Categories
гадаад мэдээ

Афганистаны Ерөнхийлөгч эх орноосоо дүрвэж, “Талибан” бүлэглэл нийслэл Кабул хотыг эзэлжээ

-20 ЖИЛИЙН ТУРШ ҮРГЭЛЖИЛСЭН ИРГЭНИЙ ДАЙН ДУУСАВ

Афганистаны Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэгч “Талибан” хөдөлгөөнийхөн өчигдөр буюу наймдугаар сарын 15-нд Афганистаны нийслэл Кабул хот руу дайрч, нийслэл хотыг эзэлжээ. “Талибан”-чуудыг дайрахад Кабул дахь Засгийн газрын цэргүүд эсэргүүцэл үзүүлээгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин өнөөгийн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Ерөнхийлөгч Ашраф Гани “Талибан”-чуудыг дайрах үед, төрийн ордноо орхиж, эх орноосоо дүрвэжээ. Энэ талаар хийсэн тайлбардаа Ашраф Гани “Энгийн иргэдийн цусыг урсгахгүйн тулд ордноо орхиж, эх орноосоо дүрвэх шийдвэр гаргалаа” хэмээсэн юм

“Талибан” хөдөлгөөнийхөн нийслэл Кабул хотыг эзэлсний дараа Афганистанаас дүрвэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн тул Кабулаас гадаад орон руу нисэх бүх нислэгийг цуцалжээ. “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Мохаммед Наем АНУ-ийн дэмжлэг, Афганистаны Засгийн газрын эсрэг хийсэн 20 жилийн турш үргэлжилсэн иргэний дайн дууссаныг зарлаж, “Талибан хөдөлгөөн дахин харийн улсад эх орноо эзлүүлэхгүй” хэмээжээ. Мөн Талибан хөдөлгөөнөөс олон улсын хамтын нийгэмлэгтэй яриа хэлэлцээр хийж, Кабулын засгийн газарт ажиллаж байсан алба хаагчдыг өршөөх, Афганистан дахь гадаадын Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахаа амласан байна.

Олон улсын улстөр судлаачдын үзэж буйгаар Талибанчууд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс гэх албан ёсны нэрийг өөрчилж, Афганистаны Исламын Эмират Улс болгон зарлах төлөвтэй байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *