Categories
мэдээ улс-төр

Аж үйлдвэрийн бодлогыг баталлаа

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 65.1 хувь дэмжин баталлаа.

УИХ-аас Аж үйлдвэрийн бодлогыг баталснаар ирэх 2030 он хүртэл Монгол Улс аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд ямар бодлого баримталж ажиллах вэ гэдэг нь ийн тодорхой болж байна. Бодлогод аж үйлдвэрийн салбарыг гурван үе шаттай хөгжүүлэхээр тусгаж, ингэхдээ импортыг орлохуйц, экспортыг дэмжсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд татварын болоод бусад төрлийн дэмжлэг үзүүлэхээр тусгаад байгаа юм. Нөгөөтэйгүүр, дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа бүтээгдэхүүнийг импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамгаалах бодлого барина.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Аж үйлдвэрийн бодлогыг дэмжиж байгаа, сайн ч төсөл. Гол нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөлтэйгээ холбож өгөхгүй бол тавьсан зорилт хэрэгжихгүй болох. Шинээр Засгийн газар байгуулагдахад бодлого нь өөрчлөгдөж, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилт саарах вий гэсэн болгоомжлол төрж байна” гэдгээ онцолсон юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.