Categories
мэдээ цаг-үе

А.Даваасүрэн: Оросоос Хятад руу байгалийн хий дамжуулах хоолой барих асуудал зүгээр шоу юм биш үү

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач А.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болсон Алс дорнын эдийн засгийн IV чуулганд оролцсон. Улс орнуудын удирдагчид цугладаг энэ удаагийн чуулганаар ямар асуудлыг хөндөв?

-ОХУ-ын Засгийн газрын санаачилгаар зохион байгуулдаг Алс дорнодын эдийн засгийн форум бол тус улсын Ази Номхон далайн бүс нутаг руу гарах гол гарц гэж үзэж байгаа. Оросын удирдагчдын онцолж байгаагаар энэ чуулга уулзалт нь тус бүс нутаг руу эдийн засгийн болон бүх талын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх ганц боломж гэсэн үг. Тийм ч учраас энэхүү арга хэмжээнд ерөнхийлөгч В.Путин өндөр ач холбогдол өгсөөр ирсэн.

Дорнын эдийн засгийн чуулганд манай Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр дахь жилдээ оролцсон. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, Японы ерөнхий сайд гээд улс орнуудын төрийн дээд удирдлагууд оролцсон. Чуулганд оролцогч орнууд Ази Номхон далайн бүс нутагт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Тэр хүрээнд төрийн тэргүүнүүд ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулсан.

-Дорнын эдийн засгийн форумд манай улсын оролцоо юу байв?

-Манай хувьд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, газрын баялгаа нэмүү өртөг шингээн экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Ялангуяа, нүүрсээ Ази, Номхон далайн бүс нутгийн улсуудад нийлүүлэх талаар түлхүү ярилцсан байдаг.

-Энэхүү чуулганаар ямар шийдвэр гаргав. Тэр нь манай улсад хэрхэн үр өгөөжөө өгөх вэ?

-Энэ чуулга уулзалтаар Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорыг байгуулах механизмуудыг ажилд оруулах тал дээр талууд гарын үсэг зурсан байдаг. Эдгээр механизмуудыг судалж ашиглах талаар гурван улсын холбогдох яамд санамж бичиг байгуулсан. Гэхдээ энд ямар механизмуудын талаар яриа болсон нь тодорхойгүй байна.

-Улиг болтлоо яригдаж байгаа гурван улсын эдийн засгийн коридорыг хамтран урагшлуулах механизмтай болох талаар талууд гарын үсэг зурлаа гэж Ерөнхийлөгч мэдээлсэн. Ер нь энэ ажил яагаад идэвхжихгүй байна вэ?

-Гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулах асуудлаар дөрвөн жил дараалан эрдэмтдийн Think thank уулзалтыг зохион байгуулж эрдэмтдийн илтгэлээр хязгаарлаж ирсэн байдаг. Тэдгээр илтгэлүүд нь ч бас оновчгүй байдаг. Гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулахын тулд юуны өмнө гурван улсын яамд өөрөөр хэлбэл төрийн институтууд тодорхой чиг үүрэг хүлээж, тэдгээр нь хоорондоо байнга бодлого, үйл ажиллагаагаа уялдуулж нэгдсэн нэг байр суурьтай байх ёстой. Түүнээс гадна энэхүү коридорыг байгуулснаар гарах геополитик, нийгэм, эдийн засгийн үр ашгийг тооцоо судалгааг хийж, үндэслэлийг эхлээд боловсруулах ёстой. Өөрөөр хэлбэл удирдлага, зохион байгуулалт, санхүү, эдийн засаг, эрх зүйн болон гэрээ хэлэлцээр гэх мэт механизмуудыг мэргэжлийн хүмүүс сууж байгаад хамтын хүчээр шийдэх юм. Ингэхгүйгээр гурван улсын эдийн засгийн коридор байгуулах асуудал зүгээр л цаг үрсэн хоосон яриа болно.

-ОХУ-ын байгалийн хийг Хятад руу нийлүүлэх хоолойг Монголоор дамжуулж барихад туслалцаа үзүүлээч гэсэн манай саналыг В.Путин дэмжиж ажиллана гэсэн байна лээ. Хэдийнээс хэрэгжих боломжтой гэж та харж байна вэ?

-Манай хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийх үеэр ийм яриа өрөнөсөн юм билээ. Энэ асуудалд дүгнэлт хийхээс өмнө нэг логикийн асуудлыг хэлмээр байна. Хятадын тал 2014 онд ОХУ-ын Сибириэс тухайлбал, Эрхүүгийн хойд хэсгээс зүүн чиглэлд байгалийн хий дамжуулах хоолой барихаар 30 жилийн хугацаатай, жилд 30 тэрбум метр куб байгалийн хий нийлүүлэх хүчин чадал бүхий хоолойг 30 тэрбум ам.долларын өртөгтэй байгуулахаар гэрээ байгуулсан шүү дээ. Энэ нь 2019 онд ашиглалтад орохоор байсан боловч хоёр жилээр хойшлогдсон. Үүнд хоёр шалтгаан байдаг. нэгдүгээрт, хятадууд үнэ дээрээ тохироогүй. Оросын тал 1000 метр куб байгалийн хийг 290-300 ам.доллараар зарах санал болгосон бол хятадууд 180 ам.доллараар авна гэсэн. Тиймээс хийн хоолой татах асуудал үндсэндээ зогссон. Хоёрдугаарт, Оросын “Газпром” компани энэхүү хоолойг татахад Хятадын хөрөнгийг ашиглана гэж тооцсон байдаг.

Эдгээр шалтгаанаас болж өөр арга боломжийг хайж, хажуугаар Хятад улс 2007 онд байгуулсан Туркменээс болон Дундад Азийн орнуудаас байгалийн хий татах хоолойг барих гэрээг эрчимжүүлэхэд анхаарч эхэлсэн байгаа юм. Тодруулбал, Туркменээс Узбекстан, Кыргызстанаар дамжуулаад Хятад руу байгалийн хийх дамжуулах 6,5 тэрбум ам.долларын өртөгтэй хоолой барих гэрээг хэрэгжүүлэхэд хүчээ тавьж эхэлсэн. Энэ хоолойгоор нийтдээ 40 тэрбум метр куб хийг Хятад руу нийлүүлж байна.

Тэгвэл энд нэг тооцоо хийхэд Хятад улсын байгалийн хийн жилийн хэрэгцээ нь 197 тэрбум метр куб. Үүнээс 135 тэрбум метр кубыг нь Шинжанаас олборлоод дотоодын хэрэгцээгээ хангачихдаг. Үлдсэн 60 гаруй тэрбум метр куб байгалийн хийг импортоор авах хэрэгцээ байдаг. Энэ хэрэгцээгээ хангахын тулд Дундад Азийн орнуудаас татаж байгаа нэг хоолойгоо нэмж хоёр чиглэлээр татах хувилбарыг судалж байна. “Туркмен -Афганистан -Пакистан-Хятад”, “Туркмен -Узбекстан КыргызстанХятад” гэсэн чиглэлүүдээр хий дамжуулах хоолойг барихаар төлөвлөсөн. Гэвч энд тухайн бүс нутгийн улс төрийн асуудлаас болж зогсонги байдалтай байгаа.

-Тэгэхээр Хятад улс Оросоос байгалийн хий авах шаардлагагүй болж байгаа гэсэн үг үү?

-Эндээс дүгнэлт хийхэд байгалийн хий Оросоос Хятад руу дамжуулах хоолой барих асуудал зүгээр шоу юм биш үү. Дээр би хэлсэн, яг чин үнэнийг хэлэхэд Хятад улс одоохондоо Оросоос байгалийн хий авах шаардлага алга. Яагаад энэ асуудлыг манай Ерөнхийлөгч ОХУын ерөнхийлөгчид тавьсан юм бол гэж би гайхаж байна л даа. Ямартаа ч Оросын талаас Хятад руу байгалийн хий татах асуудал үндсэндээ зогсонги байдалд орчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүтэхгүй ч байх магадлал өндөр. Хятадын өнөөгийн барьж байгаа бодлого бол Дундад Азиас байгалийн хийгээ авна гэж бодож байгаа юм шиг байна.

-Хоёр хөршийнхөө дунд хийн хоолой дамжуулагч орон болох манай улсын саналыг В.Путин дэмжинэ гэсэн. Бас Си Жиньпин судалж үзье гэсэн юм биш үү?

-Тийм яриа байдаг. В.Путин манай Ерөнхийлөгчид дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн бол Хятадын ерөнхийлөгч Си Жиньпин уулзахад судалж үзье гэсэн мөртлөө “Баруун чиглэлийн байгалийн хий татах хоолойг хурдавчлах шаардлагатай” гэсэн үүргийг өгсөн гэж дуулдсан. Тэгэхээр Монголын газар нутгаар дамжих байгалийн хийн хоолой тавих асуудал нь эргэлзээтэй болчихож байгаа биз дээ.

-Ер нь бол бид хоосон мөрөөдөөд л суугаад байна уу?

-Бид аливаа гэрээ, хэлэлцээрт орж, санал тавихдаа маш сайн судалгаа шинжилгээ хийж, магадлаж байхгүй бол дэлхий нийтэд буруу ойлголт төрүүлж манай улсын гадаад нэр хүнд унаж, бидэнтэй хэн үнэн сэтгэлээсээ итгэж харьцах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

-Азийн супер сүлжээ, эрчим хүчний таатай мэдээ дуулдаж байна?

-Ер нь бол бид Азийн ч байна уу, Европын ч байна уу, гурван улсын ч байна уу, супер гэж нэрлээд байгаа сүлжээнд орохдоо бид эхлээд өөрсдөө нөөц бололцоог ашиглаад дэд бүтцийн сүлжээг байгуулчих хэрэгтэй. Тэгсэн нөхцөлд холбох бол хоёрдугаар асуудал.

-Дорнын эдийн засгийн чуулганы үеэр манай улс Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулах санаачилга гаргасан. Манай улс супер сүлжээнд хэрхэн нэгдэх боломжтой вэ?

-Азийн эрчим хүчний супер сүлжээг санаачлагч бол Япон улс. Тус улс нь газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшигт өртөмтгий. Үүнээс шалтгаалан атомын цахилгаан станц дээр суурилсан эрчим хүчний сүлжээнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч, тэр дотроо био түлшээр эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах гэсэн шийдвэр гаргасан. Ингэхдээ цахилгаан станциудыг био түлшинд шилжүүлж хөрш зэргэлдээ орнуудаас шахмал түлш авахаар болсон. Гэвч саяханы газар хөдлөлт цунамигаас болж энэ ажил хойшлогдоод байгаа. Ерөнхийдөө Азийн супер сүлжээнд Япон, Хятад, Өмнөд Солонгос, Орос гэсэн улсуудын хооронд эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх зорилготой. Байгаль экологид хор хөнөөлгүй гэсэн үүднээс ийм санаачилга гаргасан. Үүнд Азийн нэлээд орон орчихсон байгаа. Монгол Улс Азийн эрчим хүчний супер сүлжээнд ороход нар салхины шавхагдашгүй нөөцөө ашиглаж, сэргээгдэх эрчим хүчний сүлжээ бий болгох шаардлагатай байна. Энэ нь манай улсад ирээдүйтэй.

-Саяхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ОХУ-д айлчлахдаа Хар тэнгис рүү нүүрсээ гаргах тохиролцоонд хүрчээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

-Уул уурхайн сайд Д.Сумъяабазар ОХУд айлчлахдаа “Газпром”, “Роснефт”-ийн удирдах зөвлөл, захирлуудтай уулзсан байна лээ. Уулзалтын зорилго нь ОХУ-аас газрын тос хайх, үйлдвэр барих тал дээр туршлагатай учир нефтийн хайгуул хийх мэргэжилтнүүдийг авчирна. Мөн Оросын компаниудын хөрөнгө оруулалтаар Таван толгойн нүүрсийг тээвэрлээд Таманы боомтоор гуравдагч оронд гаргах асуудлаар ярилцсан гэсэн мэдээг МОНЦАМЭ-гээс олж харсан. Орос улс бол нүүрсний нөөцөөрөө дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог орон. Бид ОХУтай нүүрсний зах зээл дээр хүчтэй өрсөлдөгч юм. Нөгөө талаас нь Краснодарын хязгаарын нутаг дэвсгэрт байрлах Хар тэнгисийн зүүн хойд эрэг дээрх Тамань боомтоос холгүй орших Украины бүрэлдэхүүн байсан Донецкийн бүгд найрамдах улсад хамгийн сайн чанарын нүүрсний орд байдаг. Жинхэнэ гангийн үйлдвэрлэлд хэрэгтэй илчлэг өндөртэй нүүрс тэнд бий. Ийм сайн чанарын нүүрстэй манай нүүрс өрсөлдөөд Хар тэнгис рүү гарна гэхээр би гайхаж байгаа юм. Учир нь Оросын дотоодын төмөр замын тээврийн зардал дэлхийн дунджаас өндөр үнэтэй. Тэрүүгээр 8000 гаруй км зайнд тээвэрлээд очсон нүүрс алттай ижил үнэтэй болно доо. Нүүрсээ зөөгөөд аваачлаа гэж бодоход тийм өндөр үнээр хэн авах юм бэ. Үнэхээр нүүрс дэлхий дээр ховордчихоод байвал өөр хэрэг.

Түүнийхээ оронд бид хөнгөн үйлдвэрийнхээ малын үс, ноос, арьс ширээр хийсэн бараа бүтээгдэхүүнээ ОХУ-д гаргах талаар өмнө ярьсан яриагаа ахиулсан бол яах байсан юм бол. Дээр нь махны экспортын асуудлыг чухалчлан хөндөх хэрэгтэй байсан бол арай амьдралд ойр байх болов уу.

-Оросууд өөрсдөө эдийн засгийн хоригт орчихоод нүүрсээ гаргаж чадахгүй байгаа юм биш үү?

-Оросууд хойд мөсөн туйлаар дамжуулаад Хятад руу бага хэмжээний нүүрс гаргаж байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *