Categories
мэдээ цаг-үе

“Алтан зам”-аар гүйгч Б.Мөнхзаяа

Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяаг “Өдрийн зочин” буландаа онцоллоо. Дорнод аймгийн харьяат тэрээр 10 дугаар ангиасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэх болжээ. Улмаар 2011 оноос одоогийн дасгалжуулагч Б.Төрбат багшийнхаа шавь болон хичээллэж эхэлсэн байна. Тухайн үед Б.Мөнхзаяа нь амаржаад удаагүй байсан аж. Гэсэн ч түүний уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл өнөөдрийн “Алтан зам”-аар гүйгч тамирчин бүсгүйг бий болгожээ. Түүний дасгалжуулагч багш Б.Төрбат хэлэхдээ “Манай Мөнхзаяа даруухан хэрнээ дайчин зан чанартай. Түүний бүхий л амжилтууд шантаршгүй хатан зориг, зорилго тэмүүллийнх нь илрэл юм” гэв.

Хөнгөн атлетикийн тамирчин Б.Мөнхзаяа нь өдгөө таван км, 10 км, 21 км, 42 км-ийн Монгол Улсын дээд амжилтын рекордыг эзэмшигч шилдэг залуу марафонч юм. Үүнээс нь үзэхэд түүний хэр амжилттай яваа тамирчин бэ гэдэг нь тодорхой. Олон улсын чанартай тэмцээн уралдаануудад ч тогтмол амжилт үзүүлж, эх орныхоо нэр хүнд болоод хувь тамирчны карьераа өндөрт өргөж яваа. Тухайлбал, өнгөрөгч 2015 оны гуравдугаар сард БНХАУ-ын Чүнчон хотод болсон “Олон улсын марафон гүйлтийн А зэрэглэлийн тэмцээн”-д 42 км 195 метрийн зайг 2.33.36 цагийн хугацаанд туулж, тус тэмцээний шилдэг 10-т багтсан төдийгүй Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон билээ. Харин дараа нь Хонгконгт болсон “Марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах XV тэмцээн”-д оролцож, дэлхийн 11 орны марафонч тамирчидтай өрсөлдөн дөрөвдүгээр байрт орж “Рио-2016” олимпод оролцох эрхээ авсан юм. Мөн Чүнчон хотноо зохиогдсон тэмцээнд амжилтаа бататгаад байв.

Харин шинэ он гарсаар Хятадын Сямынь хотноо энэ сарын 2-нд болсон “Алтан зам” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд (Олон улсын жишгээр марафон гүйлтийн тамирчдыг тухайн замыг туулсан хугацаагаар нь ангилдаг бөгөөд Б.Мөнхзаяагийн хувьд дэлхийн чансаагаар “Алтан замаар гүйгч” гэсэн ангилалд багтжээ) манай улсаас дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор долоон тамирчин өрсөлдсөнөөс гурван тамирчин олимпийн эрхийн нормативыг биелүүлжээ. Б.Мөнхзаяагийн хувьд “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ давхар баталгаажуулсан гэсэн үг.

Марафон гүйлт маш их тэсвэр тэвчээр шаардах спорт шиг санагддаг. Тэр олон километр замыг туулахдаа та чухам юу бодож өөрийгөө зоригжуулдаг вэ? гэсэн асуултад тэрээр “Гэр бүлээ л бодож гүйдэг дээ” гэсэн юм. ОУХМ Б.Мөнхзаяа нь сайн тамирчин төдийгүй, нөхөр болон хүүдээ халамжтай сайн хань, ээж гэдэг нь түүний фэйсбүүк хуудаснаас анзаарагдана. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн Багш дасгалжуулагчийн ангийг энэ жил төгсөх аж. “Рио-2016” олимпийн наадамд эх орныхоо нэрийг өргөхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж яваа ийм нэгэн тамирчин бүсгүй Улаанбаатар хотноо нөхөр, хүүгийн хамт амьдарч байна.

“Намайг амжилтад хүрэхэд туслалцаа үзүүлсэн Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын шигшээ баг, “Алдар” спорт хороо, Дорнод аймгийн Засаг дарга, ҮБТДС-ийн багш хамт олон, гэр бүл, багш, баг хамт олондоо талархал илэрхийлье. Миний хувьд “Рио-2016” олимпийн наадамд амжилттай сайн оролцож, монгол хүний тэсвэр тэвчээр хатуужлыг харуулах болно, хичээх болно” гэв. Түүний тэсвэр тэвчээр цуцашгүй, хөл нь эцэшгүй байх болтугай.

Г.Лхагвадорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *