Төв аймгаас парламентад олон удаа сонгогдож байгаа гурван гишүүн бий. Өнөөдрийг хүртэл өндөр албан тушаалуудад “завсар зайгүй” томилогдож ирсэн, одоо УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд. Нөгөө нь Ардын намын бүлгийн дарга асан Н.Энхболд, мөн Су.Батболд. Энэ гурвыг Төв аймгийнхан үргэлж УИХ-ын гишүүнээр сонгож дээдлэн хүндэлсээр иржээ.
Харин энэ дөрвөн жилд Төв аймгийнханд ганц сайд оногдсон. Тэр нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин. Түүнийг огцруулах эсэх талаар саяхан УИХ хэлэлцсэн. Гэхдээ өргөдөл өгсөн гишүүн нь саналаа татаж авсан учраас огцруулах асуудал намжлаа. Тиймээс одоо УИХ ажил ярьж байна. Төсвийн тодотгол, Гэмт хэрэг, Зөрчлийн тухай хуулиудыг ид хэлэлцэж байна. Гэтэл ийм үед Төв аймгаас олонтаа сонгогдсон МАН-ын дарга М.Энхболд зурагтаар ярилцлага өгч байгаа нь гарлаа. Тэрээр “Х.Тэмүүжин сайд өөрийнхөө хүсэлтээр өргөдлөө өгөөд огцрох цаг нь болсон” гэж хэлэв. Асуудал хэдийнэ намжчихсан хойно аймгийнхаа ганц сайдыг ингэж хэлдэг нь ямар учиртайг бодоод олсонгүй.
Орчин үед нутгархах үзэл намчирхлаас ч илүү чухалд тооцогддог болсон юм биш үү. Увсынханы яруу тодоор харуулаад байгаагаас нь үзвэл. Өнөөдөр увс хүн увс хүнээ дэмжиж байна. Баяд нь баядаа, торгууд нь торгуудаа дэмжин нутгархацгааж байна. Үүнийг М.Энхболд гишүүн харж байгаа. Тийм байтал Төв аймгийнхан яачихсан хүмүүс вэ. Энэ нутгаас олонтаа сонгогдсон эрхэм гишүүн М.Энхболд угтаа бол “Нутгийн хүүхэд алдаа гаргаа л биз, одоо яахав. Цаашид алдаагаа засч ажлаа сайн хийгээрэй” гэж хэлэх байсан биш гэж үү. Гэтэл “Өөрөө огцорвол таарна” гээд занал зүхэл дүүрэн нүдээр харж байгаад хэлэхлээр чинь Төв аймгийн сонгогчид таныг “Манай нутгийн хүн мөн үү” гэж эргэлзэхэд хүрээд байна. Хэрэв өмөөрч чадахгүй байсан юм бол дуугүй өнгөрч болоогүй юм уу.
Гэхдээ М.Энхболд гишүүн үнэхээр Төв аймгийнх юм бол яагаад нутгийнхаа дүүг дэмжсэн хэдэн үг амнаасаа унагачихаж чадахгүй гэж. Ер нь тэр “Би Төв аймгийнх” л гээд байдаг. Үнэн хэрэгтээ нутгаа гэсэн сэтгэл энэ хүнд байдаг юм уу. Төв аймгийн төлөө юу хийсэн юм. Ингээд бодохоор тэр гээд хэлчих зүйл санаанд буухгүй байна. Осолдохгүй түүний аав Төв аймгийн Сэргэлэнгийнх юм гэнэ лээ. Үүгээрээ л төв нутгийнхантай хамаарах гэдэг байх. Тэрнээс биш М.Энхболд гишүүн өөрөө Улаанбаатар хотынх, 40 мянгатынхны нэг. Тийм учраас УИХ-д сонгох, сонгогдох дөхөхөөрөө “Төв аймгийнх” гэж худлаа жүжиглэдэг. Бусдаар бол Төв аймгийнхнаас хөндий, энэ нутгийнханд хүнийрхүү сэтгэлээр хандахаас өөр аргагүй хотын хүн юм байна гэж бодогдохоор.
Төв аймгийн нэрээр сонгогддог хоёр Энхболд нутагтаа элэггүй, сэтгэлгүй улс юм байна. Н.Энхболд нь ч Завханд төрсөн юм гэсэн. Мөн М.Энхболдоосоо ялгарахааргүй, нутаг усныхандаа сэтгэлгүй загнадаг. Эрх биш шанаган тавын хонхорт төрж өссөн юм болохоороо Су.Батболд л Х.Тэмүүжингийн асуудлыг яриад эхлэхээр чуулганд суухгүй, наагуур цаагуур бултганаж байгаа харагдах юм. Бусдад нь ядаж тийм сэтгэл ч алга.
Төв аймаг сайхан нутаг. Энэ нутаг төрийн тулхтай түшмэд олноороо төрдөг Монгол төрийн гал голомт. Монгол төрийн мэргэн өвөө Самбуу гуай хэрэв амьд байгаад, Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал дэгдсэн үед юу гэж хэлэх байсан бол. “Хүүхээ наад гөжүүдлээд байгаагаа зогсоо. Төрийн ажлыг шударгаар хий. Олон мянган сонгогч чинь чамайг хараад сууж байна” гэх байсан болов уу. Харамсалтай нь өнөөдөр Төв аймгийг төрд төлөөлж суугаа түшээдэд ингэж хэлэх зангараг алга.
Тэгэхээр Төв аймгийнхан төрд суулгах түшээгээ бодолтой сонгох цаг иржээ. Хэдий болтол нутгаа гэх сэтгэлгүй Энхболдтонгуудыг сонгох юм бэ. Энэ талаар эргэж бодох шаардлагатай болсон байна. Асуудал нь дууссан хойно ингэж ярьж байгаа юм чинь хэрэв Х.Тэмүүжин сайдыг огцруулах уу, үгүй юу гэдэг санал хураалт явсан бол энэ М.Энхболд гишүүн хамгийн түрүүнд хоёр гараа өргөн дэмжих байжээ. “Халхын хүүхэд сайд хийж болдоггүй төр үү” гээд өмөөрөх юм байх гэтэл үгүй байж. Бусад аймгийнханд нам хамаагүй. Нэг нутаг бол биесээ дэмжиж, өөд нь татдаг юм билээ. Харин Төв аймгийнханд нам хамаатай байдаг юм уу, М.Энхболд гишүүн ээ. Үгүй шүү, бүгд адилхан. Аль ч аймгийнханд нам хамаагүй, нутаг амьтай байдаг. Тиймээс Төв аймгийнхан Төв аймгийн хүнээ дэмжих ёстой. Тэгж байж Халх Монголын хамгийн том энэ аймгийг хөгжүүлж, дэвжүүлнэ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ