УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга асан, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич А.Бакейтэй уулзаж, удахгүй болох Казак ард түмний үндэсний их Наурызын баярын талаар ярилцлаа.
-Та сайхан хаваржиж байна уу. Удахгүй казах ард түмний өргөн дэлгэр тэмдэглэдэг Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье ээ?
-Сайхан хаваржиж байна. Юуны өмнө Наурызын баярыг тохиолдуулан баярын мэнд дэвшүүлж буй танай сонины редакц, хамт олонд баярласнаа илэрхийлье. Та бүхний энэхүү мэндчилгээ бол надаар дамжуулан Монгол Улсын казах иргэдэд хүргэж буй мэндчилгээ хэмээн хүлээн авч байна
-Та манай уншигчдад Наурызын баярын үүсэл, ач холбогдол онцлогийн талаар тодорхой тайлбарлаад өгөхгүй юу. Ер нь хуучин яаж тэмдэглэдэг байсан яг тэр хэвээрээ өнөө цагт тэмдэглэж байна уу?
-Наурызын баяр нь өнө эртнээс олон үндэстний тэмдэглэж ирсэн уламжлалт баяр төдийгүй, дэлхийн олон янз соёлын дунд чухал байр суурь эзэлдэг сайхан уламжлал юм. “Наурыз” хэмээх үг нь перс хэлний “нау” (шинэ) болон “руз” (өдөр) гэсэн үгнээс гаралтай бөгөөд “шинэ өдөр” гэсэн утгатай. Нэг ёсондоо урт өвөл цагийг үдэж, урин дулаан хавар цаг ирж байгааг бэлгэдэн тэмдэглэх, шинэ жилийг угтах баяр юм. Эрдэмтэд Наурызын баярын түүх нь 3000 гаруй жилийн өмнөөс эхэлсэн гэж үздэг. Аливаа үндэстний баяр нь уг үндэстний уламжлал, биет бус соёлын үнэт өвийг өөртөө тээж явдаг онцлогтой.
Энэ нь зөвхөн хавар цагийн эхлэлийг тэмдэглэх төдийгүй хүмүүсийн хоорондын эв нэгдэл, байгальтай зохицон амьдрах, уламжлалаа хадгалах зэрэг гүн гүнзгий утга агуулгатай баяр юм. Таны асуусан энэ баярын ач холбогдлын талаар дурдахад нэгдүгээрт, Наурыз нь хавар цаг ирж, байгаль сэргэж, шинэ амьдрал эхэлж байгааг бэлгэдсэн байгалийн сэргэлтийн, хоёрдугаарт, хуучин жил төгсөж, шинэ жил эхэлж байгааг бэлгэдэн хүмүүний шинэ эхлэлийн, гуравдугаарт, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэгдсэн соёлын, дөрөвдүгээрт, гэр бүл, найз нөхөд, айл саахалт, хөршүүд хамтдаа цугларч, эв нэгдлээ бэхжүүлдэг эв нэгдлийн, тавдугаарт үе үеийн уламжлал, зан заншлыг хадгалж, дараагийн үедээ өвлүүлдэг залгамж чанарын баяр гэж хэлж болно.
-Зөвхөн манай Баян-Өлгийн казах ард түмэн энэхүү баярыг тэмдэглэдэггүй байх. Дэлхийн хэдэн орны хэчнээн улсын хүмүүс энэ өдөр Наурызын баярыг тэмдэглэдэг юм бол оо?
-Тийм ээ, энэ баярыг дэлхийн олон улс орон, тодруулбал, Төв Ази, Кавказ, Балкан, Ойрхи Дорнод болон зүүн Европын 30 гаруй орон тэмдэглэж ирсэн уламжлалтай байна. Монгол Улсын халуун ам бүлийн нэг гишүүн болох тус улсын казах түмэн ч уг баярыг тэмдэглэх сайхан уламжлалаа хадгалан өдий хүрсэн байна.
-Дээрх баярыг Монголын Үндэсний цагаан сарын баяртай зүйрлэж ойлгох нь бий. Ер нь төстэй талууд их үү. Нэгнийхээ амар мэндийг эрэн уулзахдаа ямар ёс заншлаар мэндэлдэг вэ?
-Монгол, казах адилхан эсгий туургат нүүдэлчин ард түмний үр сад тул тэдний ахуй, соёл, хэл, уламжлалд ижил төстэй зүйл маш их бий. Түүний нэг нь яах аргагүй Цагаан сар ба Наруызын баяр юм. Энэ хоёр баяр нь аль аль нь хуучин оноо үдэж, ирж яваа шинэ оны бэлгэдэл. Эдгээр баяраар л ахан дүүс, төрөл төрөгсөд азай буурал, аксакалуудаа хүндэтгэн золгодог, бие биенийхээ амар мэндийг асууж, зочдыг сайхан үгсээр угтан авч, ерөөл тавьж, элбэг идээ будаа, хоол ундаар дайлдаг нь ижил тал нь юм. Цагаан сараар монголчууд “Онд мэнд орж, тарган тавтай сайхан хаваржиж байна уу” гэж амар мэндийг асуудаг бол Наурызаар казахууд “Ұлыстың ұлы күні құтты болсын” буюу монголоор, “Улсын агуу өдрийн мэнд хүргэе” гэж мэндэлдэг.
-Наурызын баярын нэг онцлог бий. Тэр нь монголчуудын идээний дээж гэж хүндэтгэдэг сархад, архийг энэхүү баяраар хэрэглэхийг цээрлэдэг гэж сонссон. Энэ ямар утга учиртай вэ. Ер нь баярын ширээгээ ямар идээ, шүүс бэлтгэн дүүргэдэг бол?
-Наурызын Цагаан сараас ялгаатай тал баярын ширээ (дастархан)-д архи, дарсны зүйл тавьдаггүй уламжлалтай. Наурыз көже (Наурыз шөл) бол тус баярын хамгийн гол идээ хоол юм. Наурыз көже нь хамгийн багадаа долоон төрлийн орцтой буюу тариа буудай, мах, сүү, уураг, давс, өөх, ус гэх мэт онцгой шөл байна. Уг шөлний бүрэлдэхүүнд хуучин оныг төлөөлүүлж мах, шинэ оныг төлөөлүүлж төллөсөн малын уураг гэх мэт идээ, шүүсний дээж орсон байдаг нь хуучин, шинийн уламжлалт залгамж холбооны илэрхийлэл юм. Наурызын баярын ширээ зөвхөн энэ шөлөөр хязгаарлагдахгүй дастархан дүүрэн идээ будаагаар ирсэн зочдоо дайлна.
-Аливаа үндэстний томоохон баярын гол ач холбогдол нь ирээдүй хойч үедээ өв уламжлал, ёс заншлаа өвлүүлэн үлдээхэд оршдог гэж боддог. Тэгвэл Наурызын баярын гол ёс заншил юу байх вэ?
-Наурызын баяр нь дээр дурдсанчлан өөртөө олон сайхан ёс заншлын өвийг агуулдаг. Тухайлбал, баярын өмнө гэр орноо цэвэрлэж, хуучин жилийн сөрөг энергийг арилгадаг. Наурыз көжегээ айл саахалт, хөршүүд, найз нөхөд, ахан дүүстэйгээ хуваалцана. Хүмүүс өмнөх маргаанаа хүлцэн өршөөж, хоорондоо эвлэрнэ. Ахмад настан, өвчтөн, ядуу хүмүүст гар сунгаж тусална. Булгийн эхийг нээж, бас хамгаална. Уламжлалт тоглоом, наадам: Көкпар (улаач), аударыспак (морин дээрээс барилдах) зэрэг уламжлалт тоглоом, наадам зохион байгуулдаг.
-Таны хувьд удахгүй болох Наурызын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх бодолтой байна. Ер нь жил бүрийн энэхүү баярыг тэсэн ядан хүлээдэг үү?
-Мэдээж жилд ганц тохиодог Наурызын баяраа ёс заншлын дагуу тэмдэглэдэг. Ирсэн зочдоо хүндэтгэн хүлээн авч дайлна, зарим ахмад-аксакалууддаа очиж золгон хүндэтгэл үзүүлнэ.
-Монгол Улс даяар хэчнээн казах үндэстэн байдаг вэ. Нөгөөтэйгүүр жил бүрийн энэхүү баярыг Монголын төр хүндэтгэн Төрийн гурван өндөрлөгийн аль нэг нь Баян-Өлгий аймагт очиж, казах ард түмэнтэйгээ хамт уг баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг шүү дээ. Тэгвэл энэ жилийн тухайд төрийн гурван өндөрлөгийн хэн нь очихоор байгаа бол?
-Статистик мэдээгээр Монгол Улсын нийт хүн амын дөрөв орчим хувийг казахууд эзэлдэг. Энэ нь ойролцоогоор 140 мянган казах иргэд амьдардаг гэсэн үг. Энэ дашрамд, үе үеийн Монгол төрийн зүгээс тус улсын казах иргэдийн үндэсний хэл, соёл, уламжлалыг хамгаалан хөгжүүлэх талаар ээлтэй бодлого баримталж ирсэн явдалд бид талархалтай байдгаа илэрхийлье. Таны хэлдгээр жил бүрийн Наурызын баяраар төрийн гурван өндөрлөгийн нэг нь Баян-Өлгий аймагт очиж уг баярыг казах түмэнтэй хамт тэмдэглэж ирсэн уламжлал тогтсон. Энэ жил Ерөнхий сайд очих юм байна гэж сонссон.
-Таны хувьд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хэмээх хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан хүн. Энэ утгаараа өнөөгийн 126 гишүүнтэй парламентын давуу болон сул талыг нь юу гэж дүгнэж байна вэ?
-Би ч УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон төр түшилцсэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хариуцлагатай албыг дөрвөн жил хашсан хүний хувьд энэ удаагийн Парламентын ажил үйлсийг ажиглаж суудаг. Гишүүдийн тоо олон болсон нь төрийн бодлого, хууль батлах үед хууль бус “лобби” хийхэд зохих хэмжээгээр саад болно, мөн эгнээ нь залуу гишүүдээр сэлбэгдсэн нь давуу тал нь болов уу. Харин Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэж буй асуудлаар гишүүн бүр сонгогчдоо төлөөлж байр сууриа илэрхийлэх боломж нь жаахан хумигдсан юм шиг харагддаг.
-Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, олон том төслүүдийг хэрэгжүүлж эхэлж байх шиг байна. Аливаа том төсөл, хөтөлбөрүүд эдийн засгийг тэлэхээс гадна хамгийн чухал нь ард түмний амьжиргаа, амьдралд эерэгээр нөлөөлдөг байх ёстой гэж ойлгодог. Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлж байгаа том төслүүд улс орны тэр дундаа иргэдийн амьдралд бодитой нөлөөлөл үзүүлж чадахаар байна уу?
-Тийм ээ, аливаа Засгийн газрын үйл ажиллагааг хэмжих гол шалгуур бол ард түмний амьжиргаа, амьдралын чанарын дээшлэлт байх ёстой. Энэ хамтарсан Засгийн газар өмнөө асар том зорилтууд тавьж, мега төслүүдийг эхлүүлэх гэж тэмүүлж байна. Эдгээр төслийн эерэг үр нөлөө богино хугацаанд тийм ч амархан мэдрэгдэхгүй, харин зөв хэрэгжүүлсэн тохиолдолд дунд болон урт хугацаанд эерэг үр дүн авчирна. Иймд богино хугацаанд хамгийн гол нь бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх тал дээр илүү их зүйл хийх хэрэгтэй байна.
-Таны хувьд Баян-Өлгий аймгаас сонгогдон, казах ард түмний төлөөлөл дуу хоолой болж хууль тогтоох байгууллагад олон жил ажилласан хүн. Тэр утгаараа өнөөгийн Баян-Өлгий аймгийн хөгжил, эдийн засгийн өрсөлдөх чадвар хэр дээшилсэн гэж та харж байна вэ?
-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр аймгуудын өрсөлдөх чадварыг багц үзүүлэлтээр үнэлж, эрэмбэлэн тайлан гаргадаг. Энэ тайлангаас үзэхэд, манай аймаг ерөнхийдөө 21 аймгийн тэг дундуур нь яваад байна. Эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн орчны хувьд жаахан ахисан тал бий. Засаж сайжруулах асуудлууд байна.
-Казах болон монголчуудын эв найрамдалтай харилцаа олон жил баталгаатай үргэлжлэхийн тулд энэ хоёр үндэстэн аль аль талдаа юуг илүү анхаарах шаардлагатай гэж боддог вэ.
-Бид нэг том халуун ам бүлийн гишүүд шүү дээ. Энд монгол, казах түмний хооронд эвлэрэхээ байсан ноцтой ямар ч асуудал байхгүй. Зүгээр л ахуйн хүрээний аар саархан асуудлыг томруулж, “том зөрчил” мэтээр харуулахаас зайлхийх нь чухал. Бие биенээ түшиж, эвтэй найртай, эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэцгээе гэж хэлмээр байна.
Э.МӨНХТҮВШИН