Categories
мэдээ улс-төр

Ахмад настны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүд хэлэлцэхийг дэмжлээ.

Энэхүү хуулийн шинэчилсэн төсөлд тэтгэврийн зээлэнд 1-6 сарын хугацаа тогтоох, дараа 6 сард нь тэтгэвэр өгөхгүй байх эсвэл 50 хувьд нь зээл олгох, нэг дор зээлийн хүүг авч байгааг уян хатан болгох зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. Гишүүд асуулт асууж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хариулт өглөө.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг ярьж байна. 600 гаруй тэрбум төгрөгийг 15 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад байршуулснаар зөрүүнээс нь 30 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэж ярьлаа. Цаашлаад 15 хувийг бууруулж есөн хувь болгоно гэлээ. Тэгвэл ахмадууд тэтгэврийн хүүг бууруулсны үр дүнг хэзээ мэдрэх вэ. Мөн ажилгүй байга тэр дундаа 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд анхаара хэрэгтэй байна.

Н.Номтойбаяр: Журам гаргаад ахмадын нас, хүйсийг заагаад ажил хийлгээд байж болохгүй. Энэ бол хуулиараа явах ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах багц хуулиудыг ирэх оны эхний улиралд боловсруулж оруулж ирэхээр төлөвлөсөн байгаа.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Ахмад настны тухай хуулийн төслийг дэмжиж байна. Цаг үеэ олсон бодит хууль орж ирлээ. Ахмад настны амжиргааг дэмжих гэдэг асуудал дээр түрээсийн орон сууцны хөнгөлөлт нөхцлийг эрх зүйн зохицуулалт хийж өгөөч. Бүх сумдад ахмадын өргөө бий болсон. Хамгийн гол нь ахмадын өргөөны урсгал зардлыг төрөөс дэмжих боломж байгаа эсэхийг ахмадын холбоод асуудаг.

Н.Номтойбаяр: Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв. Хэрэгжүүлэх арга зам болон санхүүгийн эх үүсвэрийн талаар хэлэлцээд явж байгаа. Түрээсийн үнэ тарифыг тухайн орон нутгийн удирдлагууд тогтоох боломжтой. Ахмадын өргөөний тухайд энэхүү хуулийн төсөл дотор хэд хэдэн заалт орсон.

Ийнхүү хуулийн төслийн талаар асуулт асууж хариулт аваад, гишүүдийн 80 гаруй хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Үүгээр УИХ-ын үдээс өмнөх чуулган түр завсарлаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *