-ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НУТГААР 7800 КМ ХЭРЖ АЯЛСАН МИНЬ-
ТАХИЙН ШАР НУРУУ
“Үүрэглэх алсыг өргөсөн
Үелээ мянган мутартай
Үзүүр, төгсгөлгүй орноо
Эзэн хаадын суудалтай”
/Найрагчийн шүлгээс/
Говь-Алтай нь Монголын баруун өмнөд хэсэгт оршдог, нутаг дэвсгэрээрээ улсад хоёроор бичигддэг аймаг. Цаст Богд, Чингис Богд, Атас Богд, Аж Богд, Зөөлөн богд, Баян Богдуудаас гадна Хасагт хайрхан, Бурхан Буудай, Алагхайрхан, Хантайшир, Гичгэнэ, Сэрхийн нуруу нь энэ нутгийн нэрийн хуудас. Мөн Шарга, Бигэр, Хүйс, Хонин ус, Цэнхэр номингийн алдарт говиуд нь Кайнозойн галавын хурдас бүхий Кембрийн ба Кембрийн өмнөх уулс өсгөгч суурь хад чулуулагтай. Нутгийн хойд захаар Завхан гол урсана. Ширгэдэг, ширгэдэггүй баахан гол горхитой. Ихэс, Шарга, Тонхил зэрэг том нуурууд нь бөөн давс. Хасагт хайрханы Хүнхэр, Улаанхайрхан, Аргалантын рашаан их цуутай. Мөн Монгол орны 33 их говийн найм нь Говь-Алтайд буй. Хүйсийн говь, Алаг нуурын говь, Хонин усны говь, Шаргын говь, Цэнхэр номингийн говь, Алтайн өвөр говь, Захуй-Зармангийн говь эдгээр болно.
ЦЭЭЛ СУМ
Хасгийн дээрэмчдээс нуугдаж байсан хүмүүс жалга хонхроосоо гарахгүй гээд байхаар нь Ардын засгийнхан тэнд нь сум байгуулж өгчээ. Машин бараг тулж очиж байж л сумын төв харагдана. Аймгаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар П.Осор гуай эндэхийнх аж. Гэрэлт хөшөөг нь босгожээ. Мөн 1963 оны хаврын шуурганаар ихэр хургаа дээлээр хучаад өөрөө осгосон С.Пунсал бүсгүйн хөшөө сумын төвийн цахир хадан дээр сүндэрлэнэ. Тамгын газар нь сайхан гэр буудалтай аж. Цээлийн төв урагш тэлж, хуучин онгоцны буудлын тийш цоо шинэ бяцхан хот босгох төлөвлөгөө гаргажээ.
“Баян” Базараагийн “Алтайн хүдэр” компанийн уурхай Таянгийн нурууны ард арваад жил ажиллаж буй. “Таян нуурын уурхай” ч гэдэг. Манай улстөрчид энд мөнгө угаадаг гэх. Ухаж шалгаваас юм юм л илэрч мэдэх газар байна. Хаврын хар түйрэн, уурхайн утаатай нийлж сумын төвийг жинхэнээсээ хорт утаагаар булдаг гэнэ. Хөлсний жолоочид хил өөд 170 км-ийн зайд хүдэр тээвэрлэж, нэг сая төгрөг авна. Машин эвдэрвэл хохь нь болно. Эндэхийн ирвэс Чандманийн янгир шиг хүнээс ч үргэхээ больсон гэнэ. Дуртай үедээ хашаатай малнаас аваад явчихна. Цээлчүүд зургаан настнуудыг сургуульд оруулахыг больж, гэр сургалт эхлүүлэхгүй бол амьдрал жинхэнэ сүйрч буйг хэллээ. Гэр бүл салах, үр хүүхэд нь хөлдөж үхэх энүүхэнд. Тэд монгол төр ингэхгүй, Хятадын бодлого гэх. Эндэхийн иргэн С.Мөнхбаяр гуай анх таван хүүгийнхээ хамт Таянгийн нурууны замыг засчээ. Засгаас ажлыг нь дэмжиж таван саяыг өгсөн нь бөөн хэл ам дагуулжээ. Замыг нь харлаа, явж үзлээ. Тэд 100 саяын ажлыг таван саяар хийж чаджээ. Цээлд сэлбэг зардаг газар байхаас машин засдаг газар үгүй. Нэг хүү сумандаа засварын газар нээхээр түлхүүр багаж авчирчээ. Анхны үйлчлүүлэгч нь манайх болов.
ЧАНДМАНЬ СУМ
Талын шанд хэмээх шар шороо, элс хайрга, хужир шүү нь пургисан нүцгэн дэвсэг дээр сумын төв цайран харагдана. Их уулсын дунд байдаг ч их цөлжиж байгаа бололтой. Рээгомбо, Үүргэн зэрэг эмт ургамлын орон. Энд хилэн хар тарвага байдаг. Нутгийнхан лусын эзэн гээд агнах бүү хэл айлгаж үл цочооно. Янгир ямаа нь хүнээс үргэдэггүй. Чандманийн бахархал бол Чандмань хайрхан уул. Оройд нь чонын арьс тэлж хадсан байдаг. Мөн Жанжин ноёны их бунхан, Аранжинжамбын төвөд үсэгт хэрэм, хачин сонин тогтоц бүхий “Есөн зоос” хад. Хүмүүс нь их тусархуу, сэтгэл сайтай. Уул нь их өндөр, бартаа ихтэй. Ховдын Чандмань сумын сүр хүчинд дарагдаад нэр ус нь сүрхий сонсогдоод байдаггүй, чимээ анир багатай суурин. Харин Соёлын төв нь сүүлийн таван жилийн турш ажлаараа мундаг байгаа гэнэ шүү. Ялангуяа бүжгээрээ аймгийнхаа хэмжээнд “од”. Энд нэг авах юм нь баруун аймгийн сумдууд шиг дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид нутгийнхаа гайхамшигтай танилцах аяллыг хийдэг гэнэ. Үнэн бол үнэхээр гайхалтай.
АЛТАЙ СУМ
Тэд хилийн цаана буй Бичин хайрханаа санаашран ширтэж суух. Саяхан өвөг дээдэс нь тэр л ууланд сүргээ адгуулж явжээ. Цэнхэр номингийн говийг Найман мянганы говь залгана. Аж Богдыг Зөөлөн Богдын нуруу түшиж хураана. Өвөл болдоггүй хэдхэн сумын нэг. Мөн хавтгайн эрлийз тэмээ цөөнгүй. Тэднийг монгол тэмээтэй уралдуулдаггүй. Учир нь маш хурдан. Сүргээсээ тасарсан хоёр тахь Улаан шалын хоолойд ирээд уджээ. Алдагдсан тахийг асууж сурсан хүн алга гэнэ.
Сумынхан Бургастайн боомтоор бараа татдаг. Хүнс авахгүй. Өргөн хэрэглээний бараа л авчирч зарна. Сумын төв рүү урдаас нь ороход Замын шандны застав дээр шалгуулна. Алтайн брэнд нь “Ажийн бор ааруул”. Энэ нь шүдэнд зөөлөн, өөрийн амт, үнэртэй тослог ааруул. Түүнийгээ савлаж зарна. Дуу хуурандаа магтаж оруулна. Хужаа нар хүртэл амтанд нь орсон аж. Бусад сумынхан ийм ааруул хийх гээд чадахгүй далан таваар бууж өгчээ. Ажийн борыг зөвхөн сарлаг, ямааны сүүгээр хийнэ. Эндэхийн ямаа вансэмбэрүү иднэ. Ааруулаас гадна “Ажийн улаан” гэдэг говийн хамгийн өндөр тэмээ бий. Малын хулгай үгүй болохоор малаа зөнд нь орхиж, зэрлэгшүүлнэ. Түүнийгээ цариглуулна гэдэг. Таргалуулж байгаа нь тэр. Аж Богдын оргил Хүрэн товон /3802м/-гийн тагаар тэр чигтээ эзэнгүй мал. Уулын оройн хонгилт агуйг отрядынхан махны зоорь болгож байжээ. Махаа намар хийгээд хавар авна. Сумынхан Хөв нуураа хагас зуун саяар бүтээжээ. Инженерийн хийцтэй, илүүдэл усаа хаяна. Нутгийн хөгжлийн сангаас 60 саяыг гаргаж “Жи мобайл”-ын сүлжээг оруулжээ. Эндэхийн хүмүүс Цэрэнтарнаа их дурсана. Хутга мэс ирлэхдээ лут. Хурцалсан хутганы ирэн дээр адууны хялгас тавьж байгаад үлээхэд тасардаг байж. Мань эр амьтан агнаж, ургамал, сонгино сэлтээр ходоодоо тэжээн агуйд аж төрнө. Уул нь Байтаг Богдод тулж явсан дайчин. Дайны дараа нутагтаа ирэхэд нь ээж нь нас барж, араас нь машид харуусан, ухаан солиотой болсон гэдэг. 1970-аад оны сүүлээр нас баржээ. Тэрбээр Ажийн өврийн агуйгаар зундаа орогнож, Магнай маалчигийн агуйд өвөлждөг байжээ.
Говь-Алтай 100-гаад илжигтэй. Баянтооройгоос гадна Алтай суманд хэд гурав бий. Уул нь олон байж. 2000, 2009 оны зуданд мажийжээ. Дээхнэ үед луус /адуу, илжигний эрлийз/-ыг монгол ноёд явдал зөөлөн учир ойр зуур унадаг байж. Илжигийг “дээдсийн унаа” гэхийн учир энэ. Эдүгээ хэд гурван илжигээ хөгшчүүл зайдалж мал эргүүлэх, аргал түүхэд хэрэглэнэ.
Хилийн зам нь дэндүү сэгсчүүлнэ. Хоёр талаас багана шалгах үеэр хятадууд “Хай лаа, манай замаар явцгаая” гэдэг байна. Хятадын зам нь шил толь. 2015 оны үер жинхэнэ гамшиг авчирчээ. Садаргаар гүйсэн ус тэмээ, хонь малыг бөөнөөр нь залгиж, пургон, мотоциклд бүрэн задаргаа хийжээ. Садарга гэдэг нь эрэг ганга, сайр жалгын бартаат гуривыг хэлдэг аж. Энд нэг сонин түүх сонсов. Цаг зэвүүн байхад Төв Хороо, Засгийн газрын хавиар Цагааны Даариймаа хэмээх лут хүн алба хашдаг байж. Д.Нацагдоржтой үй зайгүй андууд. Тэр хавар Даариймаа эхнэр, хүүхдүүдээ авч Аж Богдоо зорьжээ. Нутагтаа анхны машины мөрийг барлаж, хэд хоносон эр хот руу ганцаараа буцсан байна. Юу нь хатгасан юм, Жа ламын бүгж байсан Маажинсан уулын тухай шүлэг бичээд цаазлуулжээ. Нутагт нь үлдсэн эхнэр нь олон жил нөхрөө ирнэ гэж хүлээсээр галзуурч үхсэн байна. Хөөрхий Бөмбөгөр театрт дуучин байж. Театр гэснээс, эндэхийн Соёлын төвийн дарга гэнэ үү нэг согтуу нөхөр “Надад нууц замын зураг бий” гэж дөвчигнөх. Архинд дуртай, ашигч зантай улс энд цөөнгүй.
БУГАТ СУМ
Баруун говь тэр чигээрээ эзгүйрч, айлууд 150 км-ийн нүүдэл хийж, зуслан дээрээ шавааралддаг цаг. Я.Мятав гэдэг нөхөр энэ сумыг маш олон жил /13 дахь жилдээ/ толгойлж байгаа гэнэ. Бугат сумын Засаг дарга Мятав шуналгүй, хааяа жаахан бор дарс балгадаг ч шударга учраас сумын иргэд сонгосоор л байдаг аж. Биднийг шөнө дөлөөр тэр эр 69-тэйгээ тосож аваад буудалд байрлуулсан юм. Монголын хамгийн олон охин хүүхэдтэй айл эндэхийнх. Малчин Муж гуайн эхнэр 22 охин төрүүлжээ. Сумын төв нь хязгаарын зэлүүд суурин. Нутгийн зам харгуй ихэнх газраараа жинхэнэ амьдын там. Дээрээс нь цус сорогч шумуул, шавьжнууд арай дэндүү. Байгаль нь өөрийгөө ийн хамгаалдаг аж. Бугат суманд нэн ховор хар сүүлт гөрөөс сүрэглэж, хулан хуйларч, тахийн азарга эх сүргээ өмөөрөн газар цавчилна. Тэх сүргээ дагуулан асга хэжлэн дүүлэх. Могой, зараа уралдаж, тарвага под под гэх. Хятад, Монголын малчид хилийн баганын хоёр талд, их ойрхон өвөлждөг зурвас хэсэг Бугат суманд л бий. Энэ гайхамшигт нутгийг монголчууд Алаг хайрхан, Буга хайрхан, Тахийн шар нуруу, Хонин усны говиор нь гадарлана даа.
Авгаржин Жа.Баяраа
/Улаанбатар-Төв-Булган-Өвөрхангай-Баянхонгор-Говь-Алтай/ 2019.06.29-2019.08.31
Үргэлжлэл бий