Categories
мэдээ спорт

А.Сүхбат, А.Энхтуул нарын шатрын халз тулаан тэнцээгээр өндөрлөв

Өчигдөр орой Монгол Улсын Дархан аварга А.Сүхбатын “5D Fitnes club”-д Их мастер А.Энхтуулын урилгаар тэдний дунд “CrossFit Chess” буюу шатрын халз тоглолтын нэгэн сонирхолтой өрсөлдөөн боллоо.

Өөрөөр хэлбэл, “CrossFit Chess” нь олон улсад хүчний спортын тамирчин болон оюуны спортын тамирчид өөр хоорондоо хүчний дасгал хийнгээ шатар нүүдэг нэгэн сонирхолтой төрөл юм.

Тэд итали өргөөр өрж, 10 минутын түргэн тоглолт хийсэн. Шатрын нүүдлээ гүйцэтгэсний дараа дасгалын төхөөрөмж дээр очиж, зохих хугацаат болон тоот дасгалаа гүйцэтгэн улмаар дасгалын дараа шатрын нүүдлээ эргэн нүүх байдлаар өрсөлдсөн нь ихээхэн сонирхол татаж байсан юм. Тэдний тоглолтыг Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Шатрын олон улсын Их мастер П.Жигжидсүрэн шүүн явууллаа.

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Олон улсын мастер П.Жигжидсүрэнгийн

Оюуны спортоор үргэлж хичээллэж, байнга толгойгоо ажиллуулж байдаг Их мастер А.Энхтуулын хувьд 10 минутын түргэн тоглолтын дундуур “гэдэс таталт”-ын төхөөрөмж дээр 100 гаруй сунайлт хийж, таван минутын турш гүйж, мөн гүйлтийн зам дээр тоглолт эхлэхээс өмнө бие халаалтыг таван минут хийсэн юм. Их мастер эдгээр дасгалыг хийгээд шатраа тоглохдоо ихээхэн ядарсан нь ажиглагдаж байлаа.

Харин Дархан аварга А.Сүхбатын хувьд илүү ачаалалтай дасгалуудыг торохгүй хийж, турникны сунайлт, өгсүүр горим дээр тохируулсан дугуй жийх зэргийг гүйцэтгэсэн ч ядарсан шинжгүйгээр шатрын нүүдлээ хийж, үргэлжлүүлэн дасгалаа гүйцэтгэж байв. Тэдний тоглолтын цаг минут, “идэлт”-ийн тоо, чанар зөрүүгүй шахам үргэлжилсээр эцсийн мөчид тэнцээгээр өндөрлөсөн юм.

Тоглолтын дараа шатрын олон улсын Их мастер, шүүгч П.Жигжидсүрэнгийн саналыг сонслоо. Тэрээр “Аварга Сүхбат, анх бага залуу байхдаа миний шатрын клуб дээр ирж суралцаж байлаа. Ер нь манай бөхчүүд бол “шаггүй” шатарчид байдаг. А.Сүхбатын хувьд сайн шатарчин. Харин А.Энхтуул маань гарцаагүй олон улсын хэмжээний мэргэжлийн хүн мөнөөс мөн. Энэ хоёр зүгээр ширээний ард суугаад өрсөлдөх нэг хэрэг. Харин “CrossFit Chess” төрөл бол тэдний хүчийг тэнцүүлж өгч байгаа бөгөөд оюуны болон хүчний спортын тамирчид нэг зүйлээр өрсөлдөхөд хамгийн тохиромжтой, сонирхолтой төрөл юм” хэмээн өгүүллээ.

Мөн энэ үеэр Дархан аварга, А.Сүхбат, Их мастер А.Энхтуул нарын сэтгэгдлийг сонссон юм. А.Сүхбат аварга “Би удахгүй Азийн шатрын холбоонд ажиллахаар хилийн чинадыг зорих гэж буй Их мастер А.Энхтуул дүүгийнхээ хүсэлтээр энэхүү шатар болон дасгал хосолсон төрлөөр анх удаа өрсөлдлөө. Миний хувьд арав гаруй настайгаасаа л даамаар эхэлж, дараа нь шатар сурч өдий хүртэл тоглож яваа хүн. Манай бөхийн бүлийнхэн дунд мундаг шатарчин олон бий. Тэднийгээ хожиж, хожигдож байдаг даа. Би аливаа өрсөлдөөнд зөвхөн “ялах” гэдэг сэтгэлзүйтэй байдаг хүн. Харин энэ өрсөлдөөнд хэдий хичээсэн боловч тэнцлээ” гэсэн юм.

Монгол Улсаас гурав дахь удаагийн шатрын Олон улсын Их мастер болсон А.Энхтуулийн хувьд “Дархан аварга маань “шаггүй” шатарчин гэдгийг мэдэж авлаа. Би ирэх сарын эхээр АНЭУ-ыг зорихынхоо өмнө Монголдоо нэг халз тоглолт хийе гэж бодоод хэд хэдэн эрхмийг урьсан юм. Харин А.Сүхбат аваргын хувьд саналыг маань дуртайяа хүлээн авч тоглосонд их баяртай байна. Ер нь биеийн хүчний спортыг оюуны спорттой хослуулж бэлтгэл хийх гэдэг их үр өгөөжтэй байдаг” гэв.

Ийнхүү шатрын нэгэн сонирхолтой төрөл болох “CrossFit Chess”-ээр өрсөлдсөн Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат, Их мастер А.Энхтуул нарын шатрын халз тулаан тэнцээгээр өндөрлөсөн нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байсан юм. Тэд дараа дахин “CrossFit Chess”-ээр өрсөлдөж, тэнцээгээ хагална гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *