Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Албан тушаалд очсон залуусын зам АТГ-аар төгсдөг нь гунигтай

Сүүлийн үед аль нэг улс төрийн нам эрх барихад залуус өндөр албан тушаалд мэр сэр очдог болжээ. Харин тэрхүү улс төрийн хуцнууд иймэрхүү томилгоогоо залуучуудыг дэмжиж байна, шинэ үеийнхэн төрд ажиллах ёстой гэхчилэн сурталчилдаг. Томилогдсон залуус ч мэргэжил, боловсролоороо хэнээс ч дутахааргүй болж. Голдуу гадаадад их, дээд сургууль төгссөн иймэрхүү залуусыг үеийнхэн нь ч дэмжиж байна. Тэд бусдыгаа манлайлан төр түшилцэж нэг хэсэгтээ мандаж байгаа. Гэвч ингэж очсон залуусын дийлэнх нь эцсийн дүндээ гэмт хэрэгт холбогдон АТГ-ын хаалга татах болжээ. Зарим нь ч бүр шорон оронд ороод дуусах юм. Юун мэдлэг боловсролоо зориулан төрд зүтгэх, юун бусдыгаа үлгэрлэн эрдэм чадлаа гайхуулан ажиллах манатай болчихоод байна. Хэдхэн сарын өмнө төрийн өндөр албан тушаалд томилогдоод ажилдаа ханцуй шамлан орж байсан залуу жил ч бололгүй шоронгийн хаалга татаж байна. Нийгмийн бухимдал төрүүлж, хэрэгт холбогдож буй залуусын жишээг олон нийт мэднэ дээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат саатуулагдлаа. Тэрээр 2004 онд Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Удалгүй Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд очиж байсан. Харин өнөөдөр тэрээр “Чингис”, “Самурай” бондын мөнгөний зарцуулалтаас болоод баривчлагдаад байна. Бас өнгөрсөн жил олныг шуугиулсан Г.Дэнзэнг олон хүн мартаагүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн тэрээр гучин нас ч хүрээгүй байхдаа “Эрдэнэс МГЛ” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар сонгогдож байв. Түүнийг эхнэрийнхээ компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгсөн хэргээр саатуулаад байгаа. Уг нь тэрээр сурлага, спортоор үеийнхнээ манлайлж байсан юм билээ. Замын-Үүдэд дунд сургуулиа төгсөөд МУИС-д хэрэглээний математикаар сурч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, МУИС-ийн Математик, компьютерийн сургуульд багш, УИХ дахь АН-ын бүлэгт ажиллаж байсан. Мөн хорин хэдэн настай байх үеэсээ л Төрийн банк болон ШУТИС-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан аж. Гэтэл өнөөдөр албадан саатуулагдаад байгаа. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн хэрэг бас л нийгмийг шуугиулсан. Цагдаагийн тусгай тасагт ажиллаж байгаад 1999 оноос мэргэжлийн бие хамгаалагчдыг бэлтгэдэг олон улсын холбоонд элссэн байдаг. Бие хамгаалагч, тэр дундаа өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн хүн болохоор хэд хэдэн сургууль төгссөн түүнийг УИХ-ын гишүүн асан Х.Баттулга дэргэдээ авч улмаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон. Гэсэн ч өнөөдөр бас л шоронд хоригдон шалгуулж байгаа.

Харин өнөөдөр сургууль соёлд амжилттай суралцаад, бусад залууст үлгэр дуурайл болон ажиллаж байсан залуус яагаад “аавын” хаалга татаад байна вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Элдэв хэрэгт холбогдож шалгагдаад яваад байгаагийн гол учир нь том улстөрчдийн гар хөл болдогт байх шиг. Туршлагатай, хал үзсэн улстөрчид хууль бус үйлдэл хийхдээ залуу хүмүүсийг өөрийнхөө өмнөөс тавьчихаад байна. Яг л нохойд барьдаг мод шиг. Залуус тэдний энэ үйлдлийг таамаглахгүйгээр гэнэн зангаар хандаж эцэст нь шоронд ороод дуусах юм. Уг нь хэний ч өмнө нүүр улайхааргүй боловсролтой залуус дурын нэг хүнд тийм ч амархан тархиа базуулчихгүй. Гэтэл тэд хууль мэдэхгүйгээс болж ингэж алдаад байгаа болов уу. Үүний зэрэгцээ залуу хүний хөнгөн, хашир биш зан байдаг л байх. Гэхдээ төрийн өндөр алба хашиж буй бол залуу насаар өөрийгөө хаацайлж болохгүй. Ямар ч асуудалд ул суурьтай ханддаг болмоор байна. Ингэхийн тулд төрийн ямар ч шатны албанд ажиллаж буй залуус хуулиа сайн мэддэг болмоор байгаа юм. Ядаж л Үндсэн хуулиа маш сайн судлах хэрэгтэй. Цаашлаад ажиллаж буй салбарынхаа холбогдох хууль, тогтоомжийг эхнээс нь дуустал яв цав цээжилчих. Хэрэв төрийн албанд карьер хөөж ажиллана гэж бодож байгаа бол танил тал харж гүйхээсээ өмнө эхлээд хуулиа сайн судлах хэрэгтэй. Үүнийхээ дараа албан тушаалд дэвш. Зоригтой ажилла. Залуу хүн алба хашна гэдэг муу зүйл огтоосоо биш. Харин ч бусдаас илүү зоригтой, тууштай ажиллах ёстой юм. Хамгийн гол нь ямар ч албан тушаалд очоод бие хүн баймаар байна. Намайг ажилд оруулж ирсэн юм чинь, энэ өндөр албан тушаалд томилсон юм чинь гэдэг байдлаар бусдад хандах хэрэггүй. “Хуулийн дагуу ажиллахгүй бол хоёулаа хамтдаа шоронд орно. Тиймээс хууль зөрчихгүй, болохгүй” гээд зогсож байх чадалтай бие хүний шинж залууст дутагдаад байна. Өөрийгөө өртэй болсон мэт сэтгээд хууль бус үйлдлийг нүдээ аниад хийхийнхээ оронд хэнбугайд ч үгүй гэж хэлээд сурчих. Болохгүй зүйлийг нь мэдэж байгаа бол үгүй гэж шуудхан хэлэх зоригтой бай. Хүнд үгүй гэж хэлж сур. Энэ бол аливаа эрсдэлээс, АТГ-аас, шоронгоос хамгаалах хамгийн чухал алхам. Дээрээс нь хуулиа сайн судалчих. Чамайг хамгаалах ганц зүйл бол хууль. Өөр юу ч биш. Хуулийн дагуу ажиллахад хэн ч, яах ч үгүй. Хэн нэгэн дарга, албан тушаалтанг таньдаг байлаа гэхэд буруутай үйлдлийн чинь төлөө тэд чамайг хуулийн өмнө хамгаалж дийлэхгүй. Хуулиа мэдэхгүйгээс болоод, бусдад сайн хүн болох гэж буруу шийдвэр гаргаад залуу сайхан насаа шоронд өнгөрүүлж байгаа бол өөрийн чинь буруу. Тиймээс хэний ч өмнө, ямар ч эрх мэдэлтний өмнөөс буруу шийдвэр гаргаж өөрийгөө хохироохгүй байх хэрэгтэй. Эцсийн эцэст өөрийнхөө толгойг чи өөрөө л хариуцаж үлдэнэ.

Буруудаад ирэх цагт чинь нөгөө тэнгэр мэт, сүмбэр уул шиг ахсаж, найзархаж байсан нөхөд чинь хэзээ ч уулзаж байгаагүй мэт аашлах болно. Ийм л хоёр нүүртнүүд чамайг тойрон эргэлдээд байгааг залуус минь анзаарахсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Албан тушаалд очсон залуусын зам АТГ-аар төгсдөг нь гунигтай” нийтлэл хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрээс шавь нартайгаа тэмцээнд оролцоод аварга болсон тулааны спортын аварга Ө.Саруул-Одын тухай уншаарай. Үргэлжлэл нь тавдугаар нүүрт нийтлэгджээ.

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдтой хийсэн ярилцлагыг хоёрдугаар нүүрээс уншаарай. Түүний ярилцлагаас орон нутгийн сонгуулийн чанар, зохион байгуулалтын талаар сонирхоорой.

Гуравдугаар нүүрт манай сонины залуу сэтгүүлч С.Алтанцэцэгийн “Албан тушаалд очсон залуусын зам АТГ-аар төгсдөг нь гунигтай” нийтлэл хэвлэгджээ. Өнөөгийн улс төрд орох гэж яарч байгаа залуучуудад зориулсан чин сэтгэлийн зөвлөгөөг та эндээс уншаарай.

Монголчуудын хувьд эрчим хүчний дутагдалтай байдаг билээ. Тэгвэл шинээр ашиглалтад орох гэж байгаа Хөшигийн хөндийн нисэх буудлын дэргэд сэргээгдэх эрчим хүчний салбарт хувь нэмэр оруулан 50 мВт-ын нарны цахилгаан станц баригдах гэж байгаа юм байна. Шав тавих үйл ажиллагаа нь өчигдөр болжээ. Энэ тухай “Хөшигийн хөндийн дахин нэг бүтээн байгуулалт” талаар сурвалжлага, ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай.

Дөрөвдүгээр нүүрэнд иргэдийн хэлэх үгийн чөлөөт индэр булан хэвлэгджээ. Та эндээс элдэв цензургүй өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг сонирхоорой.

Хавдрыг даван туулагчдын талархлын баярын талаар сурвалжлага зургаадугаар нүүрэнд оржээ. Эндээс та энэхүү аюулт өвчнийг хэрхэн даван туулсан хүмүүсийн чин сэтгэлийн яриаг уншаарай.

Дэлхийн хүн булангаас Сэргэн мандалтын үеийн төлөөлөл болсон Италийн нэрт зураач Санти Рафаэлийн амьдрал уран бүтээлтэй танилцаарай.

Наймдугаар нүүрт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын найман жилийн дунд сургуулийг 1970 онд төгссөн ангийнханы дурсамж тэмдэглэл оржээ. Хүүхэд насны гэнэн томоогүй адал явдал болоод хүсэл мөрөөдлийнх нь талаар эндээс уншаарай. Эдний ангиас Боловсролын тэргүүний 16 багш төрсөн гэнэ.

Мөн өнөөдрийн дугаараас монголд анх удаа тоглолтоо хийж буй аав, ээж, хүү гурван дельфиний тоглолтын талаар хийсэн сонирхолтой сурвалжлага болон энэ намрын тренд болж буй хувцас загварын талаар сонирхоорой.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *