Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй ярилцлаа.
-Та сайдын ажлыг хүлээж аваад дөрвөн сар боллоо. Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал ямар байна вэ. Ямар асуудлуудыг шийдэж амжив?
-Би эрүүл мэндийн салбарт анх оюутны ширээнээс гараад 30 дахь жилдээ ажиллаж байна. Тийм болохоор салбартайгаа танилцах гэдгийг арай өөрөөр тайлбарлах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Салбарын өнөөгийн байдлын талаар яривал их олон юм ярих хэрэгтэй болох байх. Өмнө сайдуудын үед хийгдсэн сайшаалтай болон шийдэгдэж чадаагүй олон асуудал оршсоор байгаа нь нууц биш. Тиймээс тэрхүү асуудлуудыг шийдүүлэхийн төлөө мэргэжлийн хүмүүсийнхээ санал бодлыг тусган ажиллаж байна. Ер нь хүмүүс төрийн хар хайрцагны бодлого алдагдлаа гэж их ярих болсон. Үүнийг би хувьдаа ямар ч нам эвслээс үл шалтгаалаад өмнөхөө хэт үгүйсгэлгүй ололтыг нь хөгжүүлж, алдааг нь засаж явахыг хэлдэг болов уу гэж боддог.
Өнгөрсөн хугацаанд бид эрүүл мэндийн салбарт тулгамдаж байсан багагүй асуудлуудыг шийдлээ гэж харж байгаа. Гэхдээ цаашид засч, сайжруулах олон асуудал бий.
Аливаа салбарын шинэчлэл нь хууль, эрх зүйн орчинг бодлогын түвшинд шийдвэрлэх, түүнийг хэрэгжүүлэх чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, санхүүжилтийн ухаалаг тогтолцоог бий болгох гэсэн үндсэн гурван шаардлага хангахыг хэлдэг. Гэтэл өнөөдөр манай улсад энэ үндсэн гурван тулгуур бүрдсэн бил үү гэдгийг нэг бодож үзэх учиртай. Үүний нэг жишээ бол эрүүл мэндийн салбарын гол гажуудлын нэг болох шууд төсвөөс хараат байдал. Гэтэл үүнийг нийгэм хүлээж авахдаа хэрэглэгч талаасаа хандаж байснаас биш хэрэгцээндээ тулгуурласан санхүүгийн төлөвлөлт хийгддэггүй олон жил явсныг тэр бүр анзаардаггүй.
-Мэдээж тулгамдсан асуудлууд байгаа л байх даа…
-Өнөөдөр манай салбар 20 тэрбум орчим төгрөгийн өртэй, дэлхий нийтээр улс орны хөгжлийг хэмждэг гол үзүүлэлт болсон эхийн эндэгдэл 100 мянган амьд төрөлтөд 61.7, хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 24.5 болж Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн амжилтаасаа ухарсан. Халдварт өвчин 100 мянган хүн амд 167.8 хүрсэн байдалтай байна. Мөн сумын эрүүл мэндийн төвийн 70 хувь нь машины ашиглалтын хугацаа болон гүйлтийн норм хугацаа дууссан, түргэний машингүй болсон нийт 99 сум, эмнэлгийн зориулалтын дуусаагүй 21 барилга байж байх жишээтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагуудын дүгнэлтээр ашиглах боломжгүй болон шинээр барих шаардлагатай 49 эрүүл мэндийн барилга байгууламжтай биднийг угтан авсан. Мэдээж бид энэ бүхнийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа ч өргөс авсан мэт зүгээр болдог зүйл биш гэдгийг ойлгох учиртай.
Нэмж жишээ дурьдахад чухалд тооцогдож байгаа олон улсын төслүүд хэрэгжүүлэх шатандаа гацчихсан байгаа нь нууц биш. Таныг асуусан учраас хэллээ. Хэн нэгнийг буруутгаж шүүмжлэх гэсэнгүй. Эрүүл мэндийн салбар ийм байдалд хүрэхэд нийгэм, эдийн засгийн болоод экологийн олон асуудал нөлөөлж байна. Асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа.
-2017 оны төсөв батлагдлаа. Танай салбарын хувьд асуудлуудаа шийдвэрлэх боломж бүрдэв үү?
-Эрүүл мэндийн сайдын багц 654.9 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үүнээс 587.9 тэрбум нь урсгал зардал, 67 тэрбум нь гадаадын зээл тусламжаас бүрдэхээр байгаа. Бид эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийг хийж, 151 автомашин нийлүүлэхээр 4.2 тэрбум төгрөгийг батлуулж чадлаа. Энэ ажлаа эхлүүлж, улсын онцгой комисс болон Засгийн газарт асуудлаа тавьж, эхний байдлаар автомашингүй 22 сумыг машинтай болгосон. Есөн лавлагаа төв, нийслэлийн 25 эрүүл мэндийн байгууллага, 21 аймгийн 70 орчим эрүүл мэндийн байгууллага салбар нэгжүүдэд засвар хийхээр төлөвлөөд байгаа. Олон жил дамжсан арав гаруй тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн.
-Шинээр барилга барих уу. Яармагт гэхэд урт удаан настай төрөх эмнэлэг гээд асуудлууд байгаа шүү дээ?
-Улс орны эдийн засгийн байдал ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Гэхдээ бид мөнгөгүй гээд гараа эвхээд суулгүй бүх боломж, гарцыг хайж ажиллаж байна. Яармагийн дэнжид байгаа 300 ортой төрөх эмнэлгийг барьж дуусган ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр концессын гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын жагсаалтад оруулсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендерийг шалгаруулах ажил үргэлжилж байгаа. Цаашид Чингэлтэй дүүрэг, Ховд аймагт загвар нэгдсэн эмнэлгийн барилгыг барих ажлыг Азийн хөгжлийн банкны төслөөр барих асуудлыг хэлэлцэж байна. Бид зөвхөн барилга барих тухай ярихгүй байгаа юм. Тэнд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж эхэлсэн. Тоног төхөөрөмжийг нь нийлүүлэх асуудлыг ч зэрэг хийж байгаа шүү.
-Ер нь эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ, ур чадвар ямар байдаг юм бэ. Орон нутагт очиж ажиллах эмч байхгүй гэдэг яриа бий?
-Би салбарынхаа эмч мэргэжилтнүүдийг мэдлэггүй, ур чадваргүй гэж хэлэхгүй. Эрүүл мэндийн салбарын 47 мянга гаруй ажилтны мэдлэг ур чадвар янз бүрийн түвшинд байгаа байх. Бид эмч мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр онцгой анхааран ажиллаж байна.
Миний хувьд ажил хүлээж авмагцаа эх, хүүхдийн нас баралт өндөртэй байгаа аймгуудад мэргэшсэн эмч нарыг орон нутагт томилон ажиллуулж, ажлын байрны сургалтыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Эхийн эндэгдэл ажил хүлээж авахад 100 мянган амьд төрөлтөд 61.7 байсан бол одоо 48.6 болж, хүүхдийн нас баралт 10 мянган амьд төрөлтөд 24.5 байсан бол 21.3 хүртэл буурууллаа. Мөн сайдын нэрэмжит тэтгэлгийг бий болгож, энэ чиглэлд олон улсын байгууллага болон бусад хандив тусламжаар эмч сургах, онц сурсан оюутанд тэтгэлэг олгох ажлыг эхлүүлсэн. Ялангуяа хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой, эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөж эмч, эмнэлгийн мэргэжилтэн болж байгаа хүүхдүүдэд илүү дэмжлэг үзүүлж байна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээний эрсдэлийг бууруулах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход онцгой анхаарч, Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг шуурхай хийж байгаа.
Нэмж хэлэхэд, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийн хууль, Донорын тухай, Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль зэрэг бодлогын баримт бичгүүдийн төслийг боловсруулаад, батлуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
-Тэгвэл яамны зүгээс иргэд рүү чиглэсэн эмнэлгийн хүлээгдэл, чирэгдлийг багасгах тал дээр анхаарч байгаа юу. Байнгын бухимдал байдаг л даа?
-Сүүлийн жилүүдэд өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гемодиализ эмчилгээнд орж чадахгүй байна, элэгний “С” вирусийн эм, шинжилгээний үнэ өндөр байна гэсэн мэдээлэл цацагдаж байсныг санаж байгаа байх. Тэгвэл бид энэ асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Гемодиализ эмчилгээний ачаалал төрийн өмчит эмнэлгүүдэд хэт их, иргэд бухимдалтай, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн аппарат иргэн өөрөө төлбөр төлдөг учраас ашиглагдахгүй байсан. Улсын хэмжээнд 514 хүн гемодиализ эмчилгээнд хамрагдаж, цаана нь 50 хүн эмчилгээнд хамрагдаж чадахгүй байсан юм. Тэдний 44 нь нийслэлд байсныг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, төрөөс олгох санхүүжилтийг нэмэгдүүлж, иргэний эрүүл мэндийн даатгалаар дамжуулан хувийн хэвшлийн эмнэлэгт гүйцэтгэлээр нь эмчилгээний зардлыг олгох асуудлыг шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг иргэд маш таатай хүлээж авсан.
-Ханиад томууны улирал эхэлсэн байна. Вакцинжуулалт хийгдэж байгаа болов уу?
-Жил бүр өвлийн улиралд томуу, томуу төст өвчний улмаас эмнэлгийн ачаалал нэмэгддэг байдлыг багасгах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвийн өдрийн эмчилгээнд санхүүжилт олгох, хүүхэд өвдсөн тохиолдолд ээжид нь магадлагаа биш лист олгодог болгохоор ажиллаж байгаа. Мөн хүүхдэд нэн шаардлагатай эмийн нөөцийг даатгалын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нийлүүлэх зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанд тавьж тэмдэглэл гаргуулан хэрэгжүүлж эхэлсэн. Томуугийн 33 мянган хүн тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан оруулж ирж, иргэдийг дархлаажуулах ажил хийгдэж байна. Цаашдаа 45 мянган хүн тун томуугийн вакциныг АНУ-ын Өвчний хяналтын төвөөс үнэгүй авахаар ярилцаж, гэрээ байгуулсан.
Мөн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд шинжилгээ өгөхөөр ирж дугаарлан ачаалал үүсгэдэг байдлыг багасгаж, өрхийн эрүүл мэндийн төвд нь цусны сорьцыг авч, холбогдох журмын дагуу шинжилгээ хийх байгууллага руу зөөвөрлөх асуудлыг эхлүүлсэн. Энэ нь эмнэлгийн ачааллыг бууруулж байгаа тул иргэд маш сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ бид цаашид уг үйлчилгээг чанаржуулахын тулд өрхийн эрүүл мэндийн төвийг нэн шаардлагатай багаж хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм.
Алсын дуудлагыг шуурхай болгоход цахимаар зөвлөгөө өгч хэвшүүлсэн. Энэ нь хүнд өвчтөнд мэргэшлийн тусламжийг шуурхай хүргэхээс гадна эрүүл мэндийн байгууллага иргэн, тэдний ар гэрийнхэнд үүсэх санхүүгийн дарамтыг бууруулж байгаа том үр дүнтэй ажил болсон гэж ойлгож болно. Түүнчлэн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн хэсэг, оношлогоо хийлгэхэд хувцас сольдог хэсэг, сахиурын өрөөнүүдийг ая тухтай байлгах чиглэлд анхаарал хандуулж ажилласан.
-Эрүүл мэндийн салбарынхан “Шилэн эрүүл мэнд” гэж ярьдаг болсон байна лээ. Яг юуг нь хэлээд байгаа юм бэ. Үйлчилгээ юм уу, төсөв санхүүг нь хэлээд байгаа юм уу?
-Манай салбарыг хаалттай, иргэдэд мэдээлэл өгдөггүй гэсэн шүүмжлэл байнга явдаг. Энэ байдлыг арилгах үүднээс Эрүүл мэндийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаасаа эхлээд ил тод байх зорилго тавьж ажиллаж байна. Хүнд өвчтэй, төрсөн, мэс засал хийгдсэн иргэний талаар ар гэрт нь мэдээлэл өгөхгүй удах нь иргэдийн эрүүл мэндийн байгууллагад итгэх итгэлийг алдуулж байгаа нэг том алдаа. Манай эмч, мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ рүүгээ илүү анхаараад иргэдэд өгөх зөвлөгөө, зөв мэдээлэл өгөх талаа орхигдуулснаас ийм байдал үүсдэг. Иймд бид мэс заслын өрөө, төрөх өрөө, эрчимт эмчилгээний тасгийг камержуулж, үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн хүссэн тохиолдолд уг бичлэгийг үзүүлэх, камераар хүнээ харах боломжийг бүрдүүлж эхэлсэн.
Ихэнх эмнэлгүүдийн тасгууд үүдэндээ тухайн тасгийн онцлогтой холбоотой иргэдэд өгөх зөвлөгөөг байршуулсан байгаа. Тухайлбал, УГТЭ-ийн Зүрх судасны тасгийн коридор хүлээлгийн хэсэгт зүрхний өвчин эмгэгээс сэргийлэх талын зөвлөгөө байрлуулсан байх жишээтэй.
-Саяхан таныг Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нарт загнууллаа гээд бичлэг явсан. Уг нь адилхан сайдууд бие биенээ загнах эрх байдаг юм уу?
-Хүмүүс янз бүрээр л харж байх шиг байна. Энэ бол ажил хийж байгаа хүмүүст тулгардаг асуудлуудын нэг. Үнэндээ сайд нар бие биенээ загнаж, загнуулаад байгаа хэрэг гэж харахаас илүүтэй өнөөгийн төрийн санхүүгийн чадамж ямар байгаа талаар бид бодож санаа зовох учиртай юм.
Ер нь бол Улсын онцгой комисс хуралдах явцад хоёр сайд маань түргэн тусламжийн автомашинтай суманд машин хуваарилахыг шаардаж байсан юм. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө санхүүгийн асуудал яалт ч үгүй тулгардаг. Үүнийгээ хаа хаанаа ойлгох нь чухал. Тиймээс бодлогын хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг шаардлагатай байгаа газруудад нь юун түрүүнд нэн шаардлагатай машин, тоног төхөөрөмжийг хуваарилдаг. Би түрүүн хэлсэн, одоогийн байдлаар улсын хэмжээнд сумын эрүүл мэндийн төвийн 70 гаруй хувь нь автомашины парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Иймээс эдгээр сумдад шаардлагатай 151 автомашины 4.2 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж өгсөн. Үүнээс 21 автомашиныг нь нэн шаардлагатай сумдад энэ долоо хоногт хүргүүлж эхэлсэн.
-Дорнод аймгийн Халхгол суманд хүмүүс архи гэж андууран метилийн спирт ууснаас болж хордсон байна. Тэдний дөрвөн хүний амь нас эндээд байгаа мэдээлэл бий. Энэ тал дээр танай яамнаас ямар арга хэмжээ авсан бэ?
-Тийм, үнэхээр харамсалтай хэрэг болсон. Үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас олон хүн хордож, эрүүл мэнд, амь насаараа хохирлоо. Тухайн үед Эрүүл мэндийн яамны удирдлагууд тус аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн дарга, эмч мэргэжилтнүүдтэй цахим хурлыг яаралтай хийсэн. Ингэснээр өвчтөнүүдийн биеийн байдал, тусламж үйлчилгээний явцтай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, мэргэжлийн эмч нарын багийг Дорнод аймагт ажиллуулахаар яаралтай томилон ажиллуулж байна.
Өмнө нь ингэж олноор хордож, амь насаа алдсан тохиолдол Багануурт мөн гарч байсан удаатай. Ер нь иргэд маань хэрэглэж буй зүйлийнхээ гарал үүслийг нягтлаагүйн улмаас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тиймээс хоол хүнс болоод хэрэглэж буй зүйлдээ анхаарч байх хэрэгтэй.