Өдрийн сонины архиваас……………..
Сар шинийн өдрүүд хуучраагүй, шинэлэгч олон ах дүүсийнхээрээ орж гарсаар, буузаа жигнэн идэж, боов боорцгоосоо нэг нэгэндээ хуваалцсаар буй өдрүүд үргэлжилж байна. Бас Гандан хийдийн үүдээр зайгүй, золголт үнсэлт ч дуусаагүй. Яг энэ өдрүүдэд онцолж чухалчилмаар зүйл байгаа нь сархад хэтрүүлэн хэрэглэж, агсан согтуу тавьж байгаа хүмүүс илэрхий бага болжээ. Монголчууд бид архийг бас ч гэж тааруулан хэрэглэж чаддаг болсон байна. Тэр жилийн шинийн өдрүүдээр ямар байна, тэр жилдээ тийм л байна гэлцсээр байдаг ч шинийн 1-ний өдрөө нам согтож, тас унасан хүмүүс олон л байдаг байсан. Харин өнөө жил илэрхий багассан нь хүмүүст илт анзаарагдаж, өөр хоорондоо энэ тухай ярьсаар байна.
“Манайх өнөө жил задалсан ганц шил архиа дуусгасангүй шүү. Хүмүүс бүр архи уухаа байж. Ерөөсөө ёс болгож амсаад л гардаг болжээ”, “Хөдөө сумандаа очиход энд ч нэг, тэнд ч нэг унасан хүн байдаг байсан. Өнөө жил манай суманд ганц л хүн согтсон байна лээ. Хүмүүс бүр уухаа байжээ” хэмээн ярилцах нь сонстоно. Манай ажлын ахын ээж дээр жил бүрийн Цагаан сараар ирж золгохдоо чадвал нэг бүтэн, амжихгүй бол тал шил архи баараггүй цааш нь харуулдаг ах хүү байдаг гэнэ. Харин өнөө жил ердөө хоёр хундагыг л тогтоогоод “Илүү уухгүй. Шинэдээр архи уухгүй, муухай” гээд гараад явжээ. Ёстой л гайхсандаа хоёр нүд орой дээрээ гармаар л үйл явдал болж. Архинд живсэн монгол гээд л нэгнээ шүүмжлээд ч байгаа юм уу, цаашлаад дарвиулаад ч байгаа юм уу явж ирсэн монгол түмний архины тухай бодол үндсэндээ ихээхэн өөрчлөгджээ.
Зарим ахмад настнууд өнөө жил Цагаан сараар архи задлахгүй гээд сүү өргөж баяраа тэмдэглэсэн сурагтай. Тэгээд олон жил сурч ирснээ өөрчилж байгаа хөгшид ойр дотнынхноосоо “Хүүхээ, архи задлахгүй эвгүй байна уу” гээд сэм тандаад урмын үг хариуд нь сонсоод жигтэйхэн баяртай суусан талаар эргэн тойрны хүмүүс ярилцана. Үнэндээ ч хөөрхий, идээний дээж гээд сархад сөгнөөд ухааныг нь, биеийг нь балартуулаад гаргадагтаа ахмадууд ч зовниж явсан байх нь шүү дээ. Харин өнөө жил нэхэж уух нь ч багасч, шахаж уулгадаг нь ч өөрчлөгдөж уламжлалт баяраа жинхэнэ утгаар нь тэмдэглэж чадсандаа сэтгэл хангалуун хүмүүс олон байна. Зах зээлийн шуурганд хөл алдаж, хаа сайгүй хэрхэхээ мэдэхгүй явах үедээ гашуун ус ууж өөрийгөө хуурах явдал олон хүнд байсан. Нийгмээрээ нийтээрээ уугаад байгаа үед уруу татагдаж, бас өөрийгөө бусдын л жишгээр байгаа гэж андуурах хүмүүс ч олон байсан байх. Харин одоо бүх зүйл өөрчлөгджээ. Шилжилтийн үеэ ч давж, бас амьдралын хэв маяг ч өөрчлөгдсөн байна. Аль болох эрүүл зөв амьдралын талаарх үгс хүмүүсийн амнаас унаж эхэлсэн. Монголд хорт хавдрын өвчлөл өндөр. Тэр дундаа элэгний хорт хавдар хамгийн их хувийг эзэлдэг. Хавь ойрынхоо хайртай хүнээ элэгний хавдраар алдсан монгол хүн хаанаас ч олдоно.Харин элгийг гол гэмтээгч эд бол архи. Тиймээс энэ хар усны хар хорыг сэтгэл зүрхээ шархлуулан байж мэдэрсэн хүмүүс архийг үргэлжлүүлээд уугаад байхгүй нь ойлгомжтой. Ер нь монголчуудын архинаас зугтаж, архинаас аандаа холдож байгаад олон шалтгаан бий. “Бас нэгэн гол шалтгаан бол Архигүй Монгол болцгооё” гэж дээр, доргүй олон жил ярьсных яах аргагүй мөн биз ээ. Ерөнхийлөгч нь “Сүү өргөж амьдарцгаая” гээд баяр наадмаар сүү өргөөд эхлэхэд гайхашран хачирхах хүмүүс их байсан. Ямар ч утгагүй, сүү өргөөд зогсч байдаг гэж шүүмжлэх хүмүүс ч байв. Гэвч аливаа юманд хэн нэгэн эхлэлийг нь тавьж, сэдэл өгөх чухал байдаг юм байна л даа. Одоо хуримыг архигүй, Цагаан сарыг архигүй тэмдэглэнэ гэж байгаа хүмүүст тийм нэг гартаа барих, өмнөө хэлэх зүйлтэй болчихсон учраас тэдэнд ч амар хэвшил болоод явчихаж байх жишээтэй. Өнөө жилийн Цагаан сар ийм нэг сайхан, амар амгалан болж өнгөрлөө гэдгийг олон хүн хэлж байна.
Айл гэрийн хэн нэгэн нь архинд толгойгоо гашилгаж, эрүүл бус ухаанаар хандахгүй болохоор хэрүүл тэмцэл, зодоон цохион гэмт хэрэг ч багасах нь ойлгомжтой. Шинийн өдрүүдэд гэмт хэргийн тоо урьд өмнөхөөсөө илэрхий цөөн, багассан нь Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллээс тодорхой харагдаж байна лээ. Зам тээврийн осол 50 хувиар, гэмт хэрэг 30 хувиар өмнөх жилээсээ буурчээ. Үүнд архи шууд нөлөөлж таарна. Цагдаагийн байгууллага ч тун сайн ажилласан гээд хүмүүс ам сайтай байна лээ. Сүүлийн жилүүдэд баяраар архи уудаг хүмүүсийн тоо багаслаа гээд л байдаг байсан. Өнөө жил бүр илэрхий, гарт баригдаж, нүдэнд харагдахаар анзаарагдаж байна. Ёстой л тооноос чанарт шилжинэ гэдэг л болж байна. Архи үйлдвэрлэж борлуулдаг компаниуд баярын үеийн борлуулалтаа олон жилийн дундажтайгаа харьцуулж гаргадаг бол сонин л үзүүлэлт гарах байх даа. Гэхдээ бизнесийн нууц энэ тэр гэхгүй бол тун таатай тоо гарна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.
Ерээд оны сүүлч, хоёр мянгаад оноос эхлээд архи, спиртийн үйлдвэрүүд манайд борооны дараа шаагитал ургадаг мөөгшиг нэмэгдэж эхэлсэн билээ. Бас манай төсөвт ч гол хөрөнгө татаж төвлөрүүлдэг компаниуд нь эд байсныг нуухын аргагүй. Харин сүүлийн үед тоотой, томоохон хэд нь үлдээд бусад нь эрхгүй цөөрч байгаа. Нэгэнт хүмүүс хэрэглэх нь багасаад эрэлт нь татраад эхлэхээр зах зээлийнхээ хуулиар зохицоод л явчихна. Хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт ороод эхэлж байгаа үед гаднаас хүчлэх ямар ч шаардлагагүй билээ. Сүүлийн үед яригдаад байгаа Архины зохицуулалтын тухай хууль гараад ирвэл асуудал үүсгэхийг үгүйсгэхийн аргагүй. Хуурай хууль гарах тусмаа далд бизнес цэцэглэж, асуудал босгодог гэлцдэг. Нэгэнт хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлт, эрүүл амьдрах хэв маягийг ойлгох байдал, цаг хугацааны өөрчлөлтөөр манайхны архины хэрэглээ эрс өөрчлөгдлөө. Харин үүнийг хуулиар нэмж зохицуулбал нэмээд нэрмээс болох аюултай. Тиймээс хууль санаачлаад, өөр хоорондоо лобби хийгээд батлаад явчихдаг төрийн түшээд өнөөдрийн нөхцөл байдал, амьдрал дээрх хөрсөө мэдрээд явчихвал болчихож байгаа нь тэр. Яг хүмүүс дундаа ороод явчихвал цаана чинь хүмүүсийн сэтгэлгээ өөр болсон шүү. Заавал уух архийг нь хэмжиж, тамхилах газрыг нь заагаад байлтгүй өөрчлөгдөөд байна. Хуулиар, хүчээр бүгдийг зохицуулах гээд байхаас сэдлээр, сэтгэлгээг нь өөрчлөөд байвал мал биш хүн хойно ойлгож л таараа. Цагаан сараар ард түмэн дундаа орж, хотын захын айл, хөдөө айлын хотонд очсон бол архи уугаад байдаг хүмүүс багасчээ гэдгийг анзаарч л таарна даа. Урьд нь хэдэн шилээр нь архиа нөөж аваад баярладаг байсан айлууд ганц гожингийнхоо ард ч гарч чадаагүй гэж байна шүү. Монголчууд бид өөрчлөгджээ. Сайн тал руугаа шүү. Архи уухаа багасч. Лав Цагаан сараар архины араас хөөцөлдөөд байдаг хүмүүс ховордсон байна. Айлуудын базаасан архи барагдаагүй талаар амьтан ах дүүс ярилцсаар л байна шүү.