Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө юм аа

Намрын уянга, ухаарал, дуурслыг нэвт шингээсэн Мөрдорж гуайн уг дууны ая аялгуунд шувуудын цуваа шиг шаргал өдрүүд ар араасаа зэллэн ирдэг билээ л. Цаг хугацааны хөнгөн гуниг хөндүүрхэн аястай тунгалаг улиралд хүмүүн гэгч сэтгэл зүрхнийхээ дотоод чинад руу улам тэмүүлж, дурсамж дурдатгалынхаа сайханд буй биеэрээ булхах шиг болдог. Хөхүүртэй айраг уруул чимчигнүүлэн исч, хөдөө хээр уртын дуу алсраад, шарга манхан уулсын хормойгоор адуу мал налайн зээ татсан ухаа хонгор өдрүүдийг бурхны бэлэг гэж бодохоос аргагүйд хүрдэг юм. Нэг санах нь ээ, уртхан налгар ч юм шиг, эс бөгөөс огтоос богино ч юм шиг энэхүү зурвасхан цаг мөчид халуу шатсан зуны сарууд хэдийнэ үүл шиг нүүн одож, сэр сэрхэн салхи үлээсэн сэрүүн бумбын орон алгаа дэлгэдэг. 

Жимс ногооны болц нь бо¬ловсорч гүйцэн хаашаа л хар­на арааны шүлс асгаруулам бөн­жигнөнө. Зуны наранд хахарч гашуурсан айраг хамар сэтлэм сэнхийгээд, улцайж нялцайгаад болдоггүй өрөм хуруу зузаан дарайхыг нь яана. Шар сүү болсон тараг аяндаа өтгөрч бүрэлдээд ца¬гаан элэг огтлоод тавьчихсан мэт гайхам сайхан. Гоо үзэс­гэлэнгээ бахдуулж биш­рүүл­сэн байгаль дэлхий шим шүүсээ татахынхаа өмнө байгаа бүхнээ дэлгэж тавьдаг нь учиртай л биз. Уул толгодын бараа хонгортон бүгээнтээд, улмаар алтран шаргалтаж хүүсхэн хүүсхэн салхины намиргаанд хүмүүний амьдрал бөмбөрөөд ч байх шиг.  

Ийм нэг сэтгэлийг шинэт­гэсэн улирал Мөөеөгийн “Галуун цуваа хөвөрсөн, голын ус нь мэлтэгнэсэн, ганган байгаль хосолсон, гоёхон намрын өнгө…”-тэйгээ ирж байна даа. Намрын тухай дуу олон чиг бий. Гэвч тэр бүгдээс аварга Мөрдоржийн хөгжим, Цэрэндэндэв билүү дээ, нэр нь үл мэдэгдэх жолоочийн шүлгийг нь ундруулсан эл дууны бадаг нугалаанд эрхгүй сэтгэл далавчлаад, тариан түрүү сугсарсан хөндий дээгүүр аяны шувууд адил зэллэх шигт болдог бүлгээ. Адарсүрэнгийн хоолойгоор хоногшсон дуу юм. 

Тэр тухай Адуучийн Басхүү “Гэнэт хашааны хаалга нээгдээд Адараа ах сэвхийтэл ороод ирэв. Орж ирж байгаа нь бас л хийморьтой харагддаг сан. Ээж аав хоёроос манай хүн айна. Ээж хүний эх л болсон хойно, гэргий хүүхдээ хаяад хаагуур яваад байгаа юм, архи дарс уугаад байна уу гэж зэмлэлээ. Тэгтэл жаахан хулгаснаа “Аав ээж хоёр минь уучлаарай” гээд “Хүү нь дөнгөж сая Монголын ард түмэн хэзээд ч мартахааргүй, зуун дамжин дуулагдах нэгэн бүтээлийг радиод бичүүлчихээд ирлээ. Ялангуяа намар цагт миний энэ дууг дуулж хүмүүс намрын сайхныг сэрж мэдэрнэ дээ” гэж байсан сан. Тэр нь “Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө юм аа” гэсэн дуу. Уг дууг дуулуулах гэж төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай Адараа ахыг эрж сурч хайсан юм билээ. Өөр дуучнаар эхлээд дуулуулж л дээ. Гэхэд өвгөн “Та нар миний дотроо бодож амилуулсан намрын өнгийг илэрхийлж чадахгүй байна. Үүнийг ганцхан Адараа л чадна. Би түүний хоолойд зориулж бичсэн юм шүү” гэж  хэлж байсан гэдэг” хэмээн дурссан нь бий. Ингэж Мөрдоржийн “Алтан намар” Адараагийн хоолойгоор олны сэтгэлийг долгилуулж, дуучны өөрийнх нь хэлснээр зуун дамжигдах ерөөлийг олж  шүү. 

“Галуун цуваа хөвөрсөн…” гээд эхлэхээр яалт ч үгүй Хөшөөтийн голын минь халиун шаргал намар санаанд бууна. Сав л хийвэл бодол оюунд ургаад цээжин цаана хөндүүрлэн, хөвсөлзүүлээд ирдэг нь оюутан болох жилийн намар юм даа. Хоёр мянга нэг оны наймдугаар сарын хорин тавны орой ижий аав минь ууган хүү намайгаа эрдмийн аянд мордуулахаар үдэж, гол усныхныгаа хүүхэд хөгшидтэй нь цуглуулж найр наадам үүсгээд, ханагар өвгөд хоймор эзэлсэн хайлган тэр үдшийг яахин мартах билээ. 

Маргааш өглөө хотын унаанд дөрөөлөхийн өмнөхөн аав, хаяа хаяагаа дэрлэн буусан хот айлаа гүүн зэл, үнээн зэлтэй бүгдийг нар зөв гурвантаа тойроод ирэхийг хэлж унаган хүлэгт минь мордуулж билээ. Холын холд одох гэж буйгаа тэгэхэд л анзаарч, хоёр нүднээсээ нулимс сувдруулан явахдаа Хөшөөтийн голын намрыг сэтгэл зүрхнийхээ гүнээс мэдэрсэн сэн. Уул ус минь энхрий дотно санагдаж, голын хойно урд багширсан адуу мал намрын хонгор наран дотор налайгаад, зэлтэй унага мөр мөрөө дэрлэн зүүрмэглэж, бага балчраас жалга довных нь чулуугаар тоглож өссөн Гозгорын тэртээгээс элгэмсэг зөөлөн салхи сэвэгнэн, Баянхангай хайрханы наагуур униар хөөг татаад үлгэрийн мэт санагдаж байсан сан. “Хүний дээдтэй учирч, уулсын сайхныг үзэж яваарай” гээд аав минь хоцорсон доо. 

Намрын сарууд надад ийм л дурсамж дурдатгалын цэнхэр сэвэлзээтэй ирдэг билээ. Багын юм мартагдана гэж үгүй сэн. Сумын төвийн ёотон цагаан байшингуудын дунд ижий ааваа санагалзан нус нулимстайгаа холилдон суусан халтар жаалыг будааны тэрэгтэй ах нар “53”-ынхаа тэвшин дээр “шидэж” олон ч удаа гэрт минь хүргэсэн дээ. Нэлэнхүйдээ амуу тариа асгарсан том тэрэгний тэвшин дээр салхи сөрөн дарцаглаж, гол усаа өгсөн намрын хонгор өдөр гэртээ очих сайхан. Шөнө орой хэдийд ч яваад очиход уяа дүүрэн морьд, гэр дүүрэн хүн угтдаг билээ. Тэгээд л айраг найрын дугараа эргэж, өнөө л Адараагийн “Алтан намар” эгшиглээд хяруу унасан намрын буурал өглөө айлын ах нартай адуунд мордохын бахтайг хэлээд яах вэ. Уулсын орой бууралтсан намрын өглөө адуунд мордоход ухаан санаа сийрэгхэн болдог нь дамжиггүй. Цантай хулсан уурга, хазаарын суран жолоо гар хайраад улмаар хурууны өндөг чимчигнээд ирэхэд биеийн эд эс бүхэлдээ сэрэх шиг болдог юм. 

Хайлган хөх үдшээр уулсаа халиаж суух сайхан. Ертөнцийн жам ёсыг эргэцүүлж, өөрөө өөрийгөө танихын эхлэл тавигдах шиг болдог. Өвгөн цохионых нь сүглийлдсэн орой он жилүүдийн дуртгал шиг санагдана. Улирах ца¬гийн аясаар өвсөн толгой жимбүүрдэн исгэрч хэн нэг­нийг санаж эгээрэхийн бодлогошролд умбуулж орхи¬но. Тийм дээ, намар бол дурсан саналзахын, дуулан гэгэлзэхийн, амраглан хайр¬лахын, ариусан гэгээрэхийн улирал юм. Их, Бага Арцын ам, Хэц өндрийнхөө ноёлог уулсын энгэр ташаагаар адуу хураах гэж манарган туучихдаа Нацагдорж, Явуу, Пүрэвдорж, Ширчинсүрэн, Сэр-Одын намрын шүлгүүдийг уншиж явжээ. 

“Найран дээрээс гараад иртэл

Намрын навчис хийсч байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Нарлагхан намар зэллэн одлоо

Салхи ч үгүй нам гүм байтал

Шарласан навчис хийсч байлаа

Санаанд ч үгүй аж төрж явтал

Санчигны минь үс цайж байлаа…” гэх Явуугийн бодлогошрол ухаарал, за тэгээд л Нацагдоржийнхоо сэтгэл бөмбөрүүлсэн найргийн мөрүүдээс асгаруулж, Пүрэвдорж гуайн  “…Алтан наранд хэлхсэн юм шиг

Ангир шар өдрүүд ар араасаа цуварч

Айраг, найр хоёроо барж ядсан

Ай даа, мөн урт намар байж шүү

Удахгүй өвөлжөөнд танайтай цуг айлсана гэхээс

Уулын толгой будраасай гэхэд будрахгүй

Усны шувууд буцаасай гэхэд буцахгүй

Уртын дуу шиг уянгалсан урт намтар…”-т нь сэтгэл татагдан явж дээ. Одоо эргээд  дээрх шүлгүүдээс уншихуйд Их Арцын уулсын магнаг тэргүүнийг  илбэсэн салхин сэрчигнээ мэдрэгдэж, унасан морины минь хөлс амтагдах шиг болдог сон.   

Манайх Дэлгэрийн буурал шанаанд буусан тэр намрын саруудыг мөн л мартдаггүй ээ. Гэмтсэн унаганыхаа хөлийг эмчлэх гэж ижийтэйгээ хоёул нарийн шаргал дэрсэн дундуур өдөржин алхалж, унагаа зөөлөн зөөлөн гишгүүлж явсан эмзэг уясуухан цаг юмсан. Дэлгэрийн нууранд хичнээн ч төрлийн шувууд цугласан юм бэ. Тэргэл цагаан сартай үдэш гүүгээ тавихаар оройн сааманд гарахад түмэн зүйлийн шувууд ганганалдан чуулаад сэтгэл зүрхийг хилийн торгон утас шиг жингэнүүлж орхино. Ёстой л нөгөө наран тогорууд цээжинд хошуурсан намар гэдэг нь тэр байлгүй.   

Шувууд чуулсан намрын орой зэгс шагшуурга исгэрэхийг чагнаархан нуурын хаяа дэрлэн унтах шиг жаргал үгүй. Тооноор мэлтийсэн сарны туяа асгараад, түрүүхэнд бүлээд орхисон хөхүүртэй айраг чим чим шуугин исч, тариа будааг нь хураасан хөндийд цагаан шаргал солоом хөглөрөн, тэр зүгт адуу мал үүрсэн янцгаалдана. Аавынхаа тэрлэгийг өрөөлдөж нөмрөөд өглөө эртээ адуунд мордохоор хэвтэхэд өнөө “Алтан намрын өнгө” чинь голын шуугианаас, нуурын тэртээгээс, саахалтынхны хот айлаас дуурьсаж л байна шүү дээ.

Тэр жил Сэлэнгийн Алтан¬булагт алба хааж байсан дүүгээ зорихдоо Сайханы хөтөл дээрээс Орхон, Сэлэнгийн бэлчирийг сэтгэл догдлон харж ой шугуйнх нь шаргал халиун намарт уусч явлаа. Нимгэн цагаан үүлс хошуурсан намрын тунгалаг шөнө гол мөрөн уулсаа ороон эмжээрлэн урсахыг харах бас л сайхан. Нарийн хонгор салхи нь найргийн мөрүүд шивнэлээ гэдэг шиг. Аанай буурал найрагч Пунцагийн Бадарчийн хэлсэнчлэн 

“Сонгинын шар шугуй

Солонгын долоон өнгөтэй

Сор мөнгөн намартаа

Согоо уйдам салхитай…” байдаг биз ээ. Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Эрдэнэ баавайнхаа Ононгийн намрыг мөн л үзэж нүд баясан явснаа үл мартнам. 

“…Би Альпийн нурууг үзсэн. Оройных нь цас зунаар хайлж уул тэр чигээрээ ус болоод гоожиж байдаг юм билээ. Үнэхээр сайхан байгаль сэтгэл догдлуулдаг юм. Тэгэхдээ би тэр уулыг Хүүлээ шигээ ер хайрлах сэтгэл төрөөгүй. Хүүлээгээ харах бүрт энэ л бодогддог доо” гэж Мягаа эрхлэгч бичсэн нь бий. Нээрээ л орчлон ертөнцийн хаанаас ч хүмүүний үр нутгийнхаа уулсад, нутгийнхаа намарт сэтгэл хоргоддог ажгуу. Амьдрахуйн сайхныг бэлэглэж, алдаа оноо, цэнгэл баяр, уйтгар гунигийг төрүүлэн хэнийг ч болов гэрэлт ирээдүй рүү хөтөлсөн ус голын намар шиг үнэт эрдэнийг хаанаас ч олохгүй болов уу. Халуут сэтгэлээр цэнгэн, хайр энхрийллээр нэгнээ мөрөөдөн байдаг ч хатуу өвлийн буулгыг мэддэгтээ хадлан бордоогоо бэлдэж, тариа ногоогоо хурааж, хулгана хүртэл хөеөгөө цуглуулан  нүргэлсэн их симфони эгшиглэлээ гэдэг шиг намрын бүхий л хөдөлгөөн дунд хүмүүний амьдрал өрнөнө. Намрын уулс гүн их бодлогошролд автаад дотоод хүчээ бид бүхэнд өгдөг болохоор л цээж хөндүүрлэн татагдаж, сэвшээ хонгор салхинаас нь тарнийн шидийг мэдэрдэг биз ээ. “Амуу тариа найгасан, арвин сүрэг налайсан, айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө” ч жинхэнэ утгаараа гэрэлтэн байна даа. Удаа ч үгүй хяруу мөнгөрөн цавцайж, уяа цэрвэнд сойлттой морьд бөн бөн чичирч, усны шувууд ганганан буцаад улс амьтны сэтгэл дэнслээд ирнэ дээ. 

Н.ГАНТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *