Categories
гадаад мэдээ цаг-үе

Афганистанд хүчтэй газар хөдлөлт болж 1000 гаруй хүн амиа алдлаа DNN.mn

Афганистанд 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1000 гаруй хүн амиа алдаж, 1500 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Тус улсын дотоод хэргийн яамны төлөөлөгч Салахуддин Аюби хэвлэлд ярихдаа “Зарим тосгодууд алслагдмал уулын бүс нутагт оршдог учраас дэлгэрэнгүй мэдээлэл авахад цаг хугацаа хэрэгтэй байна” гэжээ.

Голомт нь Афганистаны зүүн өмнөд зүгт Хост хотоос 44 км-ийн зайд 51 км-ийн гүнд болсон гэж Америкийн газар хөдлөлт судлаачид үзэж байна. Аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар ажиллаж байна. Газар хөдлөлт шөнийн 01:30 цагийн орчимд буюу хүмүүс унтаж байх үеэр болжээ. Газар хөдлөлтийн голомтоос 500 км-ийн зайд ч чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Афганистаны орон нутгийн бүсэд томоохон хэмжээний барилга байгууламж байхгүй, иргэд фундаментгүй шавар байшингуудад амьдардаг тул газар хөдлөлтийн улмаас асар их хохирол амсдаг байна.

Тус улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. НҮБ-ын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд 7000 гаруй хүн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан байна.

Эх сурвалж: ВВС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *