож урагшилдаг. Юм л бол “муусайн баячууд” гэж бидний адлах дуртай бизнесүүд тэнд “од” болдог. АНУ яагаад хүчирхэгжсэн бэ гэсэн асуултад хариу хайхаар ерөөсөө үйлдвэржилт л байдаг. Америкийн компаниуд компьютер, анагаах ухаан, сансар судлал, батлан хамгаалах зэрэг салбарын тоног төхөөрөмж боловсруулалтаараа дэлхийд алдартай. Эдийн засгаараа АНУ, Хятадын дараа жагсдаг Япон байна. Мэйжигийн үеэс үйлдвэржсэний хүчинд өдгөө Азийн хамгийн хүчирхэг улс болж чадсан. Автомашин, цахилгаан бараа, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд гэж яригдах улс. Бүтээдэг нь хөгждөгийн жишээг энэ мэтчилэн дурдвал барагдахгүй урт жагсаалт гарна.

“МСS”, “МАК” шиг компаниудаа “муусайн баячууд” гэж адлалгүйгээр бүтээдгээ дэмжиж, баялаг бүтээхийн төлөө дор бүрнээ хичээхэд улсаараа өндийгөөд л ирнэ. Япон гэхэд л манайх шиг байгалийн баялгаар арвин улс биш. Байгалийн баялаггүй хэрнээ хүн бүр нь эрвийх дэрвийхээрээ хөдөлж хөдөлмөрлөсний хүчинд дэлхийн супер үйлдвэрлэгч улс болж чадсан. Хөгжих нэг л арга бий. Хандлагаа өөрчлөхөд л болох асуудал. Дахин хэлэхэд хөнгөн зугаа шүтсэн хандлагаасаа нийгмээрээ татгалзаж, хөдөлмөрийг шүтэж чадвал аяндаа хөгжөөд ирнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Амьдрал гэдэг хөдөлмөрлөхийн нэр болохоос марзганаж нэрд гарах зүйл огтхон ч биш” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Өнөөдрийн дугаарыг тоймлон хүргэе.

Өчигдөр Г.Түвшинжаргал нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болсон юм. УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтанг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Тэднийг улсаас таван тэрбум төгрөг шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчилсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд болов. Шүүх Г.Түвшинжаргалын саатуулагдах хугацааг 14 хоногоор сунгасан юм. Энэ талаарх сурвалжлагыг нэг, долдугаар нүүрээс уншаарай.

Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт “Амьдрал гэдэг хөдөлмөрлөхийн нэр болохоос марзганаж нэрд гарах зүйл огтхон ч биш” нийтлэл гарлаа. Нийтлэлийг гуравдугаар нүүрээс бүрэн эхээр нь уншаарай.

Бямба гариг бүр хүргэдэг “Нэг ангийнхан” буланд математиктаа гаргууд нэгэн ангийнхан оролцлоо. Энэ ангиас таван хос төрсөн байна. Математикчдын ангийнхны тухай нэг, зургадугаар нүүрээс уншаарай.

Харин “Уран бүтээлч” булангаас хайрын чамгүй олон дуутай Г.Чинболорын ярилцлагыг унших боломжтой. Эдгээрээс гадна “Хэлэх эрхийн индэр”, “Дэлхийн хүмүүс”, “Өдрийн зочин”, “Өд бэх”, “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд”, “Амрах агшин” зэрэг тогтмол булангууд гарлаа.

Эрхэм уншигч та, манай сониныг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаар захиалж унших боломжтой. Мөн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж захиалга өгч болох ба 9911-2954, 99190570, 8811-1375 дугаарт холбогдон захиалаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *