Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Алдартнуудыг төрүүлсэн “АЛДАР”-ынхан

Төрийн наадмын түрүүгээр тасраагүй

Монгол Улсын спортын түүхийг бичиж буй олимп, дэлхий, тивийн үе үеийн алдартнууд өсөн өндийсөн “Алдар” спорт хорооноос энэ удаагийнхаа “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Монголын сор болсон тамирчдыг өлгийдөн төрүүлсэн тус хорооныхон шинэ байранд оржээ. Дөрвөн жилийн өмнө “Алдар” спорт хорооны шинэхэн дарга Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин, хурандаа Г.Өсөхбаяраас ярилцлага авахаар очиж байсан минь дөнгөж өчигдөр мэт санагдаж байлаа. Тэр үед хоёр давхар ягаан байранд байсан билээ. Эдийн засаг хүндхэн байсан сүүлийн жилүүдэд “Алдар” спорт хорооныхоо шинэ байрны төсвийг царцаалгүй авч үлдэхийн тулд Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаяр, тус хорооны орлогч дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ нарын хүч хөдөлмөр их байсан биз. “Алдар” спорт хорооныхон өмнөх байрандаа бэлтгэл хийх үед нэг заалаа хэд хэдэн хэсэгт хувааж алга дарам зайд тамирчид нь бэлтгэл сургуулилтаа хийдэг байж. Гэхдээ тэдний амжилт заалны том, жижигт биш уйгагүй хүч хөдөлмөр зүтгэлд нь байдаг юм гэдгийг “Алдар” спорт хорооны үндэсний бөхийн багш, Монгол Улсын начин “өмсдөг” Ш.Зоригт хэлж байсан юм. Өнөө жилийн баяр наадмаар гэхэд төрийн наадмын үзүүр бөх Увс аймгийн Давст сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх улсын арслан П.Бүрэнтөгс, мөн зургаа давсан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат “Таванхан” дэвжээний бөх Б.Одгэрэл, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх Ч.Ганзориг, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат “Хур харцага” дэвжээний бөх Э.Даш нар Монгол Улсын начин цол хүртсэн билээ. Түүнчлэн төрийн наадмын их шөвөгт шалгарсан улсын гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын манлай заан Ч.Санжаадамба нар мөн л “Алдар”-ынх. Төрийнхөө баяр наадмын шөвгийн дөрвөн бөхийн гурав нь “Алдар” спорт хорооных байсан хэмээн бахдан ярих тамирчдыг хараад “Алдар”-ынхантай хэн маргах вэ гэсэн бодол төрж байсныг нуух юун. Өнөө жилийн Үндэсний баяр наадмын сурын харвааны тэмцээнд Б.Батбаатар 40 сумнаас 35 онож түрүүлэн Монгол Улсын мэргэн, эмэгтэй харваачдаас 40 сумнаас 36 сум онож түрүүлсэн харваач С.Энхтунгалаг Монгол Улсын хошой мэргэн цол хүртсэн билээ.

2015-2016 оны хичээлийн жилийн нээлтэд ирсэн зочид

Дээрх хоёр харваач нэг гэр бүлийнхэн гэдгийг манай уншигчид мэднэ. Мөн “Алдар” спорт хорооны тамирчид гэдгийг ч хэдийнэ гадарлаж байгаа буй за. Г.Өсөхбаяр даргын өрөөнд яваад ортол дархан аварга маань Достоевскийн “Хүн, араатан, бурхад” номыг уншиж суулаа.

Г.Өсөхбаяр хурандаатай “Алдар” спорт хорооны тамирчдын амжилтын талаар яриа өрнүүлж байтал Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Д.Батсайхан нар орж ирлээ. Тэдний араас шил даран “За, Өсөхөө аварга аа ажил сайн уу. Хоцорчихоогүй биз дээ” хэмээн ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, дэд хурандаа Д.Бумбаяр ороод ирлээ. Д.Бумбаяр заан “Сайхан намаржиж байна уу. Амрыг эрье. Энэ доор танай тамирчид бүгд ирцгээжээ. Утсаа авахгүй байсан нөхдүүдтэй энд таарлаа. Нээлт хэдээс билээ. Танайхны тэмцээн уралдаан амжилттай юу” хэмээн Г.Өсөхбаяр хурандаагаас асуунгаа бусад хүмүүстэй мэнд мэдлээ. Өнгөрөгч долоо хоногийн даваа гаригт Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны 2015-2016 оны хичээл, сургуулийн нээлт болсон юм. Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат саяхан Арабын нэгдсэн Эмират улсад болсон Абу Дабигийн Их дуулга тэмцээний сонин сайхнаас хуучилж “Энэ эрчээрээ явж байгаад ирэх Риогийн олимпод шүүгчээр орох санаа байна” хэмээн ярьж байлаа. М.Бөхбатын хувьд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд тивийн аварга, Их дуулга, гран при тэмцээнүүдэд тогтмол шүүгчээр оролцож байгаа билээ. Г.Өсөхбаяр аваргын өрөөнд ийн яриа өрнөж байх ахул МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн хэлтсийн дарга Ц.Баярсайхан, ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны дарга, дэд хурандаа Ц.Мягмарсүрэн, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дэд дарга, хурандаа Г.Эрхэмбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар ар араасаа орж ирсэн юм.

Алдарспорт хорооны орлогч дарга Д.ЦогЭрдэнэ, ОУХМ Чулуунбаатарын хамт

Үндэсний бөхийн хамаг аваргууд “Алдар”-аас төрсөн гэхэд болно. Дархан аварга Дарийн Дамдин, Д.Цэрэнтогтох, Б.Түвдэндорж, Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Бээжин, Д.Хадбаатараас эхлээд ихэнх тамирчдын алдрын гараа “Алдар”-тай салшгүй холбоотой. Одоогоор Монгол Улсын аварга цолтон 11, Монгол Улсын арслан 13, Монгол Улсын гарьд гурав, Монгол Улсын заан 11, Монгол Улсын Харцага, Начин цолтой 65 бөх төрөн гараад байгаа гэнэ. Улсын аварга Д.Хадбаатарын хүү Х.Мягмарсүрэн “Алдар” спорт хороонд үндэсний бөхөөр хичээллэж байгаа юм байна. Алдар нэр нь “Алдар”-аас эхэлж алтан биеэ армид зориулсан домогт долоон харын нэг Мехикогийн олимпийн наадмын хүрэл медальт Төмөрийн Артаг агсан “Алдар”-ынх байсан. Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөн цагаас хойш 2010 онд хамгийн анхны гавьяат дасгалжуулагч төрөн гарсан нь “Алдар”-ын Ц.Цэвэрбал багш. Мөн чөлөөтийн Дугарсүрэнгийн Оюунболд гэж гайхалтай эрхэм явсныг бид мэднэ. Энэ хүмүүн ч гэсэн “Алдар” спорт хорооны тамирчин байлаа. Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Дамийл буюу Ч.Дамдиншарав, ардын багш Д.Бандийн шавь гавьяат дасгалжуулагч Дорнодын С.Төмөрбатаа багш гээд үе үеийн “Алдар”-ын алдарт тамирчдын тухай бичье гэхэд уртаас урт жагсаалт гарах нь дамжиггүй.

Энэ тухай түүх сонсон суутал нээлт эхэлж байна хэмээн өрөөнд суусан хүмүүс бүгд заал руу явцгаалаа. Энэ удаагийн хичээлийн шинэ жилийг нээж Г.Өсөхбаяр хурандаа үг хэлсэн. Энэ үеэр Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Батлан хамгаалах яамны тэргүүний ажилтан” тэмдгээр Буудлагын спортын дасгалжуулагч, дэд хурандаа Л.Ундралбат, “Батлан хамгаалах яамны хүндэт тэмдэг”-ээр жүдо бөхийн дасгалжуулагч, дэд хурандаа Д.Батсайхан нар энгэрээ мялаав. “Дайчин алдар-I медаль”-аар чөлөөт бөхийн дасгалжуулагч, гавьяат тамирчин, дэд хурандаа Цэрэнбаатарын Цогтбаяр, Урт бууны төрөлд алтан медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч О.Янжинлхам, Жүдо бөхийн багийн мөнгөн медаль, 90 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер, дэд ахлагч Х.Цогтгэрэл, Чөлөөт бөхийн 70 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн, ахмад Г.Мандахнаран тэргүүтэй 20 орчим тамирчин энгэрээ мялаав. “Алдар”-ын тамирчид нээлтэн дээрээ медалиудаа зүүцгээжээ. Зарим тамирчин нь энгэр дэх медалиа даахгүй шахам, шажигнуулан алхацгаана. Монгол Улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд И.Доржсамбуу, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ш.Зоригт, Ч.Баянмөнх тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд ч олноор ирсэн байлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн наадмын мөнгөн медальт О.Гүндэгмаа олон улсын тэмцээнд яваа тул ирж амжаагүй юм байна хэмээн тамирчид нь өөр хоорондоо ярилцах нь сонстоно. Үзэгчдийн суудалд ийн яриа өрнөх ахул Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж эхлэв.

70 жилийн түүхийг бичсэн алдартнууд

“Алдар” спорт хороонд 108 тамирчин харьяалагддаг бөгөөд спортын 15 төрлөөр бэлтгэл сургуулилтаа хийдэг юм байна. Саяхан БНСУ-ын Мунгён хотноо зохион байгуулагдсан Дэлхийн цэргийн спортын зургадугаар их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид спортын найман төрөлд оролцон зургаан алт, 12 мөнгөн медаль, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар Дэлхийн 117 орны 7045 тамирчнаас багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарсан түүхэн амжилтын эзэд болцгоожээ. Энэ жилийн хувьд түүхэндээ хамгийн олон буюу 87 хүний бүрэлдэхүүнтэй спортын найман төрөлд өрсөлдсөн юм байна. Уг тэмцээний урт бууны төрөлд өрсөлдсөн эмэгтэй тамирчид 1995 онд тогтоосон амжилтыг шинэчилсэн байна. Түүнчлэн ирэх 2016 онд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны 70 жилийн ой болох бөгөөд энэ хүрээнд 70 бүтээлч ажил хийхээр төлөвлөж байгааг Г.Өсөхбаяр хурандаа хэлсэн. 2016 оны Риогийн олимпод “Алдар” спорт хорооны тамирчдаас гурван эрх аваад байгаа бол цаашид энэ тоог ахиулахын төлөө манай тамирчид цаг наргүй бэлтгэлээ базааж байгаа талаар хэлсэн. Тэгвэл Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан “Дэлхийн цэргийн спортын зургадугаар Их наадамд оролцсон 117 орны 7045 тамирчнаас багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарна гэдэг бол том амжилт. Та бүхнээрээ батлан хамгаалах салбарынхан бид бүхэн бахархаж байна. Цаашдаа гаргасан амжилтаа ахиулаарай гэж та нартаа захих байна. Та нар бэлтгэлээ л сайн хий, шамд. Харин бид бүхэн дэмжинэ” гэдгээ хэлж байсан юм.

Монгол Улс 1992 онд Бээжинд болсон СИЗМ-ийн буюу Дэлхийн спортын холбооны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож СИЗМ-д жинхэнэ гишүүнээр элссэн байдаг. Зах зээлийн эхэн үеийн хүндрэл бэрхшээлийн явцад татвараа төлөөгүй учир 1999 онд сул гишүүнээр бүртгэгдэж явсныг 2012 онд дахин жинхэлж чадсан нь том ажил байлаа гэдгийг Өсөхөө аварга хэлэв. СИЗМ-ийг эрхээ дөнгөж сэргээснийхээ дараа Гуанжуд болсон буудлагын дэлхийн аваргад О.Гүндэгмаа ахлагчтай тамирчид байлдааны буудлагын төрөлд дэлхийн аварга болоход бусад орны тамирчид маш их гайхан, баяр хүргэж байсан гэнэ. Манай тамирчид учрыг нь сайн ойлгоогүй байтал “16 жил дараалан түрүүлсэн Хятадын багийг хожиж, дэлхийн аварга боллоо. Баяр хүргэе” хэмээн хэлэхэд нь л маш том амжилт гаргаснаа мэдсэн байна.

СИЗМ буюу Дэлхийн цэргийн спортын их наадамд 1995 онд чөлөөт бөхийн төрлөөр Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын үндэсний бөхийн дархан аварга хурандаа Г.Өсөхбаяр мөнгөн медаль, 1999 онд жүдо бөхийн төрлөөр хошууч П.Нямлхагва алтан медаль, 2012 онд буудлагын төрлөөр багийн төрөлд алт, мөнгөн медаль хүртэж байсан бол 2014 онд боксын төрлөөр олон улсын хэмжээний мастер дэд ахлагч Б.Чинзориг алтан медаль, гавьяат тамирчин Н.Төгсцогт хүрэл медаль, чөлөөт бөхийн тэмцээнээс гавьяат тамирчин, ахмад Г.Мандахнаран, гавьяат тамирчин, ахлагч С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж, эрэгтэйчүүд багаараа алтан медаль, эмэгтэй тамирчид хоёрдугаар байрт шалгарч багийн дүнгээр дөрвөн алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Бүх ард түмний спартакиадад 11 түрүүлсэн баг “Алдар”-аас өөр байхгүй

“Алдар” спорт хороо ирэх онд 70 жилийн ойгоо тэмдэглэнэ гэдгийг дээр өгүүлсэн. Тус хороо нь 1946 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Цэрэг” нийгэмлэг нэртэйгээр анх үүсэн байгуулагдсан түүхтэй гэдгийг хурандаа Д.Цог-Эрдэнэ тодотгож байлаа. Монгол Улсад дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг “Монголын Олимп” болох Монголын Бүх Ард Түмний спортын их наадам 13 удаа зохион байгуулагдсанаас 11 удаа тэргүүн байр, хоёр удаа дэд байр эзэлсэн түүхэнд дахин давтагдашгүй өндөр амжилтыг “Алдар”-ынхан үзүүлээд байгаа гэнэ.

Алдар спорт хороо бол үндэсний болон орчин үеийн спортуудын суурийг тавьсан гэдэгтэй маргах хүн байхгүй гэдгийг гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр хэлж байсан юм. Алдар спорт хорооныхон шинэ хичээлийн жилийн нээлтдээ зориулж тамирчдынхаа дунд гар бөмбөг, дартс, ширээний теннисний тэмцээн зохион байгуулав. Үндэсний бөхийн багт улсын арслан Д.Ганхуяг, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Э.Даш, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Бат-Эрдэнэ, Чимэдвандан нарын тамирчид багтсан харагдав. Харин Г.Өсөхбаяр аварга ажилтнуудтайгаа нэг багт өрсөлдлөө. Тэрбээр “Өө, ийм бөмбөг битгий алд л даа” хэмээхэд үзэгчдийн суудалд суугаа тамирчдад ихэд таалагдсан бололтой “Манай дарга чинь том биетэй хүүхэд байхгүй юу” хэмээн өөр хоорондоо хөөрөлдөнө.

“Алдар” спорт хорооныхон шинэ спорт цогцолбортоо тэмцээнээ зохион байгууллаа. Шинэ спорт цогцолборын заал нь 580 хүний суудалтай юм байна. Цогцолбор дотроо жүдо бөх, чөлөөт бөх, бокс, үндэсний бөх, сур харваа, хүндийн өргөлт, байт харваа, буудлагын тир, бялдаржуулах танхим, оюуны спортын танхим, Цэрэгжлийн спортын сургалтын танхим, Ширээний теннис, биллъярд, дугуйн тэргүүтэй 10 гаруй спорт танхимтай юм байна. Заал тус бүртээ хувцас солих өрөө, халуун усны өрөөтэй хэмээн “Алдар” спорт хорооны орлогч дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ хэлсэн юм. Д.Цог-Эрдэнэ хурандаагийн хувьд анх тамирчнаар уг хороонд орж байсан бол 1998 оноос өнөөг хүртэл 17 жил орлогч даргаар ажиллаж байгаа юм билээ. Гар бөмбөг тоглож байсан Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр, П.Нямлхагва нарыг харж суусан ахмадууд энэ мундаг дасгалжуулагч нарын шавь нараас ирээдүйн Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, Х.Цагаанбаатарууд төрнө шүү дээ хэмээн хуучилж суув. Самбо, жүдогийн танхимд 50 гаруй хүүхэд бэлтгэл хийж байлаа. Эдгээр хүүхдүүд бүгд мундаг тамирчин болох албагүй. Гэхдээ нийгэмдээ хэрэгтэй, хатуужилтай, өвчин эмгэг гээд байдаггүй эрүүл саруул монгол хүн энэ заалнаас төрөх ёстой хэмээн орлогч дарга хэлж байв. Тэрбээр мөн “Алдар”-ын залуучууд энэ танхимаас амжилтаа эхлэх ёстой. Түүнээс биш хэн нэгэн дасгалжуулагчийн бэлтгэсэн, амжилт гаргаж буй хүмүүсийг тамирчнаар авч “бэлэнчлэхийг” төдий л хүсдэггүй гэсэн юм. Учир нь “Алдар”-ын гэдэг брэнд тамирчдын цувааг үргэлжлүүлэх хүсэл тус хамт олонд байдаг аж.

Шинэ зааландаа тоног төхөөрөмжтэй болъё гэсэн ч эдийн засаг хүнд байгаа болохоор хэцүү л байна. Улсын төсөв хэцүү байгаа болохоор тоног төхөөрөмжийн нэг тэрбум төгрөгөө шийдүүлж чадаагүй л сууна хэмээн Г.Өсөхбаяр аварга өгүүлсэн. Гэсэн хэдий ч тамирчид нь өөрсдийн нөөц боломжоороо бага гэлтгүй заал танхимуудаа тохижуулж эхэлжээ. Бидний яриа спорт хороодыг татан буулгаж буй талаар үргэлжилсэн юм. Г.Өсөхбаяр хурандаа “Сайхан тогтож, төлөвшсөн спорт хороодыг татан буулгах нь буруу. Энэ хэдэн спорт хороод чинь л спортыг нуруун дээрээ үүрч явсан юм шүү дээ. Олон ч хүнийг хоолтой, бэлтгэл хийх заалтай байлгасан” хэмээн харамсангуй өгүүлэв.

Гэр хорооллын хүүхдүүдийн бэлтгэл хийх суурь бааз

Шархад, Амгалан, Дарь-Эхээс гээд гэр хорооллын маш олон хүүхэд тэнд бэлтгэл хийж байлаа. Боксоор гэхэд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь нар тив, дэлхийд гялалзаж явна. 79 дүгээр сургуулийн сурагч, 13 настай жаахан хүү түүнд шавь орохоор ирж 17-хон насандаа од болж, дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн нь гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт байв. Төгсцогт А.Гантулга багшийнхаа удирдлаган доор амжилтын гараагаа эхлүүлж байсан бол Өсвөрийн эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Ц.Энхжаргал, Б.Чинзориг гээд ирээдүйн аваргууд түүний удирдлаган доор бэлтгэл хийж байна. А.Гантулга багш “Миний хүүхдүүд ээ, та нар эрүүгээ дээш өргөөд байна. Эрүү дээшээ байх юм бол яг ингээд нам цохиулна” гээд өөрөө биеэрээ үзүүллээ. Баруун гартаа шүгэл, зүүн гартаа цаг барин, өмссөн хувцас нь тэр чигтээ хөлс болсон энэ дасгалжуулагчийг спортынхон андахгүй. Боксын ямар ч тэмцээн дээр “Алдар” гэсэн улаан цамцаар гоёчихсон явдаг түүнд шавь болох хүсэлтэй олон хүүхэд ирдэг. “Манай багш хамгийн мундаг нь. Биднийг загнадаггүй. Үргэлж зөөлнөөр зөв тоглохыг заадаг багш ховор шүү” хэмээн багшийнхаа нүднээс далд магтаж байсан юм.

Хүндийн өргөлтийнхний танхимаар орлоо. Найман жил дараалан улсын аварга болж байсан хэмээн жаахан охин моодгорхон зогсчихоод өгүүлж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээндээ байнга түрүүлдэг байсан ч ноднин Хөвсгөл аймагт болоход нь хоёрдугаар байрт шалгарсан юм байна. Энэ жил аварга болно оо хэмээн хүндийн өргөлтийн тамирчид нь итгэлтэй хэлж байсан билээ. “Алдар” спорт хорооны номын санчаар гар бөмбөгийн спортын олон улсын хэмжээний мастер Чулуунбаатар гуай ажилладаг юм билээ. “Алдар” спорт хорооны түүхийг өгүүлэх бүхий л зураг түүнд бий. Өдгөө 70 гарч яваа ч хөнгөн шингэн гэж жигтэйхэн, гар бөмбөгийнхөө тэмцээнд хамгийн сайн тоглож байсан нь энэ буурай юм. Түүний хувьд тус хороонд 48 жил болсон бөгөөд түүхийг нь үлдээх юмсан гээд хичээж л сууна гэдгээ хэлсэн.

Тамирчны зовлонг тамирчин л ойлгоно

Өдөржин спорт хорооны дотор ажилтай явсан Г.Өсөхбаяр хурандаатай оройн хэрд таван үг солих зав гарлаа. “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаярын хувьд 1994 оны дөрөвдүгээр сарын 1-ний тушаалаар “Алдар”-ын тамирчин болж байсан юм. Тэр үед “Буур” Н.Жамъян аваргын зээ хүү Өсөхөө сумын заан цолтой байлаа. Түүний хувьд дэд ахлагч цолтой анх спорт хороондоо харьяалагдаж байсан бол өдгөө хурандаа цолтой болж, “Алдар” спорт хороо хэмээх томоохон өрх айлыг удирдаж явна. Тэрээр “Өнөөдөр миний хувьд үндэсний бөхийн хамгийн том цолонд хүрлээ. Цэргийн хамгийн том хурандаа цолыг зүүлээ. Энэ бүхэн алдар нийгэмлэг, армитай минь холбоотой гэж боддог. Тиймээс би салбартаа, спорт хороондоо ихийг хийх үүрэгтэй хүн” хэмээн өөрийгөө тодорхойлсон юм. “Алдар” спорт хороо нэг хэсэг цэргийн ангийн харьяанд очиж дэн дун явсан цаг үе бий. Тэр бүхнийг даван туулсан хамт олон юм билээ. Өсөхөө аваргыг 2011 онд “Алдар” спорт хорооны даргаар ирэхэд үйл ажиллагаа нь ерөнхийдөө жигдэрчихсэн байж. Гэсэн хэдий ч хийх ажил маш их байсан гэнэ. Г.Өсөхбаяр хурандаа ажлаа авангуутаа гурван том зорилтыг өмнөө тавьсан юм байна. Хамгийн эхнийх нь СИЗМ-д гишүүнчлэлээ сэргээх, Монголын бүх ард түмний спартакиадад түрүүлэх, 1973 онд ашиглалтад орсон хуучин спорт заалаа шинэчлэх байжээ. Өнөөдрийн энэ өндөрлөгөөс эргээд харахад “Энэ гурав минь үнэхээр ажил болсон байна” хэмээн бахархангуй өгүүлсэн юм. Миний хичээл зүтгэлээс гадна, өмнөх үеийн мундаг тамирчид, албан хаагчдын буян хишиг ч нөлөөлсөн байх гэлээ. “Алдар” спорт хорооны даргаар ирсэн ямар ч хүн өндөр хариуцлагатай байх ёстой. Энэ бахархам түүхтэй хамт олныг удирдана гэдэг нь нэг талаасаа нэр төрийн асуудал шүү дээ хэмээн өгүүлсэн юм. Таван толгой дахь “Чингисийн хүрээ” цэргийн амралтын баазаа бэхжүүлж, орчин үеийн тамирчдын сэргэлтийн томоохон бааз болгохоор ажиллаж байгаа талаараа аварга танилцуулав. “Тамирчин хүний зовлонг тамирчин хүн л ойлгоно. Тамирчин болно гэсэн бол ар гэрийнхэн гээд бүхий л зүйл амжилтад нөлөөлдөг. Алдар спорт хороо тамирчдынхаа орон байраас эхлээд бүх зүйлийг шийдэж чадахгүй. Гэсэн ч аль болох зохицуулж, түүнийг нь нимгэлэх тал дээр анхаарч ажиллах ёстой” гэлээ. Аваргын өрөөний хойморт маш олон цом, медалийг өржээ. Энэ тухай асуухад манай “Алдар нийгэмлэгийнхний үе үеийн тамирчдын амжилтын буухиа юм” гэлээ. Хажуугийн хананд нь дайны хар сүлд, энх цагийн цагаан сүлд хоёрыг зуруулан байрлуулжээ. Харин тэрхүү хоёр зургийн дунд монгол бөхийн бүрэн өмсгөл, есөн хөлт цагаан тугийг дээдлэн байрлуулсан байв.

Харин хаалганыхаа дээд талд нум, сум өлгөсөн байлаа. Тэрээр “Манай сурын баг тамирчид хамт олондоо бэлэглэсэн юм. Монголчууд эртнээсээ гэрт орохдоо нум, сумаа буулгаж, хэт хуйгаа буулгаж ордог уламжлалтай. Үүнийг бодож хаалган дээрээ байрлуулсан” гэлээ. Мөн аваргын өрөөг чимж буй хоёр зүйл бол тэмдгийн цуглуулга аж. БНАСАУ, БНСУ, Польш, ОХУ гээд маш олон орны спортын нормативын тэмдгүүд байх юм. Мөн цонхон талдаа бурханы гурван судрын хураангуйлсан тарнийг байрлуулсан нь сонирхол татаж байлаа. Г.Өсөхбаяр аваргын өрөө болон орлогч дарга Д.Цог-Эрдэнийн өрөөнүүд цомын цуглуулга гэлтэй. 1940-оос хойших модон, шаазан, төмөр бүхий цомнууд байв дахиад ч нэг өрөө дүүрэн цом, медаль бий. Хоёр давхрынхаа нэг өрөөг тохижуулаад эдгээрийгээ байршуулна гэсэн юм. Ямартай ч Монголын спортын 70 жилийн түүхийг өгүүлсэн “Алдар” спорт хороог цухас танилцуулахад ийм байна. Г.Өсөхбаяр аваргыг “Танайд өнжье” булангаа гэрээс нь бэлтгэх хүсэлт тавихад “Бололгүй яахав ээ. Дараа тэгж байгаад очоорой, дүү нар” гэсээр бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. “Алдар” спорт хорооноос гараад алхаж явтал гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын “Манай “Алдар” спорт хороонд дөрвөн настай хүүхэд хүртэл хичээллэхээр ирж байна. Тийм жаахан хүүхдийн мөрөөдлийг бид үгүй хийж болохгүй. Суурийг нь тавиад өгөх хэрэгтэй. Тэгж чадвал тууштай нь үлдээд, спортынхоо төлөө сэтгэлтэй нь цаашдаа амжилт гаргадаг. Ер нь шавь нарын минь амжилт гавьяат цолоос үнэтэй юм шүү дээ” хэмээн хэлж байсан нь санагдаж байлаа.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *