Алжир улсын Ерөнхийлөгчийн ордоны лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Испани улстай хоёр орны харилцааг хөгжүүлэх хүрээнд байгуулсан “Сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г түлгэлзүүлэхээр шийдвэрлэсэн гэжээ.
Энэ оны эхээр Испани улс Баруун Сахарын бүс нутагт төвийг сахисан байр сууриа өөрчилж, олон нийтэд нээлттэйгээр Марокког дэмжсэн хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Испанийн Засгийн газрын энэхүү алхам нь хууль, эрх зүй, ёс суртахуун, улс төрийн үүргээ зөрчиж, Баруун Сахарын бүс нутаг болон бүс нутгийн нөхцөл байдлыг муудахад хүргэсэн гэж үзжээ.
Улмаар Алжирын Засгийн газар 2002 онд Испани улстай байгуулсан “Сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
Испанийн Гадаад харилцааны сайд Хосе Мануэл Албарез хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Алжир улстай сайн харилцаатай байх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, байгалийн хийн хангамжийн асуудалд санаа зовохгүй байна. Алжир хүлээсэн үүргээ биелүүлэх болно” хэмээн хэлжээ.
Өнгөрсөн 2020 оны 12 дугаар сард АНУ-ын Цагаан ордон мэдэгдэл хийхдээ “Баруун Сахарын асуудлыг шийдвэрлэх Мароккогийн саналыг АНУ дэмжиж, Баруун Сахарын нутаг дэвсгэр дэх Мараккогийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч байна” гэж байв.
Энэ оны 3 дугаар сард Испани улс Баруун Сахарын өөртөө засан тогтнох Мароккогийн төлөвлөгөөг дэмжиж байгаагаа мэдэгдсэн ба үүний дараа Алжир улс Испанид суугаа Элчин сайдаа эргүүлэн татсан юм.
Баруун хойд Африк дахь Баруун сахар нь Испани улсын колони байсан бөгөөд тусгаар тогтнолын маргаантай бүс нутаг. Марокко улс өмнө нь Алжирын дэмжлэгтэй Баруун Сахарыг чөлөөлөх армитай арав гаруй жил тулалдаж, 1991 онд НҮБ-ын зуучлалаар гал зогсоох хэлэлцээр байгуулсан.
Одоогоор Баруун Сахарын ихэнх хэсэг Мароккогийн хяналтад байгаа юм.