Categories
мэдээ улс-төр

Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын ТЭЗҮ бэлэн болжээ DNN.mn

Эдийн засаг амаргүй, нийгэм бухимдалтай байгаа ч зам харилцаа, бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж буй сайн мэдээ байна. Улиг болсон Дарханы зам ашиглалтад орж, олон хүний нурууг тэнийлгэв. Хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Бор-Өндөр хүртэлх 50 км хатуу хучилттай зам бэлэн болсон. Дээрээс нь “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”-ын чухал гарц, Ази-Европыг холбосон 745 км босоо тэнхлэгийн авто зам ашиглалтад орлоо. Тэгвэл Орос, Монгол, Хятад гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон байна. Ямартаа ч хүнд үзүүлэх юмтай сууж байна гэдэг сайн хэрэг. Энэ мэтчилэн сүүлийн үед Засгийн газрын тэргүүний үг, үйлдэл бүхэн бодит ажил болох юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлж байгааг судлаачид онцолж байна. Том зургаараа баруун, зүүн талдаа боомтуудаа авто замаар холбох нь жижиг эдийн засагтай манай улсад үнэхээр үр дүнгээ өгөх биз ээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаанд мэдэгдсэн юм. Уг асуудлаар БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж ярилцах хүсэлтээ илэрхийлэв. Тэрбээр “Тээврийн коридор нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч хотоос Монгол Улсын баруун бүсийн Ховд, Баян-Өлгий аймаг, Цагааннуур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэлх нийт 4500 км авто замын холболтын хэсэг юм. Монгол Улс газарзүйн байрлалын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридороо байгуулж, бүс нутгийн экспорт, интеграцид хувь нэмрээ оруулж чадлаа” гэв.

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд буюу 2030 он гэхэд боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан багц зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлнэ. Энэ нь олон улсын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоо, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд тулгуурласан харилцан ашигтай түншлэлийн цогц хөтөлбөр юм. Монгол Улсын Засгийн газар боомтын дэд бүтэц, тээвэр логистикийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн харилцан ашигтай төслүүдэд ШХАБ-ын цахим хуралдаанд оролцсон гишүүн орнуудыг хамтран ажиллахыг урилаа. Боомтын сэргэлт урагшилсаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *