Categories
мэдээ цаг-үе

А.Саруул: Манайхан хоёр танхимт парламентын тогтолцоогоо ойлгохгүй байна

А.Саруул Герман улсад дээд боловсрол эзэмшээд “Монголын ардчилал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Германд 20 жил сурч амьдрахдаа Герман, Швейцарийн цөөнгүй төслүүд дээр ажиллажээ.


-Та Герман улсад Монголын ардчиллын сэдвээр доктор хамгаалсан байна. Германы парламентын үндсэн тогтолцоо нь юу вэ?

-Герман улс фашизмыг төрүүлсэн гашуун түүхтэй орон. Үүнээсээ болоод улс төрийн тогтолцоогоо хэзээ ч дахин фашизм үүсэх нөхцөлгүй болгосон.

-Жишээлбэл?

-Ямар ч тохиолдолд парламентын засаглалтай байна. Мөн гишүүний халдашгүй байдлыг дархалсан. Парламентын гишүүн тухайн үедээ цаг үеэсээ түрүүлсэн асуудлыг дэвшүүлж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд хариуцлага хүлээхгүй. Түүний хэлсэн үг өнөөдөр буруу мэт сонсогдож болох ч ирээдүйд үнэн байх магадлалтай. Ингэснээр парламентын дархлаа баталгааждаг. Үндсэн хуульдаа энэ зарчмуудыг хөндөхийг хориглосон. Өөрөөр хэлбэл дээрх зарчмуудыг ардчиллын амин сүнс гэж үздэг.

-Өнөөгийн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэрхэн харж байна?

-Өнөөдөр парламентын олонхыг хууль ёсны гэж үзэхэд хэцүү. Бүгд яриад байдаг боловч эрх бариад л байна.

-Яагаад?

-Би тойргууд дээр жижиг хакер хийгээд хэт олонх болсон гэж боддог.

-МАН-ыг машинтай хуйвалдсан гэж үзэж байгаа юм уу. Тэр машин чинь төв сервер байхгүй шүү дээ?

-Төв сервертэй байсан бол нэг сонгогч нэг удаа саналаа өгөөд л дахиж санал өгөх эрх хаагдана. Гэтэл төв сервер байхгүй учраас орон нутагт, нийслэл саналаа өгч байгааг харж л байсан.

-Нэрийг нь хэлээч…

-Нөгөө зөрчлийн хуулиар буруутгана биз дээ. Ийм нам эрх барьж байгаа тохиолдолд Үндсэн хуульд гар хүрэх эрх байхгүй. Хууль эрх зүйн ч, ёс суртахууны ч эрх байхгүй. Дээр нь нэг асуудал илүү сэтгэл түгшээгээд байгаа юм. Парламентын олонх маань өнөөгийн Үндсэн хуулиа ойлгож байгаа юу гэдэг нь маргаантай.

-Яагаад?

-Үндсэн хуулиа ойлгож байгаа хүмүүс 60 тэрбумдах уу. Зөвхөн албан тушаалын томилгоон дээр ирчихээд өөрийг нь сонгосон тойргийн амин чухал асуудал яригдаж байхад ирэхгүй л байгаа биз дээ. Мөнгө албан тушаалын асуудлаас бусдад оролцохгүй байна шүү дээ. Энэ чинь Үндсэн хуулийн үнэлэмжийг ойлгохгүй байна л гэж харж байгаа.

-Сонгодог парламент гэж ямар парламентыг хэлж байна?

-Ерөнхий сайд нь парламентаа тараадаг, парламентын гишүүд нь тойргийн сонгогчдынхоо олонхын саналаар сонгогдох гэх мэт олон зарчим байдаг. Германы парламент холимог тогтолцоотой.

-Нэр дэвшигчид ижил эрх эдэлдэг гэсэн нь юу гэсэн үг вэ?

-Жишээлбэл, манайд хэн мөнгөтэй нь олон тойроод, мөнгө багатай нь бараг тойргоороо бүрэн явж чаддаггүй. Харин Германд нэр дэвшигч сонгогчидтойгоо уулзалт хийх болбол нэр дэвшигчид зэрэгцэж сууж байгаад уулзалт хийнэ. Сонгогчдод харьцуулах боломж, нэр дэвшигчдэд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж өгнө. Харин манай парламент гэж…

-Ямар гэж?

-Сонгогчдын үзэл бодол биш, гишүүндээ үйлчилсэн хэдэн нөхдийн амаар парламент бүрддэг биз дээ. Гишүүн өөрөө ийм байдлаар сонгогдчихоод Үндсэн хуульд гар хүрнэ гэдэг нь байж болохгүй зүйл байхгүй юу,

-Хоёр танхимтай парламент гэж ярьдаг улсууд цөөнгүй байна.

-Тэр хүмүүс ямар утгаар нь хоёр парламентын тухай ярьж байгааг би сайн ойлгохгүй байгаа юм. Германы хоёр парламент бие биенээ хянах гэж л байгуулагддаг. Хүч тэнцвэржүүлэх зорилготой. Хэн нэг нь хэт давамгай байхаас сэргийлсэн тогтолцоо л доо. Германы дээд танхим Бундестаг мажоритараар сонгогдоно. Бундесрат буюу доод танхим нь холбооны 16 мужаас бүрдэнэ. Орон нутгийн сонгуулиар орон нутгийн Засгийн газар байгуулагдана. Муж улсын Ерөнхий сайд нар доод танхимд шууд орно. Муж улсын Засгийн газар орсон бусад намуудын төлөөлөгчид бас доод танхимд орно.

-Хоёр танхим бие биенээ яаж хянах вэ?

-Манай УИХ хууль баталсан л бол тэгээд хэрэгжээд эхэлнэ. Харин Германы Бундестагийн баталсан хуульд Бундесрат хориг тавих эрхтэй.

-Холбооны улсад л хоёр танхим зохимжтой гэсэн үг үү?

-Холбооны улсад бол болоод байгаа юм. Харин манайх шиг нэгдсэн төртэй улсад хаанаасаа дээд, доод танхимаа байгуулах гээд байгаа юм бүү мэд.

-Нам байгуулахад гишүүдийн квот тогтоож өгч байгааг юу гэж үзэж байна?

-Нам байгуулах эрх чинь бас хүний том эрх. Германы намууд хатуу дүрэмтэй. Төлөвшсөн намууд. Одоо заримдаа асуудал үүсч байгаа.ч үзэл бодлоороо явдаг. Харин манайд бол шал өөр юм байна. Саяхан судалгаагаар хөдөө явахад нөгөө намаа ч гэх хүмүүс бараг алга. Отог омгийн зохион байгуулалтаад орчихсон. Хэн олон хамаатан ах дүүтэй байна. Тэр тухайн орон нутагтаа ноёрхлоо тогтоодог болчихож.

-Орон нутагта ноёрхох ямар ашигтай байна?

-Төсөв, орон нутгийн хөгжлийн санг захиран зарцуулах, лиценз гэх мэтийн олон ашиг байдаг юм байна. Тийм учраас намын үзэл бодол биш, санхүүгийн эрх ашиг дээр нэгдчихэж байна. Ерөнхийлөгч олон хүнтэй нам байгуулах санал гаргаж байгааг ойлгож болно. Гэхдээ гишүүдийн тоо бол ямар ч нөлөө үзүүлэхгүй. Хуулиар намын гишүүдийн тоог хэдээр ч тогтоод ямар ч ялгаа гарахгүй. Энэ хоёр нам л цаашдаа суугаад байна. Тогтолцоо шударга биш байхад хуц ухна байгаад байна биз дээ. Намыг тоогоор төлөвшүүлдэг гишүүд манайд л байдаг байх.

-Нам хэзээ төлөвших бол?

-Сонгогчдын арван хувь идэвхтэй байдаг. Сонгогчид санал тавиад намууд яаж хүслийг биелүүлэх тухай л асуудал л даа.

-Германд намын санхүүжилт яаж хийдэг вэ?

-Намууд сонгуульд авсан саналаараа төрөөс санхүүжилт авна. Бас компани, дэмжигч, гишүүдээс хуулиар заасан хэмжээнд татвар хандив авна. Гэхдээ бүх зүйл нь ил тод байдаг. Бас намуудын дэргэд Конрад Аденауэр, Эбертийн гэх мэт сангууд байдаг.

-Энэ сан хаанаас санхүүжих вэ?

-Улс төрийн өндөр албан тушаалтнуудын татвараас санхүүжинэ.

-Том компанитай улстөрчдийн хандив гэсэн үг үү?

-Үгүй. Германы улстөрчид өндөр цалинтай байдаг. Зөвхөн түүнээсээ хандив өргөнө. Компанитай хүн улс төрд ордоггүй. Сонгогчид ч хүлээж авдаггүй. Хувийн компанитай хүн улс төрд ороод өөртөө ашигтай байдлаар хандана гэсэн үзэл германчуудад тогтсон. Тийм учраас компанийн захирлууд ч улс төр лүү зүтгэдэггүй. Зүтгэсэн ч сонгогчид нь хүлээж авдаггүй бичигдээгүй хууль үйлчилдэг.

-Меркелийн цалин хэр их вэ?

-Төр Меркелийг үнэтэй машин, хаус авах мөнгөнөөс бусдыг өгдөг. Улстөрчид нь нэг их юм хүсээд байдаггүй жишигтэй.

-Манай улс төрөөс компанийн захирлуудыг гаргах хэрэгтэй юу?

-Би компаниудын захирлуудыг шуналтайдаа, зэвүүн царайлаад улс төр лүү орж байна гэж боддоггүй. Аргаа ядаад бизнесээ хамгаалах, бизнесийн орчинг бүрдүүлэх гэж улс төрд орж байна гэж хардаг. Нэг тендер авлаа улстөрч бизнесмэнээс арван хувийг нь авчихаар дампуурна биз дээ. Тендерийн чанаргүй гүйцэтгэлийн ард ийм л юм байдаг байхгүй юу. Ийм учраас манай бизнесмэнүүд гишүүн болж бизнесээ хамгаалахаас өөр замгүй болоод байгаа юм.

-Үндсэн хуулийн нэг том асуудал шүүхийн хараат бус байдал.

-Шүүхийн зөвлөл гэж байдаг. Гэнэтийн хүн томилогдохгүй. Намын суганд явж байгаад гэнэт шүүгч болохгүй. Манайхан шүүгчид өндөр цалин өгөөд л шударга ёс тогтох тухай их ярьдаг. Харин Германд бол тэр хүний зам мөр, ёс суртахуун гээд зүйл нөлөөлдөг юм билээ. Шүүх засаглал нь бие даасан болохоор тэндээс хараат бус шүүгч гарна. Том хэргүүд шударга бусаар шийдэгдсэн гэсэн гомдол би 20-иод жил Германд амьдрахдаа сонсоогүй. Шүүгч хараат бус байх, шударга байх, алдаагүй байх нь сэтгүүл зүйгээс их шалтгаалдаг. Сэтгүүлчид шүүхийнхнийг үнэхээр хянаж байдаг.

-Манайх чинь шүүхийг үл хүндэтгэсэн гээд шүүдэг биз дээ?

-Тэгвэл Германд тэр шүүгч хэн ч биш болно. Гэхдээ төрийн албан хаагчийг халж солих нь ховор.

-Та Үндсэн хуулийн санал асуулгад орох уу?

-Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв. Гэхдээ өнөөгийн парламент биш.

-Яагаад?

-Өнөөдөр Үндсэн хуулийн аль заалтыг яагаад өөрчлөх гэж байгаа нь нийгэмд тодорхойгүй байна. Швейцарь 24 мужтай. Долоон муж өөрчлөлт оруулах санал гаргавал санал асуулга явуулна. Харин долоон муж нь эсэргүүцвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Өөрөөр хэлбэл ард түмний саналаар санал асуулга явуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Тэгвэл манай 76 гишүүн л өөрсдийн үзлээр өөрчлөлт оруулах гээд байна шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *