Categories
мэдээ эдийн-засаг

​Ам.долларын ханш 48 төгрөгөөр чангарчээ

Монгол банкны мэргэжилтнүүд өнгөрсөн сарын голлох үзүүлэлтүүдийг өчигдөр танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт 20 хувьд хүрч, 13.5 их наяд төгрөг болжээ. Нийлүүлэлтийн дийлэнхийг төгрөгийн хадгаламж болон харилцах эзэлсэн байна. Нийт хадгаламжийн 64 хувийг иргэдийн төгрөгийн хадгаламж, 19 хувийг иргэдийн долларын хадгаламж бүрдүүлж байгаа аж. Хадгаламжийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл 12.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 872 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм байна. Иргэдийн зээл 839 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 51 хувийг хувийн хэвшилд, 47 хувийг иргэдэд, нэг хувийг бусад салбарт олгосон гэж Төв банкнаас мэдээллээ.

Нийт зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь өмнөх сараас нэг нэгж хувиар буурч, 6.2 хувьд хүрсэн байна. Чанаргүй зээлийн хувь өмнөх сараас 0.3 нэгж хувиар буурч, 8.8 хувьд хүрэв. Хугацаа хэтэрсэн зээлийн 82, чанаргүй зээлийн 80 хувийг хувийн хэвшилд олгосон байна. Ипотекийн зээл дөрвөн их наяд 177.2 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 91 916-д хүрчээ. Өнгөрсөн сард шинээр олгосон зээлийн 57 хувийг хөтөлбөрийн хүрээнд олгосон аж.Түрүү сард төгрөгөөр олгосон зээлийн хүү 20.3 хувь байж. Валютын зээлийн хүү 0.5 хувиар өсөж, 12.5 хувь болжээ. Өнгөрсөн сард татсан хадгаламжийн хүү өмнөх сараас 0.7 нэгж хувиар буурч, 12.5 хувьд хүрсэн байна. Гадаад валютын хадгаламжийн хүү бага зэрэг буурч, 5.6 хувьд хүрсэн бол тухайн сард татсан валютын хадгаламжийнх огцом буурч, 4.3 хувь болж. Зургадугаар сарын эцэст Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 хувь буюу 48 төгрөгөөр чангарч, 2349 болжээ.

Ц.СҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *