Categories
мэдээ цаг-үе

“Алт диллер”-ийн хэргийн эзэд Н.Жаргалсайхан, Д.Сүх-Эрдэнэ нар хаана явна вэ

Монгол Улсын Эрдэнэсийн санг цөлмөж, Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, төр засаг цалингаа ч тавьж чадахгүйдээ тултал дансыг нь улайлгаж байсан эдийн засгийн нэгэн том гэмт хэрэг одоогоос 26 жилийн өмнө гарч байв. Төрийн томоохон албан тушаалтнууд хуйвалдаж, төрийн санг хуу хамсан хэргийг Алт диллерийн хэрэг хэмээн хууль хүчнийхэн нэрлэх болсон билээ. Алт диллерийн гэх 26 жилийн өмнөх хэргийг эдийн засагчид өдгөө “Монгол Улсын Төв банк одоогоос 26 жилийн өмнө буюу тэртээ 1991 онд 100 сая ам.долларын алдагдлыг банк хоорондын арбитражийн гүйлгээ буюу диллерийн арилжааны үр дүнд хүлээж байсан. Тэрхүү алдагдлын төлбөрт улсын нөөцийн 4.4 тонн алтаар төлбөр хийсэн болохоор түүхэнд алт диллерийн хэрэг хэмээгдэн үлдсэн юм. Энэхүү алт диллерийн луйвар тухайн үеийн хар захын ханшаар есөн тэрбум төгрөг. Энэ бол Монгол Улсын түүхэн дэх анхны аймшигт том луйвар. Чухам энэ үеэс Монголд хариуцлагын засаглал хямарч, эдийн засгийн шимэгчид бий болж эхэлсэн” хэмээн тодотгодог. Харин тухайн үед хэргийг шалгаж байсан хууль хяналтынхан “УИХ-ын гишүүд, Монгол банкны ерөнхийлөгч зэрэг улс төрийн томоохон албан тушаалтнуудын бүлэглэл багтсан Алт диллерийн хэргийг шалгах маш хэцүү байсан. Холбогдох хүмүүс нь гадаад руу зугтаачихсан. Хэргийн буруутнуудыг шалгах гэхээр энд тэндээс дарга нарт нөлөөлж, хэргийг удаашруулж, замхруулах гэсэн маш олон оролдлого хийгдэж байсан. Таван жилийн турш шалгаад олигтой үр дүнд хүргэж чадаагүй юм. Хэргийг шалгаж байсан Тагнуулын ерөнхий газар, цагдаа, прокурорт улстөрчид нөлөөлөөгүй байсан бол буруутнууд торны цаана суух боломж байсан” хэмээн мэдэгдэж байсан билээ.

4.4 ТОНН АЛТНЫ ХЭРЭГ

1992 онд Д.Бямбасүрэн Ерөнхий сайдаар томилогдов. Засгийн газар бүрдэж, анхны хамтарсан Засгийн газрын тэргүүнээр ажиллах болов. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн МАХН-ынхан Ардчилсан холбооны цөөнгүй хүнийг өндөр албан тушаалд томилсон байдаг. Д.Бямбасүрэн ардчилсан хүчнээс Да.Ганболдыг Тэргүүн шадар сайдаар, Д.Дорлигжавыг Шадар сайдаар томилж ажиллуулсан билээ. Үүний дотор Д.Бямбасүрэнгийн Засгийн газар Монгол банкны ерөнхийлөгчөөр эдийн засагч мэргэжилтэй, гадаадад сургууль төгссөн гэх Н.Жаргалсайханыг томилсон юм. Харин дэд ерөнхийлөгчид Сүхбаатар жанжны үр удам гэгдэх Д.Сүх-Эрдэнэ гэх хүнийг тавьсан байдаг. Тэднийг шинэ ажилд томилогдох үед ОХУ руу Эрдэнэсийн сангийн хоёр тонн алтыг аваад ор сураггүй алга болсон гэх хэрэг ид мандаж байсан үе юм. Тухайн үед Тэргүүн шадар сайд Да.Ганболд, Монгол банкны ерөнхийлөгч Н.Жаргалсайхан, Д.Сүх-эрдэнэ нар Монголбанкинд хадгалаатай байсан 4.4 тонн алтыг Лондон руу цэвэршүүлэхээр хил давуулах шийдвэрийг гаргасан байдаг юм. Ингээд Монголбанкны Эрдэнэсийн сангаас 1992 оны нэгэн шөнө алтыг шөнөжин зөөж тусгайлан бэлдсэн онгоцонд ачиж, Лондон руу авч одсон байдаг. Тэд Лондонд алтаа цэвэршүүлэх талаар шийдвэр гаргасан шалтгаанаа “Тухайн үед Эрдэсийн санд хадгалагдаж байсан алтны чанар тааруу байсан. Монголд цэвэршүүлэх боломжгүй байсан болохоор Лондон руу авч яваад цэвэршүүлж, цэвэр шижир алт бий болгох шаардлагатай. Мэдээж цэвэр алт дэлхийн зах зээлд өндөр үнээр зарах боломжтой” гэх утга бүхий шийдвэрийг нууцаар гаргасан байдаг. Ингэж л Монгол Улсын хилээр 4.4 тонн алт гараад ор сураггүй алга болсон түүхтэй. Эргэж нэг ч төгрөг Монголд ирээгүй байдаг юм байна лээ.

ДИЛЛЕРИЙН ХЭРЭГ БА 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ

БНМАУ-ын МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрийн дагуу Улсын төв банкинд “Арбитражийн гүйлгээ хийх эрх”-ийг 1988 онд олгосон байна. Түүнээс хойш Улсын төв банк диллерийн гүйлгээг байнга тогтмол гадны банкуудтай хийж байсан ба гүйлгээний алдагдлыг олон нийтэд зарладаггүй байж. Монголд Улсад 1990 онд ардчилсан тайван хувьсгалын үр дүнд социалист бус зах зээлийн нийгмийг сонгон Монгол Улс шинэ нийгмийн тогтолцоонд шилжсэн үед ч энэхүү арбитражийн гүйлгээг үргэлжлүүлэн хийж байжээ. Харамсалтай нь, Засгийн эрх барьж байсан ардчилагчид ч энэ талаарх мэдээллийг нууцалж байсан байна. Энэ үед ЗХУ-аас бараг 100 хувьд эдийн засгийн хувьд хараат байсан Монгол Улсад ОХУ-ын зүгээс эдийн засгийн хувьд боох үйл ажиллагаа явуулж байснаар Монголд хүнсний өргөн хэрэглээний бараа болон шатахуун зэрэг амин чухал түүхий эдүүдийн хомсдолд орж, улмаар картанд шилжсэн хүнд үе эхэллээ. Энэ хүнд үед Монголбанкны хэдэн залуу банкны хамаг алтаар диллер гэгч банк хоорондын тоглоомыг тоглож байгаад алдсан байна гэсэн яриа ард түмний дунд гарсан улмаар улмаар тэр үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдан энэ тухай баримтууд ил тод болж эхэлсэн юм. Энэхүү арбитражийн гүйлгээг алдагдалтай хийсэн үйлдлийн үр дүнг Монголбанкны ерөнхийлөгч Н.Жаргалсайхан, Засгийн газрын эдийн засаг, мөнгө санхүү хариуцсан Шадар сайд Да.Ганболд хоёр мэдэж байсан ч арга хэмжээ авалгүй өөгшүүлсний үр дүнд 100 сая ам.долларын алдагдлыг нь тухайн үед Монгол Улс үүрэх хэрэгтэй болсон нь тодорхой болсон юм. Швейцарийн Базель хотноо байдаг Олон Улсын хөгжлийн банкны мэдээгээр 1990 оны гуравдугаар сард Монгол Улс ямар ч зээлгүй байснаа зургадугаар сард 58 сая, есдүгээр сард 100 сая, арванхоёрдугаар сар гэхэд 62 сая долларын зээлтэй болчихжээ. Үүнтэй зэрэгцээд хэсэг хүмүүс диллер тоглож, улсын 80 сая ам.долларыг тавьж туучихаад барьцаанд нь улсын 4.4 тонн алтыг гадаадад гаргачихсан томоохон хэрэг босч ирэв. Хачирхалтай нь, энэ мэдээллийг О.Чулуунбат хүчний байгууллагад анхлан өгсөн байдаг юм. Энэ асуудлаар 1991 оны аравдугаар сард Засгийн газрын нэгэн хаалттай хуралдаан хийжээ. Зарим сайд “Цаашид ажиллах ёс суртахууны эрх бидэнд байхгүй, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй” гэсэн санал хүртэл гаргажээ. Улмаар Ерөнхий сайд Д.Бямбасүрэн ч үүнийг зөвшөөрч, эл асуудлыг Ерөнхийлөгч П.Очирбатад танилцуулахаар тогтжээ. Мөн Улсын сангийн нөөц, арбитражийн гүйлгээний талаарх Засгийн газрын шалгалтын комисс байгуулж, даргаар нь тэр үеийн Сангийн сайд А.Базархүүг томилон шалгуулжээ. Энэ шалгалтын дүн эдүгээ мөнөөх улигт төрийн нууц гэгчид орсон бөгөөд тухайн үед А.Базархүү дараахь тоо баримтыг хэлсэн байдаг. Үүнд, Диллерт 80 сая, банкны конторын засварт гурван сая, биржийн төвд 3.6–3.7 сая, Германд урьдчилгаанд дөрвөн сая бүгд нийлээд 90 гаруй сая ам.доллар оргүй алдсаныг тогтоожээ. Энэ нь тухайн үеийн төгрөгийн албан ханшаар 3.6 тэрбум ( тэр үед нэг ам.доллар 40 төгрөг болж байв. Д.Г.). Тэр үеийн хар захын ханшаар есөн тэрбум төгрөг болсныг тооцож гаргасан байдаг. Энэ бол Монгол Улсын түүхэнд анх удаа гарсан хамгийн том луйвар, дээрэм байсан юм. Чухам энэ үеэс Монголд хариуцлага хүлээдэг хүн байхгүй болж, эдийн засгийн хачиг бий болж эхэлсэн юм. Дээр дурдсан тоо болгон их учиртай, тус бүрдээ томоохон гэмт хэргүүдийг илчилдэг юм. Жишээлбэл, Германы урьдчилгаанд төлсөн дөрвөн сая ам.доллар гэдэг тоо өнөөдөр маш даруухан сонсогдож болох. Тэр үед О.Чулуунбат тэргүүтэй зарим нөхөд 50 сая ам.долларын зээл авахаар Германы хэн ч үл мэдэх компанитай тохирчээ. Тэд нь барьцаанд урьдчилгаа дөрвөн сая ам.доллар төлчих гэсэн байна. Үүнийг О.Чулуунбат идэвхийлэн дэмжиж, мөнгөө шилжүүлчихэж. Гэтэл нөгөөх 50 сая нь орж ирдэггүй. Хэрэг нэг биш болсныг мэдэж лавлатал нөгөөх нь хуурамч буюу фиктив байгууллага байсан аж. Ингээд л дөрвөн сая ам.доллар оргүй алга болох жишээтэй. Энэ асуудлыг шалгасан, хөөцөлдсөн, шийдсэн газар өнөө болтол байхгүй. Монгол улсын Ерөнхий прокурор 1993 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А/46 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан “Алт, диллерийн хэрэг” гэдгийг мөрдөх үүрэг өгч,шийдвэр гаргасан. Шийдвэрийн дагуу шалгалт хийсэн боловч энэ талаар авсан арга хэмжээний тухай нийтэд тодорхой ойлголт байдаггүй байна” гэжээ. Ингэж л “Алт, диллерийн хэрэг” хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн байдаг.

ХЭРЭГ ХЭРХЭН ШИЙДЭГДСЭН БЭ

Тагнуул, хуулийнхан болоод зарим нэр бүхий хүн 1990-ээд оны үед Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэний гол шалтгаан нь банкны нөөцийн алтыг нэр бүхий хэсэг хүн барьцаалж, диллерийн арилжаанд алдсан явдал. Тэдний цаана томчууд, УИХ-ын гишүүд байсан ч тэднийг ил болгож чадаагүй. Нэр нь ил гарсан хүмүүст ч зохих ял шийтгэлийг нь ногдуулж чадаагүй” гэдэг. Олны өмнө нэр нь ил болсон хүмүүс тэгвэл хэн байв. 1991-1992 оны гол дуулиан шуугианы эзэд төдийгүй Алт диллерийн хэргийн буруутнаар таван хүн тодорч, хоёр нь ял сонсож, хожимдоо тэнсэн болж хувирснаар уг хэрэг шувтарсныг хүн олон санаж буй биз ээ. Монголбанкны Эрдэнэсийн санг цөлмөж, гадаадад арилжсан нөхдөөр Д.Сүх-Эрдэнэ, Г.Хүдэрчулуун, Н.Жаргалсайхан, Д.Саран, Хүрэлбаатар нар нэрлэгддэг. Таван жил гаруй хугацаанд үргэлжилсэн шүүх хурал хэнд ч тохирох ялыг нь үүрүүлээгүйгээр барахгүй Д.Сүх-Эрдэнэ, Н.Жаргалсайхан нар тэр үед Монголоос оргон зайлж, өнөөг хүртэл хуулийн хариуцлага огт хүлээгээгүй билээ. Тухайн үед буюу 1990 оны эхнээс 1992 оны эхэн хүртэл Н.Жаргалсайхан нь Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан юм. Харин Д.Сүх-Эрдэнэ нь түүний дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан байдаг. Тэрбээр тухайн цаг үедээ банк санхүүгийн талын мэдлэгтэй цөөн хүний нэгд тооцогдож байсан нэгэн. Гэсэн ч Н.Жаргалсайхан болоод Д.Сүх-Эрдэнэ нар нь улсын 80 сая ам.долларыг банк хоорондын нууцын зэрэглэлд явагддаг диллерт тоглож, алдчихаад Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн тэргүүтэй томчуудын итгэл, нэр хүндээр далимдуулан Эрдэнэсийн сангийн 4.4 тонн алтыг гаднын тунгаагуурт цэвэршүүлэх нэрээр хилээр гаргаж, өрөндөө өгсөн хүмүүсийн гол төлөөлөл яах аргагүй хэмээн үздэг.

Н.ЖАРГАЛСАЙХАН, Д.СҮХ-ЭРДЭНЭ НАР ХААНА ЯВНА ВЭ

Хамгийн сонирхолтой нь тэд Монголд үе үе ирж, хэд хоног амарч, зугаалж байгаад явцгаадаг гэх. Н.Жаргалсайхан нь Австралид, Д.Сүх-Эрдэнэ нь Америкт нэлээд чинээлэг амьдардаг гэнэ. Тэдэнд Монголоос хилийн хориг огт тавьж байгаагүй юм гэнэ лээ. Н.Жаргалсайхан нь Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын төрсөн ах нь билээ. Өдгөө эдийн засагчид “Найдансүрэнгийн хоёр хүү XX зууны сүүлч, XXI зууны эхэн үеийн Монголын эдийн засгийг сүйрүүлсэн эдийн засгийн алуурчид. Гаднаас эдийн засагт нөлөөлж болох бүхнийг тэр хоёр өөрсдийнхөө хэмжээнд хангалттай хийсэн” хэмээн ярьдаг нь ч үнэний ортой байж мэдэх юм. XX зууны сүүлч, XXI зууны эхэн үе гэдэг нь тэдний Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан цаг хугацаа юм. Н.Жаргалсайхныг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Н.Золжаргал нь Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар буюу 1991-1996 онд ажиллаж байсан юм. Өөрөөр хэлбэл, 1990 оноос өнөөг хүртэлх Монголын эдийн засагт ах, дүү хоёрын гар бие байнга оролцоотой байсан гэсэн үг. Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш Монголын эдийн засагт ямар хохирол, сөрөг үр дүн авчирсныг энд дурдах нь илүүц биз ээ.

Н.Жаргалсайхан зуны улиралд Монголдоо гэр бүлээрээ ирж, амарч байгаад эргээд явчихдаг гэсэн. Төрсөн дүү Н.Золжаргал нь өндөр албан тушаал авах бүрт Монголдоо ирдэг гэх мэдээлэл хууль хяналтын байгууллагад байдаг юм байна лээ. Харин жанжин Д.Сүхбаатарын удам Д.Сүх-Эрдэнэ 3-4 жилд нэг удаа Монголд ирээд сар болоод буцдаг гэсэн. Тэд “Алт диллер”-ийн хэргээс хойш нэг ч удаа төрийн албанд ажиллаж байгаагүй. Хэдэн жил гадаадад зугтаасан. Гол гогцоо энэ хоёр хүнээс цааш хөвөрч Да.Ганболдоос эхлээд тухайн үеийн нэр бүхий томоохон албан тушаалтнууд холбогдох байсан хэрэг ийнхүү замхарсан түүхтэй. Үүний горыг Монголын эгэл жирийн иргэд амсаж, идэх хоол өмсөх хувцасгүй шахам болж, ядуурсан байдаг.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *