Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган, Онцгой байдлын байгууллагаас доктор, профессор, хошууч генерал Г.Даш, Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор, хурандаа Г.Даваадорж нарыг “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагналаа.
Хурандаа Г.Даваадорж нь 1968 онд тухайн үеийн Дархан хотын Гал унтраах ангид аврагч-гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлж, ОБЕГ-ын системийн байгууллагуудад тасралтгүй 53 жил үр бүтээлтэй ажиллаж, 2008 оноос ДХИС, МУИС, МБИС, ИЗОУИС, ШУТИС, ХҮРЭЭ мэдээлэл холбооны технологийн дээд сургуулиудад зөвлөх профессор багшаар ажиллаж байна. Тэрээр 2003 онд “Гал түймэр унтраах техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах судалгаа” сэдвээр доктор (Ph.D), 2015 онд Зөвлөх инженерийн зэрэг хамгаалж, 2006 онд Батлан хамгаалахын их сургууль, ИЗИС-ийн профессорын цол хүртсэн. Улмаар олон улсын шинэ техник, технологи, сургалтын дэвшилтэт арга зүйн мэдээлэл авч Монгол орны нөхцөлд бага хэмжээний гал унтраах техник хэрэгслийн оношлох инновац ДА-1, ДА-2, ДА-3 төхөөрөмжүүдийг зохион бүтээж, туршин үйлдвэрлэлд нэвтрүүлснээр оюуны өмчийн газраас зохиогчийн эрхийн ашигтай загварын гэрчилгээ авсан юм.