Эдийн засагч А.Батпүрэвтэй ярилцлаа
-Иргэдийн цалин үнийн өсөлтийг дийлэхгүй байгаад нийгэм бухимдалтай байна. Тэгэхээр цалингийн хэмжээг ахиулахын тулд төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?
-Цалин нь иргэдийн гол орлого болохоор амьжиргааны түвшинтэй шууд холбоотой. Үүнээс гадна иргэдийн боловсрол, ур чадвараа дээшлүүлэх хүсэл эрмэлзэлд эергээр нөлөөлдөг. Тэр утгаараа эдийн засгийн нэг чухал нөөц болох хүмүүн капиталын хөгжилд голлох үүрэгтэй. Хөдөлмөр эрхлэлт нь улс орны эдийн засгийн өсөлтийн амин чухал хөдөлгөгч хүч юм. Учир нь төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн хөдөлмөрийн орчныг сайжруулах, бодит цалинг нэмэгдүүлэхэд оролцох зайлшгүй шаардлага тулгардаг.
Монгол Улсын дундаж цалин сүүлийн таван жилд 60 хувь өсч 1.5 сая төгрөг болсон байна. Байршлаар нь харвал уул уурхайн дагасан Орхон ба Өмнөговь аймгууд хамгийн өндөр цалинтай байна. Гэвч энэ хугацаанд бодит цалин арван хувиар л өсчээ. Иймд ажилчдын худалдан авах чадварыг хамгаалах зорилгоор бодит цалингийн өсөлтөд анхаарах шаардлага тулгарч байна.
Том дүр зургаар нь авч үзвэл төрөөс иргэдийн цалингийн бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн өсөлтийг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, инфляцийг нам тогтвортой байлгах ажлуудаа сайн хийх ёстой. Харин микро түвшинд шууд оролцдог үндсэн арга хэлбэр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалингийн орлогын татварыг оновчтой тогтоох юм.
-Төрийн албан хаагчдын цалин саяхан нэмэгдсэн. Энэ нь бодит цалинг өсгөхөд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Манай улсад албан ёсоор байнгын ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 20 орчим хувь нь төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа гэдэг. Энэ бол хувийн хэвшил давамгайлсан чөлөөт эдийн засагтай орны хувьд өндөртөө орохоор тоо. Тийм ч учраас төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх нь хөдөлмөрийн зах зээл дэх нэг өрсөлдөгч гэдэг утгаараа хувийн хэвшлийн цалинд тодорхой нөлөө үзүүлж болох юм. Гэхдээ төрийн албан хаагчдын тооны гол цөмийг бүрдүүлдэг эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын хувьд угаасаа хувийн хэвшилд илүү өндөр цалинтай байдаг. Иймд орлуулах нөлөө нь бага.
-Манай улс импортлогч орон. Гэтэл цалингийн хэмжээ дэлхийн дунджаас ч доогуур байдаг. Ийм бага цалингаар дэлхийн зах зээлийн ханшаар заримдаа бүр өндөр үнээр худалдан авалт хийж байна. Тэгэхээр цалин хөлсний хэмжээгээ дэлхийн дундаж руу дөхүүлж очихын тулд хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих вэ?
-Хөдөлмөрийн нийлүүлэлт болон бүтээмжийн өсөлт нь эдийн засгийн өсөлтийг тодорхойлдог. Гэвч манай улсын эдийн засгийн өсөлт болон ажилгүйдлийн түвшин харилцан хамаарал бага явж ирсэн. Энэ нь манай эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлж буй уул уурхайн салбар нь ажиллах хүчийг бага шингээж байгаатай холбоотой юм. Уул уурхайн салбарт бүтээмж бусад салбартай харьцуулахад өндөр байдаг. Гэтэл хөдөө аж ахуйн салбарт уул уурхайгаас тав дахин их хүн ажилладаг боловч бүтээмж нь 8.6 дахин бага байгаа. Үүнээс болоод хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт цалин бодитой өсөхгүй байгаа юм. Товчхондоо бүтээмж, цалингийн өсөлт өндөр байгаа уул уурхайн салбарт хөдөлмөрийн нийлүүлэлт нь эрэлтээсээ өндөр. Харин бусад салбарт нийлүүлэлт нь хомс буюу бүтцийн ажилгүйдэл бий болоод байна. Тиймээс хөдөлмөрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд цалинг өсгөх шаардлагатай. Цалин өсгөхийн тулд салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой.
-Ингэхэд халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтэд яаж нөлөөлж байна?
-Саяхан “Нээлттэй Нийгэм Форум”-ын захиалгаар манай судлаачид судалгаа хийсэн. Үр дүнгээс нь үзэхэд халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтэд шууд нөлөөлж байна. Тодруулбал, судалгаанд авч үзсэн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхэлдэг болон хөдөлмөр эрхэлдэггүй байдалд нийгмийн халамжид хамрагддаг эсэх нь бодитой нөлөөтэй байгаа юм. Судалгаанаас харахад халамж авдаг иргэдийн хувьд халамж авдаггүй иргэдтэй харьцуулахад 12.1 хувиар доогуур хөдөлмөр эрхлэх магадлалтай. Эрэгтэйчүүдийн хувьд халамж авдаг байх нь хөдөлмөр эрхлэх магадлалыг 15.5 хувиар бууруулж байгаа нь эмэгтэйчүүдээс харьцангуй өндөр байна.
-Хувийн хэвшлийнхэн цалингийн өсөлтийг дэмжихийн тулд юу хийх ёстой вэ. Ямар шийдэл байна. Цаашлаад бидэнд эдийн засгаа тэлэх ямар боломжууд байгаа вэ?
-Эдийн засгийг тэлэх гэдэгт өсөлт, төрөлжилт аль алиныг нь багтаана гэж ойлгож байна. Өсөлтийг дэмжихийн тулд өнөөдөр бид төр буюу төсвөөр дамжуулан орлого хуваарилах юм уу төрийн өмчит компаниудыг улам томруулснаар сайн үр дүнд хүрэхгүй. Энэ бол онолын хувьд төдийгүй бодит амьдрал дээр одоо нэгэнт нотлогджээ. Сүүлийн 20 жилд манай улсын төсөв 30 дахин томорсон. Гэвч өрхийн орлого ердөө арав дахин нэмэгдсэн. Үр дүнд нь хувийн хэвшил шахагдаж нэг хүнд ногдох ДНБ 4000 орчим долларын хавьцаа арав гаруй жил гацлаа. Иймд эдийн засгийн өсөлтийг дорвитой томоор нь өөрчилье гэвэл эдийн засгийг нээлттэй болгоё. Гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг салбар бүрд татах, бас айл өрхийн санхүүгийн чадавхыг бий болгох хэрэгтэй байна. Яг орон сууц, мал хувьчилсан шиг, хилээ нээж бүх хүн гадаад паспорт аваад наймаанд явдаг болсон шиг реформын шинжтэй өөрчлөлт хиймээр байна. Үүнийг хийх боломжит гарц нь төрийн мэдэлд байгаа уул уурхайн ордууд, тэдгээрийг эзэмшиж буй ТӨК-иудыг иргэддээ эзэмшүүлэх. Мөн иргэн бүрдээ газар өмчлүүлэх явдал байж болох юм. Аль алийг нь сайтар судлаад оновчтой хэрэгжүүлж чадвал Монголын эдийн засаг үсрэнгүй хөгжинө. Мөн эдийн засаг урт хугацаанд тогтвортой хөгжих тамир тэнхээг нь бүрдүүлэхийн тулд одоо нэгэнт бий болсон “Голланд өвчин”-ий сөрөг нөлөөг анагаах орлогын зөв менежмент хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж бий болгосон үр өгөөжөөсөө уул уурхайн бус, нэн ялангуяа олон улсад өрсөлдөх боломжтой салбаруудаа хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Дахиад л улс төр, засгаас хамааралтай байдлаар хуваарилах биш жинхэнэ утгаар нь Үндэсний баялгийн санг байгуулж хараат бусаар ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх нь чухал.
-Ер нь Монгол Улсад дундаж давхаргыг яаж нэмэгдүүлэх вэ?
-Манай орны хувьд нийгмийн хамгааллын зардал дэлхийн дунджаас өндөр. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой улс оронтой жишихүйц хэмжээнд байна. Уг нь цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн халамжийг бууруулах ёстой. Мөн бага орлоготой өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлснээр нийгэм болон эдийн засагт эерэг нөлөө авчрах боломжтой. Ингэснээр хөдөлмөрийнхөө үр шимээр боломжийн амьдардаг дундаж давхаргыг бий болгох нөхцөл бүрдэнэ. Мэдээж хэрэг дундаж давхарга гэдгийг цалин гэх мэт орлогын абсолют тоогоор биш амьдралын чанараар нь тодорхойлох нь зүйтэй. Ингэж авч үзвэл дундаж давхаргыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх бодлого нь эдийн засгийн тогтвортой, олон тулгуурт өсөлт, нийгмийн цогц арга хэмжээнээс бүрдэх учиртай.