Categories
мэдээ цаг-үе

“Ачит үйлстэн ээжүүд”-ээс түймэрт өртсөн Ц.Очирхуягийн гэр бүлд туслах аяныг өрнүүлжээ

Өнгөрсөн сарын сүүлээр Дорнод аймагт ассан түймэр газар авч, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хүрсэн. Энэхүү түймрийн уршгаар есөн хүн түлэгдэж, бэртсэний дотор Сүхбаатар сумын Чулуут хэмээх газарт хаваржиж байсан Ц.Очирхуягийн гэр бүлийнхний биеийн байдал маш хүнд байсан билээ. Ийнхүү тавдугаар сарын 1-нд Ц.Очирхуяг, түүний эхнэр Г.Наранцацрал болон нэг настай охин О.Наранмандах нарыг Улаанбаатар хотод авчирч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт хэвтүүлсэн билээ. Энэ талаарх сурвалжлага манай сонинд нийтлэгдсэний дараа өөрсдөө түлэгдэж, биеийн байдал нь хүндхэнээс гадна хоттой мал, гэр оронгоо бүгдийг нь түймэрт алдсан тус гэр бүлийнхэнд иргэд, төрийн бус байгууллагууд хандивын гараа сунгах болжээ.

Хамгийн сүүлд гэхэд “Ачит үйлстэн ээжүүд” төрийн бус байгууллагаас Ц.Очирхуягийн гэр бүлийнхэнд туслахаар хандивын аяныг өнгөрсөн баасан гаригт эхлүүлжээ. Тэд өөрсдийн фейсбүүк группдээ “Сүхбаатар айм­гийн Сүхбаатар сумын иргэн Очирхуягийн гэр бүл өөрсдөө болон мал хуй, гэр орон нь түймэрт өртөж байсан хөрөнгө нь юу ч үгүй болтлоо шатаж өөрсдөө одоогоор гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байнаа.Тэдний охин нэг настай. Зулай нь гүйцэд битүүрээгүй хүүхэд болохоор хэдэн хэдэн удаагийн хагалгаанд орохоос эхнийхээ хагалгаанд орсон байгаа юм байна. Бүгдээрээ байгалийн гамшигт өртөн байгаа бүхнээ алдсан энэ гэр бүлд чадал боломжийнхоо хэрээр тусалъя. Та бүхэн мөнгөн хандив үзүүлэх бол: Хаан банк, төгрөгийн данс 5013 1566 62 бол долларын данс нь 5013 1566 84. Хэрэв эд материалын тусламж үзүүлэхээр бол 99178827, 99719188 дугаарын утсаар холбогдох боломжтой” хэмээн бичжээ. Өчигдрийн 12 цагийн байдлаар тус хандивын дансанд нэг сая 200 мянган төгрөг цуглажээ.

Тус ТББ нь 5000 гаруй ээжүүдийг эгнээндээ нэгт­гэсэн бөгөөд нийгмийн сайн сайхан тэр дундаа хүнд өвчтэй болон хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тус­­лах нь тэдний гол зорилго аж. Ийнхүү “Ачит үйлстэн ээжүүд” төрийн бус байгууллагын ТУЗ-ийн гишүүн Э.Уянгатай ярилцлаа.

-“Ачит үйлстэн ээжүүд” төрийн бус байгууллага хэдийд байгуулагдсан бэ. Танай ТББ-ын үндсэн чиглэл тань хүнд өвчтэй болон хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах гэсэн байх аа?

-Манай төрийн бус бай­гууллага өнгөрсөн гурав­дугаар сарын 6-нд үүсгэн байгуулагдсан. Эхэндээ үр хүүхэд нь өвдсөн эсвэл хамрын ханиад, суулгалт зэрэг хүүхдэд элбэг тохиолддог эмгэгийг гэрийн нөхцөлд хэрхэн эдгээх талаар нэг нэгнээсээ тусламж авдаг ээжүүдийн фейсбүүк дэх групп байсан юм. Бид зөвхөн гишүүд хоорондоо санал бодлоо солилцдог, нэг нэгэндээ тусалдаг фейсбүүкийн групп байх бус нийгмийн сайн сайхны төлөө, тэр дундаа өвчиндөө шаналж байгаа, хүчирхийлэлд өртөж биеийн болон сэтгэл санааны хүнд дарамтанд орсон хүүхдүүдэд тусалдаг төрийн бус байгууллага болъё гэж гишүүд маань нэлээн хэдэн сарын өмнөөс ярилцах болсон. Тэгтэл өнгөрсөн гуравдугаар сард Б.Баттогтох хэмээх нэг нас гурван сартай хүү буцалсан усанд түлэгдсэн харамсалтай явдал тохиолдсоныг олж мэдээд, тэр хүүд туслахаар болсон. Биеийнх нь талаас илүү нь түлэгдсэн хүү гадаадад мэс засал хийлгэхэд 280 сая төгрөг хэрэгтэй гэсэн учраас манай ТББ-аас түүнд туслахаар хандивын аян өрнүүлэхээр шийдсэн. Ингээд л төрийн бус байгууллагаа гуравдугаар сарын 6-нд үүсгэн байгуулж, Б.Баттогтох хүүгийн эмчилгээний зардалд хандив цуглуулж эхэлсэн. Хүүд мөнгөн хандив цуглуулахын тулд гишүүд маань хандивын хайрцгаа бариад Нарантуул, Дүнжингарав зэрэг худалдаа­ны төвүүдээс гадна Вива сити хорооллоор ч явсан. Түүнчлэн МИАТ компанийн удирдлагуудтай ярилцсаны хүчинд Б.Баттогтох хүүг ээжийнх нь хамт эмчилгээ хийлгэх орон руу нь үнэгүй зорчуулсан бол аав, эмч хоёрынх нь зардлыг 90 хүртэл хувиар хөнгөлүүлсэн.

-Саяхан вирусийн гарал­тай нурууны саажилттай Энх-Эрдэнэ хүүд тусалсан гэж сонссон юм байна?

-Гурван настай Энх-Эрдэнэ хүү вирусийн гаралтай нурууны саажилттай хэмээн оношлогдсон. Нэг өглөө босоод алхах гэтэл алхаж, гишгэж ч чадахгүй болчихсон гэж эцэг эх нь хэлсэн. Энэ өвчин нь Монголд эмчлэгддэггүй юм байна. Хамгийн харамсалтай нь өнгөрсөн жил буюу хүүгийн өвчний онош тогтоогдсоны дараахан аав нь нас барчих­сан учраас ээж нь хоёр хүү­хэдтэйгээ торойгоод үлдсэн. Энх-Эрдэнийн эгч нь тавхан настай.Солонгост хагалгаа хийлгэх боломжтой. Зардал нь 35 сая төгрөг шаардлагатай. энэ хэмжээний мөнгийг өрх толгойлсон, хоёр ч нялх хүүхэдтэй эмэгтэй олно гэдэг үнэхээр хэцүү учраас бид тэр эмэгтэйд туслацгаах болсон. Хамгийн гол нь бид адилхан эхчүүд, үр хүүхэдтэй учраас тэр эмэгтэйн зовлонг маш сайн ойлгож, түүнд чин сэтгэлээсээ туслахыг хүссэн. Манай ТББ дан ганц мөнгөн хандив өгөхийг илүүд үздэггүй. Тухайн өвчин зовлонтой үр хүүхдээ асарч тойглож буй эхчүүдэд сэтгэлийн дэм өгч, гэр оронд нь очиж тусалж дэмждэг. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан учраас энэ нь ч багагүй үр дүнтэй байдаг юм шүү.

-Тэгэхээр Энх-Эрдэнэ хүүд туслахын хажуугаар нэг настай балчир үр нь болон өөрсдөө түймэрт өртсөн Ц.Очирхуягийн гэр бүлд туслахаар шийдсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Сүхбаатар айм­гийн Сүхбаатар суманд гарсан түйм­рийн улмаас малчин Ц.Очир­хуягийн гэр бүлд тохиолд­сон харамсалтай явд­лын талаарх танай сонин дээр гарсан цуврал ярилцлагыг ТББ-ын нэлээн олон эхчүүд уншсан байна лээ. Өөрсдийн группдээ сонин дээрх ярилцлагын зургийг нь аваад тавьчихсан байсан. Бүх гишүүд маань түүнийг уншаад тэдэнд туслахаар шийдсэн. Гэхдээ хэнд, хэний гэр бүлд туслахаа бид төлөөлөн удир­дах зөвлөлөөрөө ярилцаж, шийдвэрлэдэг. Ингээд хамаг хөрөнгөө гал түймэрт өртөж, өөрсдийн бус хөндлөнгийн шалтгааны улмаас бие нь түлэгдсэн Ц.Очирхуягийн гэр бүлийнхэнд туслахаар болсон.

Би өмнө нь хэлсэн шүү дээ. Бид бүгд эхчүүд, үр хүүхэдтэй. “Хамаг бие нь түлэгдсэн нэгхэн ойтой бяцхан охин миний охиноос ялгаа юу байх билээ. Чадахаараа туслах юмсан” гэсэн эхийн сүүн сэтгэл энэхүү сайн үйлсийн аянд биднийг уриалсан хэрэг. Бид Хаан банкинд өнгөрсөн баасан гаригт хандивын данс нээсэн. Лхагва гаригийн (өнөөдөр) 00 цаг хүртэл нээлттэй байна. Хандиваар цугласан мөнгө, эд зүйлсийг бид нөгөөдөр эмнэлэг дээр нь аваачиж өгнө.

-Хандивын дансанд цуглар­сан мөнгийг нь өгөх үү, эсвэл түүгээр нь хэрэгцээтэй эм тариаг нь авч өгөх үү?

-Гэр бүлийн гурван гишүүн түлэгдсэн учраас түлэгдсэн арьсанд түрхдэг 60 мянган төгрөгийн үнэтэй тосыг ганц хоёрхон өдөр хэрэглэдэг юм билээ. Мэдээж дан ганц тос хэрэг болохгүй. Түлэгдсэн арьсанд түрхдэг тосноос гадна бинт, боолт зэрэг олон зүйл хэрэг болдог гэсэн. Тиймээс цугларсан мөнгөнийх нь тодорхой хэсгээр тос, боолт зэргийг нь авч өгөөд, үлдсэнийг нь өөрсдөд нь өгнө. Түүнчлэн манай ТББ гишүүд сард 1000 төгрөг цуглуулдаг. Үүгээрээ үйл ажиллагаагаа ч санхүүжүүлдэггүй. Бүгдийг нь энэ мэт өвчин зовлонтой хүүхдүүдэд зориулдаг. Гэхдээ сарын хугацаанд гишүүдээс цугларах 500 мянган төгрөг хангалтгүй учраас хандивын хайрцаг албан байгууллагаар аялуулахаас гадна банкинд хандивын данс нээсэн.

Бид өвчин зовлонтой хүүхдүүдэд нэг удаа мөнгөн тусламж үзүүлээд орхих бус байнга тэдэнтэйгээ холбоотой байна. Шаардлагатай тохиол­долд дахин хандивын аяныг өрнүүлэхэд бэлэн. Хамгийн гол нь бид Энх-Эрдэнийгээ гүй өвчин зовлонгүй дэгж дэрвэж, гүйж явахыг, Б.Баттогтох, О.Наранмандахыгаа тү­лэгд­сэн арьс нь хорсож өвдөхийг мэдрэлгүй инээж, эмнэлгийн ор сахиж биш, үе тэнгийнхэнтэйгээ тоглохыг хармаар байна.

Хандив өгч байгаа иргэд нэг зүйлд их эргэлздэг. Тэр нь “Миний өгсөн мөнгө очих ёстой хүндээ хүрч байгаа болов уу. Эсвэл замаас нь нэг нөхөр хумслаад байгаа болов уу” гэсэн хардлага байдаг. Тэгвэл Хаан банкны хандивын дансны мэдээллийг Ц.Очирхуяг, болон эхнэр нь давхар хянаж байгаа. Өөрөөр хэлбэл иргэд тус дансанд хандив хийх тоолонд тэдний гар утсанд хэдэн төгрөг, хэдийд орсон талаарх мэдээлэл давхар очиж байгаа. Тэгээд ч бид эхний сүүн цайлган сэтгэлээр туслах гэж байгаа ээжүүд учраас хэнд нь ч “Хэдэн төгрөг зувчуулчихъя” гэсэн атгаг санаа байхгүй ээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *