Categories
мэдээ цаг-үе

Амар амгалангийн буйд Аглаг бүтээлийн хийд

Амралтын өдрөөр гэр бүлээрээ салхинд гарч, байгалийн үзэмж тансаг буйд газарт очих хүсэлтэй хүмүүс бурханч лам Г.Пүрэвбатын их бүтээн байгуулалт хийж буй Аглаг бүтээлийн сүмийг зорих нь ихэсчээ. Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн нутаг Далийн ам байгалийн гоо үзэсгэлэнгийн хувьд үнэхээр тансаг газар юм. Наран тийшээ харсан аманд сүрлэг хадат уулс, битүү нарсан ой мод байх. Өвөлдөө нэвсийтэл цас дарчихдаг болохоор буга, гөрөөс, туулай хэрэм тэргүүтэй амьтад уулнаас буугаад ирдэг юм байна. Мөнх ногоон модны мөчир цасаа дааж ядан бөхөлзөж, жавартай салхи сэрчигнэхээс өөр аниргүй, нам гүм буйд газар болдог гэнэ. Харин зундаа уулсын суга, жалга судагнаас тув тунгалаг, шүд магнай хага ташим хүйтэн булгууд ундарч, хоржигнон урсаад нэлэнхүйдээ далийн ягаан цэцэг ургачихдаг байна. Бороо орвол битүү манан уулын хормой руугаа буудаг аж. Гарьд уулын бэлд орших сүмээс доош хацар ирвэгнүүлсэн зөөлөн бүгээн манан буугаад энэ ертөнцөөс тасарчихсан юм шиг л мэдрэмж төрдөг байна. Ийм л байгалийн тансаг яруу, үзэмж төгөлдөр газарт бурханч лам Г.Пүрэвбат болон уран бүтээлчид Аглаг бүтээлийн сүмийг барьж, бурхан номын цогцолбор газар бий болгохоор ажиллаж байна. Мөн тус хийдийг үзэхээр ирсэн амрагчдын цуваа үл тасрах ажээ.

Монголд шарын шашин дэлгэрээд олон зуун жилийн нүүр үзэж байгаа. Энэ хугацаанд сүсэгтэн олны өргөл барьцаар энд тэндгүй сүм хийд барьж, бурхан шүтээн залсан. Гэвч өнөөг хүртэл Аглаг бүтээлийн сүм шиг байгалийн өвөрмөц зүй тогтоцыг ашиглан цогцолбор барьсан түүх байхгүй. Их бүтээн байгуулалт хийгдэж байгаа Аглаг бүтээлийн сүм дээр өнжлөө.

Өглөө эртлэн нийслэл хотоос хөдөлсөн бид цаг гаруйхан давхиад Аглаг бүтээлийн хийд дээр очлоо. Аялал жуулчлалын компаниудын автобус хэдийнэ ирчихсэн байв. Албан байгууллага, анги хамт олон амралтын өдрөөр хийдийг зорьсон аялал зугаалга зохион байгуулдаг байна. Нэг хүн 26 мянган төгрөг төлөөд Аглаг бүтээлийн сүм, цогцолборыг үздэг гэнэ. Барагцаалбал гурван автобусанд 200 орчим хүн иржээ. Мөн “Талх Чихэр” компанийн ажилтнууд ирээд буцаж байв. Сүмийн үүдэнд машин битүү тавьчихжээ. Ирсэн хүн болгон 5000, хүүхэд мянган төгрөгийн тасалбар худалдаж аваад дээш явах аж. Бид сүмийн хашаа руу нэвтэрч дээш алхав. Тусгайлан зассан явган хүний замаар дээш явсаар Бурханч лам Г.Пүрэвбатын байгаа лаврин руу орлоо. Хотод хэд хоног ажилтай явж байгаад ирсэн гэнэ. Түүнтэй мэнд мэдэлцээд өнжих гэж байгаа тухайгаа хэлэв. Тэрбээр “Ойрын хэдэн жил бүтээн байгуулалтын ажил гэж эндээ суурьшиж, бясалгал хийж, уран бүтээлээ хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч харах завгүй болсон” талаараа ярив. Тэрбээр “Та хэд нэгэнт л энд ирчихсэн юм чинь бурхан шүтээнд очиж мөргөл үйлдээд ир. Ах нь цайгаа уучихаад хүлээж байя. Тэгээд хамт эргэлийн мөрөөр гороо хийе” гэлээ.

Бид ч түүний хэлснээр хийд рүү орж бурхан тахилд мөргөхөөр гарлаа. Хийдийн үүдэнд хүмүүс дугаарлаад зогсчихсон байв. Хийдийн ажилтнуудтай уулзаж дараалал дайрч, “арын хаалга”-даж байж хийд рүү орлоо. Энхжингийн орны байгуулалт бүхий олон бурханыг энд хийж бүтээжээ.Цаглашгүй гэрэлт бурхан Энхжингийн орны найман бодь сэтгэлтэн хөвүүн асрагч охин тэнгэрийн шүтээн, цутгамал бурхан сүмд зочилсон хүн бүрийн мэлмийг гийгүүлэн оршиж угтана.

ДУХАНДАА ЭВЭРТЭЙ АДУУ, ГАНЦ ЭВЭРТЭЙ ЯНГИР ЗЭРЭГ ХОВОР ҮЗМЭР

Хийдийн гол шүтээн болох нэгэн суварга байна. Тусгайлан хийсэн болов уу гэмээр суварга дээр жижигхэн үнсэн саарал өнгөтэй хонины хоргол шиг бөөрөнхий зүйлс байх. Энэ нь гэгээн язгуурын шүтээнт Цогт үр цогцолсон суврага гэнэ. 77 гэгээн язгуурыг олж гэгээрсэн хутагт хувилгаадын цогт үр буюу ринсэлийг суваргад байрлуулсан нь энэ аж. Цогт үр гэдэг нь гэгээрсэн хутагт хувилгаадыг бие барах үед нь чандарлаж шатаах үед нэгэн зүйл огт шатахгүй үлддэг байна. Үүнийг нь цогт үр гэдэг аж. Хутагт хувилгаадын цогт үр нь буддын шашиндаа маш ховорт тооцогддог гэнэ. “Эрдэм чадалтай лам нар цогт үрийн хажууд ном уншихад бүгд хөдөлгөөнд ордог юм байна лээ” гэж сүмийн тайлбарлагч эмэгтэй онцолж байна лээ. Хийдийн суурийг тавихаас хоёр хоногийг өмнө бурханч лам Г.Пүрэвбат нэгэн бул хар чулуу зүүдэлсэн гэнэ. Зүүдэнд нь тэр чулууг тойруулаад хадаг яндар уячихсан сүсэгтэн олон мөргөж залбирч байгаагаар харагдсан гэнэ. Тэгээд л хийдийн суурийг ухаж байтал зүүдэнд нь үзэгдсэн том бул чулуу гараад ирсэн байна. 20 гаруй тонн жинтэй тэр чулууг “Энэ чулууг хөдөлгөж болохгүй юм байна. Бэлгэдэл талаасаа үзсэн ч энэ цогцолбор маань он удаа жил байх утга учрыг энэ чулуу агуулж байж магадгүй” гээд чулуугаа авалгүй хийдээ барьжээ.

Мөн Г.Пүрэвбат ламын олон жилийн турш зурсан гурван ч зургийг хийдийн хананд байрлуулжээ. Багш нарынхаа болон Богдын зургийг маш нарийн аргаар зурсан байна. Монгол гутлын хээ, ширээ сандал, хувцас гээд бүх зүйлсийн хээг нарийн гаргаж өгсөн байна. Их тэвчээр гаргаж зурсан нь илт харагдах юм. Ингээд хийдийн хоёр давхарт гарав. Тус хийдийнхэн маш ховор зүйлсийг дэлгэн тавьжээ. Метр гаруй урттай тул загасаас эхлээд матрын арьс, могойн арьс, таван эвэртэй хар халзан хонины толгой, нэхий, ганц эвэртэй морины алтадсан толгой, эвэртэй туулай, нэг эвэртэй янгир, дөрвөн эвэртэй нас бие гүйцсэн үхрийн толгой, цэцгэн эвэрт бор гөрөөс, давхар эвэртэй гөрөөсний толгой, таван биетэй нэг сүүлтэй загас, хоёр толгойтой яст мэлхий, цагаан өнгөтэй тарвага гээд хосгүй үнэт үзмэр угтлаа. Эдгээр ховор үзмэрүүдийг олон жилийн турш эрэл хайгуул болж байж олж авсан гэнэ. Монголд толгойдоо нэг эвэртэй янгир, данайсан том дөрвөн эвэртэй, нас бие гүйцсэн шар байжээ. Дээрх үзмэрүүдийг сонирхлоо. Үнэхээр духан дээрээ эвэртэй адууны толгой, ганц эвэртэй янгир, эвэртэй туулайн чихмэл нь бодит юм шиг л харагдах аж. Үүнийг хийдийн ажилтан “Эдгээр үзмэрүүд маш ховор зүйлс байгаа юм. Хаанаас олж авсан талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ямар ч байсан бүгд бодит зүйлс гэдгийг хэлмээр байна. Хүний гар орж хийсэн зүйл огт байхгүй” гэлээ. Модны үндэс, үзмэн мана, халтар мана гээд ховор нандин зүйлс ч олон байв. Бидэнтэй хамт үзмэр үзэж байсан хүмүүс дээрх зүйлсийг “Ийм зүйлс Монголд байсан гэж үү. Эвэртэй морь чинь үлгэрт л гардаг биз дээ” хэмээн ярилцаж байв. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас Дулмаа гэх өндөр настан ирсэн байв. Тэрбээр Цогт үр бүхий суваргад сунаж мөргөж байв. “Хүүхдүүд минь их сайхан газар нээгдсэн байна лээ. Утай гүмбэн, Түвд рүү өндөр зардлаар явснаас Аглаг бүтээлийн хийдэд очсон нь хамаагүй дээр. Монголчууд үнэхээр сайхан зүйлс хийсэн гээд энд авчирсан юм. Эгч нь энд ирж мөргөл үйлдээд гэгээрчихээд явж байна. Байгалийн чулууг бурхан болгоод бүтээнэ гэдэг их хэцүү шүү. Үнэхээр их хүч хөдөлмөр гаргажээ” гэлээ.

БУРХАН БАГШИЙН БИЙ БОЛСОН ТҮҮХ БУЮУ ГАРЬД УУЛЫГ ТОЙРСОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Бид эргээд бурханч лам Г.Пүрэвбатын өрөө рүү очлоо. Хэдийнэ хувцсаа өмсчихсөн байлаа. “Ууланд гороо хийхдээ аялагч нарын хаясан хог хаягдлыг түүнэ. Уут бэлдээрэй” гэж н.Пэрэнлэй ламд хэлээд гарлаа. Хаврын урин дулаан ирсэн болохоор уулсын цас хайлж шар усны хоржигнон урсах чимээ, хүүхдийн цолгиун дуутай инээд тодхон сонсогдох ажээ. Хийдийг тойроод хэд хэдэн том бул боржин чулуу байсан гэнэ. Ухаад гаргах гэхээр чулууг өргөчих, ховхлоод авах техник Монголд байхгүй. Мөн бэлгэдэл чанарыг нь бодоод чулуун урлал хийчих боломжтой гэдгийг олж харсан байна. Ингээд хийдийн өмнө байх чулууг ажаад харсан урд тал нь шувууны хошуу шиг хэлбэртэй, хойд тал нь хэвтэж байгаа араатны бие шиг байсан гэнэ. Хийд тойроод байгаа дөрвөн том чулууны хэлбэр дүрсийг нь янзалж засаад амьтан хийх санааг олсон байна. Ингээд гарьд, арслан хоёрын дундаас төрсөн найман хөлт арслан бүтээжээ. Хийдийн зүүн талын чулуугаар бурханы номонд гардаг юунд ч дийлдэхгүй амьтны дүрс бүхий матар, лавай хоёрын дундаас төрсөн гэгдэх лавайт матар гэх амьтныг хийсэн байна. Хийдийн зүүн талын чулуугаар халиу, загасны дундаас төрсөн үст загас бүтээжээ. Загасан идэшт халиу загастай эвцэлдэн дундаас нь загас толгойтой, халиу биетэй хүчирхэг амьтан төрснийг үст загас гэж нэрлэдэг гэнэ. Мөн луу барсны дундаас төрсөн барс, луу гэх амьтныг хийдийн арын Гарьд уулын өвөрт бүтээжээ. Хэлбэр хийц нь маш уран нарийн юм. Урлаачид маш их хөдөлмөр гаргаж, нарийн хийц бүхий амьтад хийсэн нь илт. Дээрх амьтдын дүрийг бий болгосон газар болгонд “Үл зохилдох хямрал бүхэн арилдаг” гэх бэлгэдэлтэй гэнэ. Эдгээр чулуун урлалыг “Эвцэлдэхгүй амьтан дундаас эвийн хүчээр төрсөн амьтад юунд ч дийлдэхгүй хүч чадалтай, аливаа хямрал, атаа жөтөөг дардаг” гэж бурханы номонд үздэг гэдгийг Г.Пүрэвбат лам онцолж байлаа. Аливаа зүйлс учир жанцантай байдаг шиг хийд байгуулах үед дээрх амьтдыг хийхэд зориулагдсан мэт дөрвөн чулуу хэлбэр дүрстэйгээ шахуу байгальдаа байсан гэнэ.

Уул өөдөө өгсөж явахдаа Г.Пүрэвбат ламаас “Энд хийд бариад бурхан шашны цогцолбор бий болгох санааг анх яаж олсон бэ” гэж асуулаа. Тэгсэн өөдөөс инээснээ “Энэ их учиртай газар байгаа юм. Ах нь Борнуур сумын хүн. Энүүхэн доор манайхан үе удмаараа нутаглаж ирсэн байдаг. Ах нь энд л хонь хариулж хүн болсон юм. Тэгээд л цаанаасаа учиртай байжээ. Хүний хөлөөс хол аглаг буйд газарт бурхан номын мөр хөөж суухаар шийдэж хийдээ барьж байлаа” гэв. Биднийг ийн ярилцаж явтал хэсэг залуу дуу алдаад л явчихлаа. “Энэ мод чинь дээрээсээ хувхайрч үхчихээд мөчирнөөсөө гол мод нь гарчихсан байна шдээ. Яаж ургахаараа ингэж ургадаг юм бэ” гэцгээх нь сонсогдов. Аянга буугаад модны орой хэсэг үхчихсэн байна. Аянганд цохиулсан мод хувхайрч, бүр мөчир нь унаж байснаа гурван жилийн өмнөөс гэнэт модны доод хэсгээр мөчир салаалан ургасан байна. Гэтэл мөчрөөс дахин гол гарч мод ургаж эхэлжээ. Хийдийн лам нар дээрх модны орой дээр нь алтан охь залж дархалсан байна. Монголчууд хайртай малаа сэтэрлэдэг шиг модыг дархалдаг ёс байдаг энэ. Эндээс эргэлийн зам эхэлдэг байна.

Уул өөд өгсөж хэсэг явахад хадан агуй тааралдах юм. Агуйн нэг талаас ороод нөгөө талаар мөлхөж гарах юм. Эргэлийн анхдагч үүдэн хаалгаар орсон хүн амар амгалан гэгээрэлд хүрэх үүд хаалга нээгдэж байгаа хэмээн сүслэн залбирах ёстой гэнэ. Эндээсээ Зуурдын хавцгай гэх гурвалжин хонгилоор ороод арга, бэлгийн шүтээн бүхий газарт хүрэх юм. Эргэл хийж яваа хүмүүс мөн л шуугилдаад явчихлаа. “Хүүе ээ, энэ дотор эрэгтэй хүний “боов” хад байна. Агуй хадан дотор байна шдээ”гээд хүүхнүүд нь инээд алдах. Тэгсэн нэгэн эрэгтэй “Энэ агуй чинь эмэгтэй хүний юу юм биш үү. Бас эротик газар байх нь. Бурхан номын газар гэсэн чинь эвгүй зүйлтэй таарлаа” гээд л хүмүүс чулууг харсан сэтгэгдлээ хуваалцах юм. Энэ чулууг лам Пэрэнлэй “Хүмүүс хүүтэй болмоор байна. Охинтой болмоор байна гэдэг биз дээ. Тэгвэл энэ хад үүнийг бэлгэдэж байгаа юм. Зуурдаас төрлийг хайж буй агшинд эр төрөл бий болгох бол эцэгтээ тачаадах, эм төрөл авах бол эцэгтээ тачаан, алинд нь тачаасан түүнийгээ тэвэрдэг” гэж байдаг. Мөн ямар нэгэн уур уцаар болон бусад атаа жөтөөг бодохыг тэвчих хэрэгтэй. Үүнийг л хүмүүст ойлгуулах гээд байгаа юм” гэж тэнд байсан хүмүүст хариулт өглөө.

Бурхан багш тэнгэрийн орноос энэ орчлонд мэндлэх үед бурхан багшийн ээж цагаан заан зүүдэлсэн гэх домог байдаг. Хэлбэр нь яг зааных шиг чулууг чулуу урлаач нар янзалж зургаан соёотой цагаан заан бүтээжээ. Зааны хажууд эхийн сав байх юм. Тэнд очсон хүн болгон эхийн саваар мөлхөж гарах ёстой. Эхийн сав шиг хэлбэртэй байгалийн хадан доогуур гарсан хүний хилэнц арилдаг гэнэ. Хадны доор орших нүхийг харахад тийм ч том биш. Заавал мөлхөж гарахаас өөр аргагүй. Гэсэн ч түүгээр биеийн хэмжээнээс үл хамааран ямар ч хүн мөлхөөд гарчихдаг нь сонин. Жил гаруйн өмнө 60 гаруй килограм жинтэй жижигхэн биетэй хүн эхийн саванд гацаж хүмүүсийг сандаргасан тохиолдол гарчээ. Ууланд мөн эхийн умай байх ажээ. Хүйсэн дээрээ модтой босоо хадны нүүрэнд умайн хэлбэртэй нүх буй. Түүгээр сард нэг удаа усан дусал гоождог гэсэн. Бурхан багш хорвоо ертөнц дээр төрсөн шиг. Аглаг бүтээлийн хийд дээр очсон хүн болгон цагаан зааны хажуу талын эхийн саваар гарч, хилэнцээ арилгаад бурхан багшийн хадан дээр сийлсэн бурханы дүрийг олж харна. Ингээд доош алхах үед чулуугаар хийсэн долоон лянхуан сийлбэр чулуу байв. Энэ нь бурхан багш эхээс төрөөд долоо алхах үед гишгэсэн газар болгонд лянхуа цэцэг ургасан гэдгийг бэлгэдэн хийжээ. Лянхуа сийлбэр чулууг Монгол Улсын гарьд Б.Гантогтох тэргүүтэй олон бөхчүүд уул өөд гаргасан байна. Улсын цолтой арав гаруй бөхчүүд лянхуа суурийг уул өөд олон удаа амарч байж гаргасан гэнэ. Дээд эргэлийн замаас доод эргэлийн зам руу орох заагт бие биенээ налан ургасан мод таарах юм. Энэ нь бурхан багшийн хорвоо ертөнц дээр төрсөн түүх шиг эхээс төрөөд цэцгэн сууриар алхаад их амьдрал руу алхан орж байгаа мэтээр зохиомжилж хийсэн байна. Замд чулуу болон газрын хөрсийг янзалж, хүн халтирч унахаас сэргийлж шат гаргасан байв. Зохиомжийн дагуу амьдралын хаалгаар ороод цааш явах үед гурван том хадтай тааралдах юм. Хүний гар огт хүрээгүй байгалийн хад яст мэлхий мэт дүрстэй аж. Яст мэлхий нь өвчин зовлонгүй, урт удаан наслахын бэлгэдэл билээ. Яст мэлхийн хажууханд өөд өөдөөсөө харсан заан хад харагдах юм. Чих нь далбайсан хэлбэртэй заан хад нь амар амгалан сэтгэлийн тэнхээтэй амьдрахын ерөөлтэй. Гурав дахь тааралдах хад нь ембүү шиг хэлбэртэй аж. Хадны орой дээр нь өвс ургаж, зулзаган нарс мод ургасан харагдав. Хадан дээр мод ургасан байгааг харсан хүн болгон гайхширдаг юм билээ. Ембүү хад нь эд мөнгө арвин байхыг бэлгэдэж байгаа гэсэн. Урлаач нар нэгэн том чулууг амаа ангайж байгаа матар болгон урлажээ. Хамт явсан зурагчин маань матрын аманд багтаж байна лээ. Тэгэхээр хэр том хадыг матар болгон урласан болох нь мэдэгдэх биз ээ. Матрыг энд урласан нь мөн л бэлгэдлийн чанартай. Матар хазсан амьтнаа үхэн үхтэл огт тавьдаггүй амьтан гэнэ. Иймд буддын шашинд орсон бол хайр энэрлээр хэзээ ч дутаахгүй гэх бэлгэдэл агуулсан байна. Мөн арав гаруй метр өндөртэй хадыг хаанаас нь ч харсан цагаан өвгөний дүр төрх харагдаад байсан гэнэ. Тэгээд нүүр, гарыг нь гаргатал хамаг газар, усны эхийг захирдаг гэгдэх цагаан өвгөний дүр төрх бүр сайн тодорчээ. Мөн лам дүрстэй хад ч байна лээ. Аглаг бүтээлийн хийдийн хойд талын Гарьд ууланд энэ мэт их олон төрлийн байгалийн өвөрмөц дүр төрхтэй хад таарах юм. Зангидсан гараараа хад цохьсон юм шиг хэлбэртэй хад ч байна. Үүнийг Нударга хад гэж нэрлэх болжээ. Мөн хүний мөр бүхий хад ч байх юм. Номын хүрдэн суварга шиг хэлбэртэй нарс мод, гулсдаг хад хүртэл байлаа. Эргэлийн замын хамгийн өндөр оргил бүхий хадан цохион дээр нэг ч хадаас оруулалгүй модон сүм барьж байна лээ. Барьж дуусгаад оройг нь алтадсан шаргал өнгөөр будах юм гэсэн. Үүнийгээ Тэнгэрээс буусан сүм хэмээн нэрийджээ. Сүмээс доош бууж явахад арван метр өндөртэй хадан дээр сийлсэн догшин сахиус гэгдэх Очирваань бурханыг сийлсэн байв. Бурханыг бүтээсэн хийцийн тухай ярих юмгүй үнэхээр сайхан бүтээжээ. Монголд хадан дээр ингэж нарийн аргаар бүтээсэн бурхан байхгүй гэнэ. Очирваанийн бурханыг хадан дээр хийхэд маш олон хүн оролцсон байна. Хүн бүрийн сэтгэл зүрх нэгдэж гайхалтай бүтээл төрүүлжээ. Арван метр бурханы доохно хадны хөмөг газрыг агуй болгож чулуугаар барьсан агуйт суварга барьсан байна. Энд Аглаг бүтээлийн хийдийн лам нар өвлийн цагт бясалгал үйлдэж, хэдэн хоног өдрөөр суудаг газар бий болжээ. Ингээд эргэлийн замын төгсгөлд нирваан дүрийг үзүүлж буй арван метрийн урт хадан дээр сийлсэн бурхан багшийн хөрөгтэй тааралдах юм. Гарьд ууланд хийсэн их бүтээн байгуулалт ийм ажээ. Байгалийн өвөрмөц тогтоц хад чулууг ашиглан урлагийн бүтээл болгосон нь дээрх зүйлсээс харагдаж байв.

МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ХИЙЖ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭНЭ

Энэхүү бүтээн байгуулалтыг гадны ямар ч хөрөнгө оруулалтгүйгээр монголчуудын сүсэг бишрэлийн өргөл барьцаар босгож байна. Монгол залуус нийлэн их бүтээн байгуулалтыг хийж байгаа ажээ. Г.Пүрэвбат ламын үүсгэн байгуулсан Урлах ухааны сургуулийг төгсөгч залуус эдгээр зүйлсийг хийж бүтээж байна. Энэ талаар Г.Пүрэвбат лам “Шавь нар маань өөрсдөө ирээд л хийж өгөөд байх юм. Монголын урдаа барьдаг урчуудыг төрүүлж чадсан юм байна гэж шавь нараараа бахархах сэтгэгдэл байнга төрж байна” гэлээ. Үнэхээр 84 урлаач цогцолбор газрын бүтээн байгуулалтыг хийж байна. Аглаг бүтээлийн сүмийн цогцолбор газрынхаа ажлын 50 гаруй хувийг барьжээ. 21 метр өндөртэй, алтан өнгөлгөөтэй сүм барих ажил ид хийгдэж байв. Мөн Сахиусны сүм барих ажил хийгдэж байна. Цул төмрөөр их биеийг нь барьсан сүмийг амьтны ясаар битүү урлаж чимэглэл хийх гэнэ. Сүмээ чимэглэх ясаа хүртэл цуглуулчихсан байна лээ. Энэ зунаас чимэглэлийн ажил хийгдэх ажээ.

АГЛАГ БҮТЭЭЛИЙН СҮМИЙН АГУЙ “АЛМАС”-ТАЙ БОЛНО

Уул тойрсон бид аялагч нарын хаясан ундааны сав, чихрийн цаас зэргийг түүсээр бууж ирлээ. Нэг үеэ бодвол монголчууд байгаль дэлхийгээ хайрладаг, хог хаядгаа больсон байна. Хоёр цаг гаруй яваад уулнаас бууж ирэхдээ нэг тор л хог түүлээ. Уулнаас бууж ирээд удаагүй байтал хоёр залуу тосч гүйж ирээд “Багш аа, нөгөө алмасаа доод байшин руу зөөх үү. Бид ачих гэсэн хүн нь цөөдөөд хаалгаар гаргаж чадахгүй байна” гэв. Бид “Юун алмас хаана байгаа юм бэ” гэсээр удахгүй ашиглалтад орох гэж байгаа Алтан сүм рүү хамт орлоо. Хоёр метр гаруй өндөртэй, үс ноос болсон амьтныг бүтээжээ. Үүнийгээ “Цаст уулын цагаан алмас” гэдэг амьтан гэж тайлбарлав. Тэнгэрийн сүмийн хажууханд байх агуйд алмасаа байрлуулах гэнэ. Цоохор ирвэс базсан байдалтайгаар сарлаг болон бусад амьтны ширээр хийсэн “алмас”-ыг бид өргөлцөв. Хоёр зуу гаруй килограмм жинтэй гэнэ. Алтансүмээс нөгөө “алмас”-аа гаргаад ирсэн тэр хавьд явсан хүмүүс “Алмас байна ш дээ. Ямар сонин юм бэ. Алмас үзье” гээд гүйлдээд ирэх юм. Хүмүүс “Яг алмас байна шүү дээ. Яг хийсэн байна” гээд л өмнө нь алмас гэх амьтныг нүдээр үзэж байсан юм шиг л ярих ажээ.

Бурханч лам Г.Пүрэвбат хэд хэдэн сонин бүтээл урлажээ. Тэр нь Аглаг бүтээлийн хийд орчмын уул усны лус савдагууд гэнэ. Тухайлбал, Гарьд уулсын газрын эзэн гээд эвэртэй шувуун толгойтой, урт далавчтай, гар хөлтэй амьтан байна. Гадна төрх нь ийм амьтан байдаг юм уу гэмээр сонин. Мөн зүүн луст уулын эзэн гүрвэлийг зохиомжилж бүтээсэн байна. Энд тэндээс нь эвэр гарсан урт хумстай амьтан байх. Зүүн луст ууланд гүрвэл их байдаг учир ийн сэтгэж хийсэн бололтой. Харин Баруун луст уулын эзнийг могойгоор дүрсэлжээ. Эвэртэй, хэлээ гаргасан догшин төрхтэй юм. Тэнгэрийн хуягт луу, өтөгтэй уулсын гурван толгойтой загас гээд Г.Пүрэвбат ламын бүтээсэн хачин сонин амьтад олны нүдийг хужирлаж, улам бүр хүч аван амилж байна уу гэмээр сүр хүчтэй харагдана.

Тус газарт уулнаас бууж ирсэн туулай, тэжээвэр тахиа, галуу, цацагт хяруул гэх мэт арав гаруй төрлийн шувууд байна лээ. Ирсэн хүн болгон шувуудыг тэжээж хооллодог юм байна. Мөн явган хүний зам дагуу жимсний модны бут сөөг тарихаар болжээ. Мөн хийдийн ойролцоо дөрвөн эвэртэй 50 гаруй тооны хонь бэлчиж яваа харагдав. Энэ талаар Г.Пүрэвбат лам “Хэдэн жилийн өмнө Баянхонгор аймагт явж байхад дөрвөн эвэртэй эр хурга айлд байхад нь таарсан юм. Тэр хургыг аваад энд авчирч хуц болгоод хэдэн эм хонинд тавьсан. Одоо 50 гаруй дөрвөн эвэртэй хоньтой болчихоод байгаа” гэв. Мөн үнэт үзмэрүүдийн талаар асуухад “Хаанаас олдсон талаар ярих болоогүй байна. 1890 оны сүүл үед Өвөрхангай аймагт духан дээрээ эвэртэй морь байсан талаар түүхэн баримт байдаг шүү дээ. Монголд эвэртэй адуу байсан” гэж товчхон хариулт өгөв.

Энд нийслэл хот төдийгүй, хөдөө орон нутгаас хүмүүс зорин ирж байлаа. Мөн жуулчид ч энд ирэх болжээ. Ирсэн хүн болгон л байгалийн үзэмж тансагийг, үзвэр, бүтээлүүд сайхан болсныг шагшин магтах юм. Хийдийн үүдэнд байх элэг, бөөрөнд сайн гэгдэх рашаанаас савныхаа хэмжээгээр хийж аваад хөдлөх ажээ. Нар жаргах гэж байхад бид нийслэл хот руу хөдөллөө. Орой бүрэнхий болохоос өмнө бидэнтэй хамт 30 гаруй машин төв замд нийлсэн юм. Харин Г.Пүрэвбат лам дахин уулзах ерөөл тавиад Аглаг бүтээлийн хийддээ хэдэн өдөр бясалгал хийхээр хоцорлоо.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургийг

Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *