Онлайн худалдааны аварга компани Амазон ирэх оноос АНУ-ын зах зээлд шинэ автомашин зарж эхлэх болсныг өчигдөр Лос-Анжелесын Авто Шоуны тайзан дээрээс зарлажээ.
Тус компани эхний ээлжид Өмнөд Солонгосын Hyundai компанийн бүтээгдэхүүнүүдийг интернэтээр борлуулах юм байна.
Худалдан авагчид Amazon-ы вэб сайтаар ямар загвар, ямар тоноглолтой автомашин авахаа сонгож, захиалах ба дараа нь өөрт ойр гэрээт борлуулагчийн салоноос очиж авах эсвэл гэртээ хүргүүлж болох гэнэ.
Лизингийн сонголтууд бас вэб сайтад байх ажээ.
“Hyundai бол үйлчлүүлэгчийнхээ амьдралыг өдөр бүр илүү сайхан, амар хялбар болгохыг эрмэлздэгээрээ Амазонтой адил шинэлэг компани юм” гэж Амазоны гүйцэтгэх захирал Энди Жэсси хамтын ажиллагааг зарлахдаа хэлсэн байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Hyundai компани Амазоны Alexa ухаалаг яригчийг 2025 оноос эхлэн автомашинууддаа нэвтрүүлэхээр болжээ.
Гэхдээ Амазон, Hyundai компаниудын хамтын ажиллагаа дундын этгээд буюу гэрээт борлуулагчдаар дамжихаар харагдаж байна.
Сүүлийн үед Тесла, Форд зэрэг автомашин үйлдвэрлэгчид ийм дамжлагыг алгасаж, худалдан авагчдаа шууд хүрдэг болж эхэлсэн.
Амазоны мэдэгдлийн дараа АНУ-ын хуучин автомашин онлайнаар борлуулдаг компаниудын хувьцааны үнэ унасан байна. Тухайлбал CarMax, Carvana зэрэг компаниудын хувьцааны ханш тус тус таваас дээш хувиар унажээ.
Эх сурвалж: AFP