Алтан гадас одонт, АБТА, Монгол Улсын зөвлөх багш А.Мөнхбилэгийн нэрэмжит түүх, нийгмийн ухааны хичээлийн нээлттэй олимпиад энэ сарын 28-нд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын II сургуульд болох юм байна.
Энэхүү олимпиадын зорилго нь бүрэн дунд боловсролын түүх, нийгмийн ухааны сургалтын чанар, үр өгөөжийг сайжруулах, сурагчдын бүтээлч сэтгэлгээ, чадварыг хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, чансааг тодорхойлох, төгсөх ангийн сурагчдын ЭЕШ сорилго болгох, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэжээ. Боловсролын салбарт тасралтгүй 35 дахь жилдээ ажиллаж буй А.Мөнхбилэг багшийн ажил үйлсийг олон нийтэд таниулж, алдаршуулах зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын II сургууль болон 2003 оны 10б ангийн төгсөгчид олимпиадыг санаачилсан байна. Мөн хамтран зохион байгуулагчаар А.Мөнхбилэг багшийн анги дааж төгсгөсөн үе, үеийн шавь нар нь оролцож байгаа гэнэ.
А.Мөнхбилэг багш 1991 онд ОХУ-ын Иркутск хотын УБДС-ийн “Түүх, нийгмийн ухаан”-ы багш мэргэжлээр төгсөж ирээд төрөлх нутгаасаа ажлын гараагаа эхлүүлсэн байна. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Эрдэнэбулган сумын II сургуульд тасралтгүй багшилж байгаа ажээ. Түүний бэлдсэн шавь нар нь улс, аймгийн олимпиадуудад дандаа эхний байрт шалгардаг байна. Мөн ЭЕШ-д бэлдсэн хүүхдүүд нь 800 оноо авсан амжилт арвинтай юм билээ. Тэрбээр өөрөө нийгмийн ухааны багш нарын улсын болон аймгийн олимпиадад оролцох бүрдээ дүүрэн амжилт үзүүлдэг байна. Тухайлбал, 2005, 2008, 2014 онуудад зохион байгуулсан нийгмийн ухааны багш нарын аймгийн олипиадад II байр, 2004, 2006, 2010, 2017 онуудад III байрт шалгарч байжээ. Харин улсын нийгмийн ухааны 8 дугаар олимпиадад VII байрт эрэмбэлэгдсэн байна. А.Мөнхбилэг багшийг зарчимч, ёс зүйтэй, зөв хандлагатай, оюунлаг нэгэн гэдгээр нь мянга, мянган шавь нар нь бахархан хүндэлдэг ажээ. Тэрбээр хамт олондоо хүртэл нэр хүндтэй нэгэн төдийгүй удаа дараа сургуулийн “Тэргүүний багш”, “Аймгийн шилдэг багш”, “Шилдэг арга зүйч багш”, “Хүүхдэд ээлтэй багш”, “Шилдэг арга зүй технологитой багш”-аар шалгарч байжээ.
Энэ удаагийн нээлттэй олимпиад нь олон аймаг, сум хамарч, өргөн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм байна. Одоогийн байдлаар олимпиадад Архангай, Өвөрхангай, Булган, Эрдэнэт, Завхан, Увс, Хөвсгөл зэрэг аймгуудаас сурагч, багш нар оролцохоор бүртгүүлээд байгаа гэнэ. Нээлттэй олимпиад нь 9 дүгээр анги “Түүх”, 10-12 дугаар анги “Нийгэм”, “Түүх нийгмийн ухааны багш нар” гэсэн төрлөөр явагдах юм байна. Зохион байгуулагчдын зүгээс олимпиадад зорьж ирэн оролцож буй хүүхдүүдийн аюулгүй байдлыг багш, эцэг, эх, асран хамгаалагчид сайтар хангахыг сануулж байлаа.
А.Мөнхбилэг багшийн нэрэмжит нээлттэй олимпиадад оролцогчдын бүртгэлийг mendsaihangantulga@gmail.com хаягаар энэ сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авах юм байна.
М.МӨНХ
One reply on “А.Мөнхбилэг багшийн нэрэмжит нээлттэй олимпиад болно”