Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг дотроо олон толгой, олон фракцтай нам бол Ардчилсан нам. Аливаа асуудлаа ардчиллын зарчмаар буюу олонхын саналаар шийддэг энэ намын маргаан, үзэл бодлын тэмцэл өмнө ч байсан одоо ч хэвээрээ. Үүсэн байгуулагдаад өдгөө 34 жилийн нүүрийг үзэж байгаа ч энэ намын эв нэгдэл коммунистуудын ойлгож байгаа шиг цул болсонгүй. Коммунистууд зангидсан гар шиг ч гэж ярьдаг.
Гэтэл ардчилсан нам ийм байх үзэл санааны хувьд боломжгүй. Аль талдаа олонхоороо үзэл бодол нэг байна тэр талдаа эв нэгдэл нь хэлбийдэг гэсэн үг. Үнэн гэж байдаггүй, харин үнэнд ойрхон явах нь чухал гэдэг шиг цул эв нэгдэл гэдэг бол дарангуйлал дор л оршдог байх. Энэ утгаараа Ардчилсан намд дарангуйлал тогтох боломжгүй учир үнэмлэхүй эв нэгдэл орших боломж хэцүү юм. Тиймдээ ч байсхийгээд л маргаан өрнөдөг. Савхийвэл нэгнээ гөвдөг. Энэ зодооноосоо болоод сүүлдээ “сэхээнд” орсон цаг саяхан. Тэр үеэ бодоход өнөөгийн Ардчилсан нам нэлээд эвэндээ оржээ. Одоо энэхүү эв нэгдлээ сонгууль хүртэл хадгалах нь энэ намд юу юунаас илүү чухал байгаа. Энэхүү ажлыг гардан гүйцэтгэх гол хүн бол намын генсек. Намын дарга Лу.Гантөмөрийн хувьд намынхаа генсекийг томилох гэж багагүй хугацаа өнгөрүүлсний дараа Э.Одбаярыг томилсон. Тухайн үедээ буруу хүнээ томиллоо, намын эв нэгдэл дахиад задарлаа гэж шүүмжлэх хүн цөөнгүй байсан. Гэтэл өнөөдөр энэ намын эв нэгдэл шүүмжлэгчдийн хэлж байсан шиг задарсан уу. Харин ч эсрэгээрээ өмнө нь байгаагүй эв нэгдэлтэйгээр сонгуульд оролцох гэж байгаа нь үйл ажиллагаанаас нь тодорхой харагдах боллоо. Үүнийг намын генсек нь олон фракцуудынхаа учрыг олоод намынхаа даргатай гар нийлж ажиллаж байгаагийн илрэл гэж хэлж болохоор. Нөгөөтэйгүүр нам дотроо хүн болгонтой уулзаад, фракц болгоны аяыг тааруулж чаддаг хүн л Ардчилсан намыг эвтэй байлгана.
Тэр утгаараа нэг хэсэг бусдын хэл амны бай болоод байсан генсек Э.Одбаярын хувьд олон фракц, бүлэглэлтэй энэ намын эв нэгдлийг түүртэлгүй ханган ажиллаж чадаж байгаа юм биш үү. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд намын даргатай гар нийлж ажиллаж чадаж байгаа бол Лу.Гантөмөр зөв хүнээ намынхаа генсект томилсон бололтой.
Э.МӨНХТҮВШИН