Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

А.Гантулга: Миний шавь золиос болж насаараа ринг дээр гарах эрхгүй болчихлоо

Саяхан Монго­лын Боксын хол­боо­ны удирдах зөв­лөл хуралдаж эрэг­тэйчүүдийн шигшээ багийн тамирчин ОУХМ Х.Энхдэлгэрийн сонирхогчдын боксд тоглох эрхийг бүх насаар нь хассан байна. Мөн түүний багш “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулгыг тэм­цээн уралдаанд орол­цох эрхийг нь хоёр жилээр хасчээ. Ингээд зогсохгүй эмэгтэй шигшээ багийн тамирчин ОУХМ М.Нандинцэцэг, Э.Уянга, О.Сувд-Эрдэнэ нар багаасаа хөөгдсөн байна. Эмэгтэй боксч­дын хувьд шигшээ багийн дасгалжуулагч Б.Энхтайваныг тамир­чид­тайгаа зүй бусаар харьцдаг, харилцааны доголдолтой учраас дасгалжуулагчаа сольжхуучин шигшээ багийн дасгалжуулагч байсан Л.Энхбаатарын удирдлага дор хичээл­лэхийг хүссэн гэх. Харин боксын холбооны зүгээс тэднийг дас­галжуулагчаа үл хүн­дэтгэсэн, хэл ам таталсан гэж үзээд ийн шийтгэсэн бололтой. Хэдийгээр эмэгтэй боксчид шигшээ багаас хөөгдсөн ч тэмцээн уралдаанд оролцох эрх нь нээлттэй төдийгүй гол нь өөрсдийнхөө зард­лаар оролцох гэнэ.

Харин 52 кг-ын шилдэг тулаанч, Оюутны дэлхийн аварга Х.Энхдэл­гэрийн хувьд насаа нууж дүүгийнхээ нэрээр тэмцээн урал­даанд орж байсан учраас сонирхогчдын боксд бүх насаараа хүч үзэх эрхээ ийн хасуулсан гэх. Түүний багш “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Ган­тулгаас энэ талаар тодрууллаа.

Таны шавь Х.Энх­дэлгэр сонирхогчдын боксд тоглох эрхээ бүх насаараа хасуулсан байна. Шалтгаан нь насаа дарж дүүгийнхээ нэр дээр тэмцээнд оролцож байснаас болсон гэх юм?

-Энэ их ярвигтай асуу­дал. Энхдэлгэр Ховд аймгаас 2003 онд Улаанбаатар хотод гэр бүлээрээ нүүж ирсэн гэсэн. Хөдөө хүүхэд байхад нь өвчин ороогоод байхаар нь лам өвөө нь эцэг, эхэд нь хүүгийнхээ нэр, амьдарч буй газар нутгийг нь соль гэж хэлсэн юм билээ. Тэгээд аав ээж нь нутаг сэлгэх санаатай хот бараадаж, дүүгийнх нь нэрээр дуудах болсон гэсэн.

Ах, дүү хоёрын би­чиг баримтыг сольсон гэсэн үг үү?

-Яг ч тийм биш юм шиг. Дүүгийнх нь нэрээр ахыг нь нэг хэсэгтээ л дуудаад явчихсан бололтой. Тэгээд гадаад паспортыг нь Энхдэлгэр дүүгийнх нь нэр дээр захиалж гаргаад тэмцээн уралдаанд оролцож байсан гэсэн үг. Тэгэхээр иргэний үнэмлэх, хурууны хээнээс өгсүүлээд зөрж таарахгүй юу. Жинхэнэ нэр нь Хархүүгийн Энх-Амар. Харин дүү нь Энхдэлгэр болж таарсан.

Та энэ бүхнийг мэдэж байсан хэрнээ яагаад нуусан юм бэ?

-Би өнгөрсөн зургаду­гаар сар хүртэл энэ тухай мэдээгүй явсан. Анх 2007 онд надад шавь орсон. Баянзүрх дүүргийн Шархад гэдэг газар гэр нь байдаг гээд хэсэг хэдэн найзуудтайгаа ирж байсныг санаж байна. Энх-Амар “Багшаа танай секцэнд ормоор байна” гэж хэлсэн. Түүнээс хойш би даруухан, үг дуу цөөтэй сайн хүү байна гэж бодоод их дэмждэг. Бэлтгэлдээ ч цаг хугацаанд нь ирдэг, хөдөлмөрч хүү. Миний шавь сонирхогчдын боксын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэм­цээнд нэг удаа, залуучуудын улсын аваргад хоёр удаа, насанд хүрэгчдийн улсын аваргаас нэг мөнгө, нэг алт хүртэж байсан. Оюутны дэлхийн аварга болж байлаа. Миний төдийгүй Монголын шилдэг тамирчдын нэг. Харамсалтай нь ийм байдалд хүрчихлээ.

Таныг энэ үйлдэлд буруутай, тамирчныхаа ирээдүйгээр тоглочих­лоо гэх хүн олон байна. Учир нь мэдсээр байж тэмцээн уралдаанд насыг нь дарж оруулсэн гэж…

-Өнгөрсөн зургадугаар сард Энх-Амар өөрөө Монголын боксын хол­боонд тэр дундаа Сэрдам­бад хэлсэн байсан. Сэрдамбад хэлчихээд дараа нь над дээр ирээд энэ тухай хэлсэн. Миний хувьд хүүхэд боксын бээлий ч өмсөж үзээгүй байхад нь шавиа болгож мэргэжлийн тамирчин бол­гоод шигшээ багт хүлээлгэж өгсөн хүн. Ямар ч багш шавьдаа аль болох мэдэж чадахаа зааж өгч, илүү амжилтад хүрээсэй гэж бодохоос биш бичиг баримттай зууралдаад насыг нь дарах үйлдэл хийгээд явах зав хаа байна.

Хамгийн дотнын хүн хэрнээ танд яагаад эхэлж хэлээгүй юм бол?

-Итгэл найдвар хүлээл­гэдэг болохоор мэдээж багшийгаа хүндлээд айгаад хэлээгүй байх. Тиймээс Сэрдамбад хандахгүй юу. Яагаад хэлж болохгүй гэж. Би үүнийг нь сонсчихоод нэгэнт холбоо мэдсэн юм чинь намайг бодвол хүн амьтантай уулзаад асуудлыг шийдчих байх гэж горьдсон хэрэг.

Тэгвэл Инчоны наа­дамд холбоо мэдсээр байж авч явжээ, Энх-Амарыг?

-Тэгсэн. Азийн наа­дамд явах гэж байхдаа Энх-Амар Сэрдамбад “Би нэгэнт бичиг баримтын асуудалтай юм чинь дахиж тэмцээнд яваад дэмий байх. Больё” гэж хэлсэн гэсэн. Харин Сэрдамба “Санаа зоволтгүй, ах нь зохицуулна. Чамайг заавал тэмцээнд орол­цуулах болно” гээд авч явсан юм билээ. Тэгсэн онгоцны буудал дээр очоод баригдахгүй яахав. Тухайн үед нь засч залруулаад өгөхийн оронд мэдсээр байж дагуулж яваад бүр хорлочихсон хэрэг.

Оюутны аваргад оролцох үеэр хуурамч бичиг баримттай явсан байжээ?

-Бодвол тэгсэн байх. Би сайн мэдэхгүй шүү дээ. Ямар дагаж явах биш. Шавь маань Оюутны дэлхийн аварга боллоо гэж баярлаж л суусан. Үнэндээ шигшээ багийн дасгалжуулагч л бүх гавьяа шагнал, сайн сайхан нэрийг зүүдэг. Бид хүүхдүүдийг юугаа ч мэдэхгүй нусгай байхад бүх мэддэг чаддаг зүйлээ зааж өгөөд мэргэжлийн тамирчин болгоод шигшээд хүлээлгэж өгдөг. Харин шигшээ багийн дасгалжуулагчид бэлтгэгдсэн тамирчныг хатуухан хэлэхэд борлуулдаг гэсэн үг. Шигшээ багийн тамирчин томоохон наадмаас медаль хүртлээ, амжилт гаргалаа гэхэд тэдэнд л хувь хишиг оногдоод бидний нэр ард нь ганц дурдагдаад өнгөрвөл их юм. Би мөнгө төгрөг, алдар нэрний хойноос хөөцөлдөөд байгаа юм биш. Гол тамирчид сайн сайхан явахад өөрсдийгөө сарны гэрэл болтол нь магтаад, муу явбал газар дор ортол нь биднийг муулдаг. Би 20 жил боксыг хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн. Төгсцогт, Чинзориг гээд миний сайн шавь нар зөндөө бий. Нандин-Эрдэнэ гээд нэг сайн хүүхэд гарч ирсэн шигшээгийнхэн яасан. Гадагш нь тэмцээнд 69 кг-ын жинд оруулна гэж авч явчихаад 75 кг-д тулалдуулаад баллаад хаячихсан. Одоо Энх-Амарыг үгүй хийчихлээ шүү дээ.

Таны эрхийг бас хассан гэсэн. Хэр хугацаагаар вэ?

-Миний тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хассан. Энэ он ороод 2015 он дуустал гэсэн үг. Дасгалжуулах эрх бол байгаа. Олон улсын рингэд оролцож болно. Дотоодын тэмцээнд л оролцохгүй. Би бол яах вэ. Монголын боксын хөгжилд хийх зүйлээ хийчихсэн хүн.

Шилдэг шавь тань насаараа ринг дээр гарахгүй гэхээр танд мэдээж хэцүү байгаа болов уу?

-Үгээр хэлэхийн аргагүй хүнд. Эрх мэдэлтэйсэн бол өмнөх нэрээр нь ч хамаагүй тэмцээнд нь оруулаад л явах юмсан гэж бодож байна. Надад амьсгалахад ч бэрх байгаа юм чинь Энх-Амар маань ямар байгаа нь ойлгомжтой шүү дээ.

Энх-Амар бэлтгэлээ хийж байгаа юу. Гэр бүлийнхэн нь дээрх шийдвэрийг яаж хүлээж авсан бол?

-Бэлтгэл огт хийхгүй байгаа. Холбооноос шийдвэр гаргахад бид хоёр хамт байсан. Тийм шийдвэр гаргасныг хоёулаа зэрэг сонссон. Би шавиа ийм хүнд байдалд орохыг сонсоод надад ямар ч хамаагүй шийтгэл өг. Багш нь юм чинь хариуцлага хүлээх ёстой гэсэн. Таны эрхийг хоёр жилээр хаслаа гэхэд нь “За баярлалаа” гээд гараад явсан. Энх-Амар “Багшаа нэгэнт боль гэсэн юм чинь боксын тухай яримааргүй байна” гэж хэлсэн. Гэр бүлийнх нь ч дахиад боксоор яваад дэмий биз дээ гэсэн. Тэд надтай л адилхан танил тал, хөөцөлдөөд өгөх эрх мэдэл байхгүй болохоор гарцаа олохгүй байгаа байх.

Та холбоо барьж байгаа юу?

-Үгүй. Би ч буруутай юм шиг гэрэвшээд холбогдож чадахгүй байгаа. Мэдээж ийм хүнд цохилтод орсон юм чинь тайвшрахад хугацаа хэрэгтэй байгаа нь ойлгомжтой.

Таны хувьд холбоо буруутай гэж үзэж байна уу. Ер нь та нар холбоотойгоо хэр таарамжтай байдаг юм бэ. Сайн гэх цөөхөн дасгалжуулагч, тамирчдаа ингэж шахаж, хөөж туугаад байх шаардлага холбоонд байна уу?

– Яахав нэг талаараа бид холбооны зүгээс тавьсан хариуцлагыг хүлээх нь зөв. Нөгөөтэйгүүр холбоо ажил хийсэн болж л харагдах гэж байгаа нэг хэлбэр. Уг нь холбоотойгоо таарамжтай л байдаг. Гэхдээ тамирчдаасаа болж энэ салбарт чинь асар их асуудалгарна. Яаж спортоо авч үлдэх вэ гэхийн оронд нэр алдар, мөнгөний төлөө шунахайрсан хүн их байна. Нарийн ярих юм бол багш нар хоорондын хор. Сайн яваа нэгнийхээ алдаан дээр нь түлхэх гэж оролдсоноос болж тамирчид хохирчихлоо. Амьхандаа миний нэр төрийг унагааж байгаа хэрэг.

Одоо тэгээд Энх-Амар юу хийх вэ. Сурдаг уу?

-Үгүй. Оройгоор арван жилээ төгсөнө гэж байсан. Бие тааруу байсан болохоор ер сургуульд сурч байгаагүй юм билээ. Ажил хөдөлмөр л эрхэлж амьдарна гэсэн үг ш дээ.

Холбооны зүгээс мэргэжлийн боксд тоглох боломж байгаа гээд дэмжинэ гэсэн юм билээ. Сонирхогчдын боксд дахин ринг дээр гарах ямар ч боломж байхгүй юу?

-Мэргэжлийн боксд тоглоно гэдэг хэцүү. Шууд хэлснээр нь тоглочих юм биш. Хэрвээ өөрөө хүсэх юм тоглох л байх. Өөрөө шийдээгүй байхад би чи мэргэжлийн боксд тогло гэж шаардах эрх байхгүй. Холбооны зүгээс боломжтой хувилбар л хэлсэн байх. Энх-Амар одоо 22 настай, ид тулалддаг насан дээрээ явж байна. Өөрийнхөө нэр дээр мэргэжлийн боксд л хүч үзэх эрхтэй. Сонирхогчдын боксд хар данстай болчихсон. Гэхдээ миний бодлоор Олон улсын боксын холбоонд манай холбооны зүгээс хүсэлт тавиад гуйвал болохгүй гэх газаргүй. Харин манайхан хүчлэхгүй, хөөцөлдөхгүй байна.Хатуухан хэлэхэд арьсаа хамгаалаад гараа хумхиад суугаад байна.

Таны хувьд одоо хичнээн шавьтай байна. Тэднийгээ цаашдын тэмцээнд яаж оролцуулах вэ. Өөрийнхөө нэр дээр оруулах эрхгүй шүү дээ?

-70 гаруй шавь миний удирдлага дор бэлтгэл хийж байна. Саяхан олимпийн тэтгэлэг авсан Чинзоригоос эхлээд сайн хүүхдүүд нэлээд хэд бий. Ямартай ч тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг нь тааруулаад явж байна. Нэг сард болох улсын аваргаас эхлээд болох тэмцээнүүдэд миний туслах шавь Отгонбаяр нэр дээрээ авч орох байх. Цаашдаа ринг дээр гарах, гарахгүй нь сонин биш. Хоёр хөл явж байгаа цагт хүүхдүүдээ дасгалжуулна. Гол нь залуу дасгалжуулагчидтай холбоо зөв, тулж ажиллаасай гэж хүсэх байна. Хөдөө орон нутагт ч тэр маш олон сайн багш нар байна ш дээ. Тэдний хөдөлмөрийг зөв үнэлж сурах хэрэгтэй. Сайн, ирээдүйтэй тамирчинг багш нар бид л бэлтгэж, бэлэн болгож ринг рүү гаргадаг.

Эмэгтэй шигшээ багаас гурван боксчин хөөгдсөн гэсэн. Юунаас болсон юм бол?

-Би мэдэхгүй. Бид хоёр эрхээ хасуулах болсноо мэдчихээд хурлаас гараад явсан. Сая Азийн наадамд орсон эмэгтэй боксчид дасгалжуулагчтайгаа ам зөрсөн таарамж муутай байдаг л гэж сонссон.

Д.ДАВААСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *