Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

А.Цэгмид: Туслах дүрд татгалзахгүйгээр тоглох нь мэргэжлийн ур чадвар сайжрах суурь болсон DNN.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин А.Цэгмидтэй ярилцлаа.


-“Нийслэл хүүхэн-2” төсөл олны хүртээл болж байна. Залуучуудтай хамтарч ажиллахад ямар мэдрэмж төрдөг вэ, танд?

-Мэдрэмжээс гадна ямар ч бэрхшээл гардаггүй. Учир нь надад залуусаас суралцах, өөрийн мэддэгээ хэлж өгөх эргэх холбоо үнэхээр гайхалтай санагддаг.

-Та 14 наснаасаа тайзны уран бүтээлд тоглож эхэлсэн шүү дээ. Тэгвэл анхны дэлгэцийн уран бүтээлийнхээ тухай дурсвал?

-Би 18 настайдаа дэлгэцийн уран бүтээл рүү орсон. Анх 1968 онд “Өндөр ээж” кинонд тоглож байлаа. Харин одоо үед хүүхдүүд зургаахан настай, балчир үедээ дэлгэцэнд дүрээ мөнхөлнө гэдэг гайхамшигтай. Тэр үеийн киноны хөгжил одоо үеийн киноны хөгжил хоёрын хооронд асар их ялгаатай болохоор арга ч үгүй биз дээ.

-Ихэвчлэн ээж, эмээгийн дүрд тоглож байгаа харагдах юм. Та өөрөө ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Залуу байхаасаа л гол дүрд тоглохсон гэж мөрөөддөг байлаа. Энэ бол залуу насны алдаа ч гэх юм уу хөнгөн мөрөөдөл л дөө. Гэтэл надад голдуу туслах дүр оногдож түүнийг голохгүй, татгалзахгүйгээр тоглож байсан нь өдийг хүртэлх миний уран бүтээлийн дасгалжилт, ахин дэвших суурь нь болсон гэж боддог. Авсан дүрүүдээ үзэгчдийн таашаал, шүүмжид хүрэхээр бүтээхийг л зорьж ажилладаг даа. Бүх уран бүтээлийнхээ явцыг дүгнэхэд би гол дүрд цөөн үзэгдсэн юм байна билээ. Тэгэхээр үлдсэн насандаа дандаа гол дүр ирээсэй гэж мөрөөдөхөд буруудахгүй байх. Мөрөөдөхөд ямар мөнгө төлөх биш дээ (инээв).

-Та өөрөө “Нийслэл хүүхэн”-ий Ажаатай хэр төстэй вэ. Хөдөөний амьдралтай ойр өссөн үү?

-Таван настайдаа хурга, ишиг хариулдаг байсан. 12 нас хүртлээ хөдөө мал дээр өссөн. Миний хүүхэд ахуй настай Ажаагийн дүр маш ойрхон. Бага байхад миний буурал ээж, сайхан залуу ээжийн амьдралын дадал, дурдатгалууд тархинд минь баримтат кино шиг үлдсэн болохоор би зүдрэхгүйгээр энэ дүрд наалдсан. Нийслэл хүүхэн киноны зохиолч Ч.Баттүшиг энэхүү дүрийг өөрийн эмээ ээжийн дурсгалд зориулж,бодож бичсэн шүү гэж хэлсэн. Надад үүнтэй яг агаар нэг л санагдсан. Миний хөгшин буурал ээж яг л энэ Ажаа шиг олон таван үггүй, нэг хэлэхдээ жинтэй хэлдэг тийм хүн байсансан.

-Та 60 гаруй жил урлагийн салбарт ажиллаж байна. Энэ өндөрлөгөөс ямар бодол, мэдрэмжийг тээдэг юм байна?

-Миний үеийн хүмүүс надтай адилхан бодол тээдэг байх. Монгол хүн болж төрснөөрөө ертөнцийн аль нэг өнцөгт явж байхдаа ч бахархдаг. “Монгол хүн үү” гээд асуухад уртын дуугаа нэг бадаг аялчихдаг, үндэсний бүжгээрээ ядаж биелгээ хийчихдэг байх хэрэгтэй. Манай орон шиг амгалан тайван, дайн дажингүй газар хаана ч үгүй. Залуус илүү оюунлаг, сайхан, байна. Миний 20 насандаа хийж чадаагүйг 18 настай хүүхэд хийж, 30 насандаа сэтгэж чадаагүйг компанийн захирал залуу хийж чадаж байна шүү дээ.

-Урлагийн хатуу цензурт шантрах үе байсан л байх. Та өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

-Би хүүхэд байхаасаа спортоор хичээллэсэн болоод ч тэр юм уу шантрал миний амьдралд байгаагүй. Бүдрээд унах том чулуу байхад тэрийг яаж давна даа гэдэг сэдэв надад гарч байгаагүй. “Үүнийг заавал давна” гэдэг үгээр өөрийгөө зоригжуулаад олон зүйлийн ард гарсан. Одоо бэрхшээл алга.

-Танд хааяа өнгөрсөн рүүгээ өнгийх, харамсах мэдрэмж төрдөг үү?

-Харамсах биш, жаахан эрт төрөх минь яав даа гэсэн бодол сүүлийн үед их төрөх болсон. Яагаад гэвэл “Ялагсад” гэдэг номонд дэлхийн шилдэг 20 эмэгтэйн тухай өгүүлдэг. Тэр номонд С.Удвал дарга, Дондогдулам хатан зэрэг байдаг. Дэлхийд алдартай, зовлон жаргал бүгдийг туулж алдрын өндөрлөгт хүрсэн эмэгтэйчүүдийн түүхийг уншиж дууссаны дараа надад асар их эрч хүч бий болсон. 70 гарсан надад ээжийнхээ 87 насыг давж гараад хүний хөл хүрсэн оргил юм бол би яагаад хүрч болдоггүй юм гэх бодол ч төрсөн. Роман, ном зохиолыг уншихдаа дэлхийн шилдэг, илүү олон уншигчтай номыг сонгож унших дуртай. Олон хатны түүхтэй ном уншсан даа.

-Одоо уран бүтээлийн санал хэр ирж байна даа?

-Олон санал ирж байна. Энэ сард ажиллах нэг киноны зохиол ирчихсэн байна, нэрийг нь нууцалъя даа. “Гуравдугаар сарын бэлэг” кино маань Мартаар бүх телевизээр үнэ төлбөргүй гарлаа. “Шийдсэн хүүхэн” УСК энэ оны хамгийн анхны уран бүтээл байлаа. Монголд хүүхдийн кино, хүүхдийн театр, хүүхэдтэй холбоотой асуудлууд орхигдчихоод байна. Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт удаашралтай байна. Өндөр барилгын ажлаас ч удаан байна.

-Уран бүтээлч хүн ямар ч дүрийг голох эрхгүй гэж та хэлсэн. Залуу уран бүтээлчдэд юуг захих вэ?

-Үгтэй ч бай, үггүй ч бай оногдсон дүрийг голж болохгүй. Өөрийнхөө хийж байгаа ажилд сэтгэл ханаж, бардамнах нь өрөөсгөл, тураалтай тархитай хүний л бодол. Ийм бодлыг залуучууд минь өөртөө битгий хүлээж аваарай. Өөртөө ханасан мөчөөс чиний чадвар, уран санаа, өөрийгөө хөгжүүлэх хөгжил зогсож эхэлнэ.

-Хүүгээ жүжигчин болгох тухай бодож байв уу?

-Үгүй, харин эсрэгээрээ аавынх нь мэргэжлийг эзэмшүүлсэн. Аав нь Монголын номер нэг дуу хоолой, тэр эр хүний урд дуугарах хүн байхгүй дээ. Манай хүү урлагийн маш нарийн мэдрэмжтэй, зураг сайхан зурдаг, гоё дуулдаг. Аравдугаар анги төгсөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт гурван сар дагалдан жүжигчин хийсэн. Дуучин болох боломж байсан ч яагаад ч юм надад нэг юм чангаагаад аав шигээ дуу хоолойтой юм чинь аавынхаа мэргэжлийг эзэмшиг гэж бодсон доо. Одоо радиод ажилладаг. Би Улаанбаатар телевиз буюу одоогийн “UBS”-ийн хамгийн анхны нэвтрүүлэгч байсан. Анх нэвтрүүлэгч Д.Цовоотой хамт эфир хөтөлж дэлгэцэнд гарч байлаа.

-Нас нэмэхийн хэрээр нутаг, ижий аавыгаа их санадаг гэлцдэг шүү дээ?

-Сэтгэлээрээ нутагтайгаа би их ойрхон байдаг. Хүүхэд залуучуудын театрт байхдаа “Сүүлчийн үдэлт” гэдэг эрэгтэй хүүхдэд тоглосон жүжгээрээ нутагтаа 1984 онд очиж тайлан тоглолт хийсэн. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл нутагтаа нэг ч очоогүй. Тэр үед нутгаасаа аваад гарсан чулууг хүний нутагт 15 жил болохдоо ганц ч удаа өөрөөсөө салгаж байгаагүй. Тэрийгээ 70 нас хүрэхдээ гаргасан номондоо “Бурхан чулуу” гэж нэрлэсэн. Миний шүлгэнд ая хийх талаар хөгжмийн зохиолчид хандсан.

-Анх удаа кинонд тоглоод хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ?

-“Өндөр ээж” кинонд тоглоод 800 төгрөгийн цалин авч байлаа. Энэ мөнгийг гар дээрээ ч аваагүй. Кинондоо тоглочихоод, дуугаа хийчихээд, хүний гэргий болоод Москва руу явчихсан. Хоёр ээжид минь кино үйлдвэрийнхэн аваачиж өгсөн байдаг. Тэр хоёр хагартлаа баярласан гэж хуучилдаг байсан даа. Тухайн үед ээж минь үйлдвэрт ажиллаад 350 төгрөгийн цалин авдаг байсан үе.

-Төр засагтаа талархалтай явдаг уу?

-Уран бүтээл хийхэд арын албаны хүмүүс жүжигчдээс хүнд хөдөлмөр эрхэлдэг. Төр засагтаа арын албанд 30, 40 жил ажилласан гэрэлтүүлэгч, зургийн дарга нар өнөөдөр ямар ч шагналгүй явж байна гэж хэлмээр санагддаг. Саяхан соёлын яам байгуулагдлаа. Шог хошноор ярихад соёл урлагийнхан аавтай, ээжтэй болчихлоо л гэсэн үг. Тийм учраас энэ тал дээр анхаарах байх гэж бодож байна.

А.ГАНТУЯА

Б.ГАНТОГТОХ

М.МАЙНАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *