Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Америкт малыг эрүүл эсэхийг ээмэг хэлбэрийн чипээр хянадаг

Монголын мал аж ахуйн салбарт тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох эрчимт тэжээлийн аж ахуйд суурилсан мал аж ахуй, махны экспортын эрүүл бүс байгуулах чиглэлээр “Мал аж ахуйн технологийн шинэчлэл, IoT Монгол-2018” сэдэвт олон улсын бага хурал болов. Блуй скай зочид буудалд ХХААХҮЯ-ны оролцоотой Америк-Монголын хамтарсан Жарвис Монгол, Хятадын Хуавей, Монголын Аригү Грүо компаниуд хамтран зохион байгуулж, дотоод гадаадын ХАА-н болон бизнесийн салбарынхан хуралдав.

“Эрчимт тэжээлийн аж ахуйд суурилсан малын эрүүл бүс байгуулах” сэдвээр Жарвис Монгол компанийн ерөнхий менежер Э.Ууганбаяр илтгэл тавилаа. Тус илтгэлд “Монгол малчид тоонд анхаараад чанарыг хайхрахаа больжээ. Монголчууд 300-450 мянган тонн махыг жилдээ хэрэглэдэг. Махныхаа 12.7 хувийг л үйлдвэрийн аргаар нядалдаг. Мөн мал төхөөрөх 48 үйлдвэр, дулааны аргаар боловсруулах 60 гаруй үйлдвэр байна. Эдгээр нь хүчин чадлынхаа 2-10 хувийг л ашигладаг. Мал бэлтгэл, эрүүл ахуйн доголдолтой. Махны чиглэлийн таваарлаг мал Монголд цөөхөн. Мал бэлтгэн хангах суваг манайд хөгжөөгүй. Нэг газар өвчин гарахад уг бүс нутаг тэр чигээрээ өвчний голомт болдог. Энэ нь бидний экспортын чадамжийг маш ихээр боож байгаа. Тиймээс таван бүст ангилан малаа эрүүл өсгөж үржүүлэх төсөл боловсруулсан. Үүнд: Эрүүл бүс буюу мал бордох, махны үйлдвэрийн, тэжээл боловсруулах, бэлчээрийн, сургалт болон оффисийн бүс гэж ангилсан. Махны үйлдвэрийн хөгжил нь үйлдвэр баригдаад зогсох асуудал биш. Үйлдвэрээ бариад мал бэлтгэлийн системтэйгээ хамтран явах шаардлагатай. Үүнд мал бордох систем их чухал. Сүүлийн үеийн шинэчилсэн техник болох чип суулгах арга нь малыг хаана явааг мэдэгдэх бүрэн боломжтой. Мөн биеийн дулааныг байнга хянадаг. Хэрэв мал ямар нэгэн халдварт өвчин тусвал чип нь биеийн дулааныг хянах учир урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа. Энэ нь өвчнийг тархахаас өмнө арга хэмжээ авах, сэргийлэх боломжийг нээж өгч байгаа хэрэг” гэсэн юм.

Харилцан туршлага солилцох зорилгоор АНУ-аас уригдан ирсэн ковбое Марк Арчибалд ярихдаа “Би малаа Казакстан Орос руу экспортлодог. Малаа хаана бэлчиж байгаа, эрүүл эсэхийг чипээр хянаж мэддэг. Энэ програм нь энгийн ээмэг маягаар хийгдсэн. Давуу тал нь хариулж байхдаа ээмгийг хараад таних бүрэн боломжтой. Програмын тусламжтай тэжээлийн холимогийг бас гарган авч болдог. Бидний зохион бүтээсэн төхөөрөмж малын аюулгүй байдлыг хангасан, гэмтээхгүй, стресдүүлэхгүй аргыг хэрэгжүүлсэн. Хүн хэрэглэхэд ч хялбар, аюулгүй. Манай фермер дороосоо халдаг системтэй. Бидэнд эрүүл бүс, мал бордох бүсчлэлийн схемийг гаргаж өгдөг сервис үйлчилгээ байдаг. Өдөр бүр малдаа цэвэр ус өгдөг. Малын усны савыг байнга угаадаг. Нэг л өдөр усны савыг цэвэрлээгүй байвал жингийн нэмэгдэл 12 хувиар буурдаг. Энэ сав нь цахилгаанаар халдаг. Өвөл хөлдөхгүй технологиор шийдсэн” гэв. Тэрээр малдаа хэрэглэдэг техник технологиудыг нэгбүрчлэн зураг дээр тайлбарласан юм.

Мал залуу байх тусам маханд байх ашиг шим нь их байдаг. Хүний биед хэрэгтэй уураг, амин дэм нь их. Хүнсний хэрэгцээнд тохирохуйц зөөлөн, шим тэжээлтэй байх үед нь хэрэглэх нь зөв гэнэ. Бэлчээрийн малын мах нь хордлого тайлах үйлчилгээтэй. Биед хэрэгтэй ашиг шимийг хүртэхийн тулд малын эрүүл бүсийг тогтоож эрүүл өсгөх нь хамгийн чухал асуудал болоод байна хэмээн зөвөлгөөний үеэр яригдаж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *