Снукер бильярдын Азийн аварга Б.Нарантуяатай уулзаж ярилцлаа. Энэ төрлөөр Монголынхоо нэрийг гаргасан бүсгүй. Цэл залуухан. Бас их итгэл, сэтгэл гэрэлтсэн тийм нэг хувь ертөнц.
-Өмнө нь ийм амжилт үзүүлсэн тамирчин Монголд байхгүй гэдэг утгаараа Та анхдагч. Энэ тал дээр?
Ерөнхийдөө снукерийн төрлөөр рекордыг бүгдийг нь хийлээ. Монголоос снукер бильярдын төрлөөр Ази тивээс медаль авсан тамирчин Монголд байхгүй. Би 2022 онд Азийн анхны хүрэл медалийг авчирч байсан. 2023 онд ДАШТ-ий хүрэл медалийг авчирсан. Энэ удаад снукер бильярдын төрөлд Азийн аваргын алтан медаль хүртлээ.
-Бильярд бол Монголд хожуу хөгжсөн спортын төрөл.Снукер бильярдаар хичээллэх болсон шалтгаан юу байв?
Миний хувьд американ булл, снукер булл, хил булл гээд бүх төрлөөр нь тоглодог. Бүх төрлөөр нь олон улсаас медаль авч байсан. Гэхдээ снукер тоглох илүү дуртай гэх үү дээ. Снукер яагаад ч юм бэ, миний хувьд илүү сонирхолтой байдаг юм. Олон улсад пүүлийн тэмцээн их байдаг л даа. Тэгээд 2022 оноос гадаад орон руу снукерээр явж үзье гэж зориод явж байлаа. Тэр үед ДАШТ, Азийн аваргын тэмцээн хоёулаа зэрэг Катарт болно гээд өөрийн харьяалагддаг “Элит” клубээс эмэгтэй 3 хүн, эрэгтэй 3 хүн, мастерын зэрэглэлд гурван хүн явж байлаа. Тэгээд Азийн аваргаас анх хүрэл медаль аваад, ДАШТ-ий шилдэг наймд үлдэж байлаа. Тухайн үед Монголын хамгийн том амжилт бол Азийн аваргын наймд үлдсэн үзүүлэлт л байсан.
– Урьд байгаагүй амжилтыг эвдэж, зам мөр гаргачихлаа. Үүндээ хэр итгэлтэй байв?
Урьд нь пүүлээр явж байсан болохоор снукер тоглохоор төрөл нь өөр болохоос биш, сэтгэл зүй, бэлтгэл энэ тэр нь адилхан байсан л даа. Монголоос анх эмэгтэй тамирчин очоод амжилт үзүүлэхээр тэнд байсан хүмүүс үнэхээр гайхсан. Mongolia гэж бичиж чадахгүй Магнолий гэсэн хүмүүс бараг дэлхий дээр ийм улс байдаг юм уу гэлцэж байтал намайг хүрэл медаль авсан чинь “Хүүе, ийм лаг тамирчин хаанаас гараад ирэв. Одоо хэдэн настай юм бэ, эрт авчраад ийм тэмцээнд оруулахгүй яасан юм бэ” гээд л шуугьсан. Түүнээс хойш тасралтгүй снукерийн тэмцээнд яваад мэргэжлийн ДАШТ-д наймд үлдсэн. Тэгэхдээ мэргэжлийн ДАШТий гурван удаагийн аварга, сонирхогчдын дэлхийн 7 удаагийн аварга Хонконгийн тамирчин Онитой 16-гийн нугалаан дээр таараад түүнийг хожиж наймд үлдэж байлаа. Тухайн үед Они ДАШТ-ээс мултарч үзээгүй, алт биш юм аа гэхэд медальтай буудаг тамирчин байсан. Түүнийг хожоод Они уйлаад нутаг буцсан. /инээв/ Тэр үед бусад тамирчид нь хаанаас ямар тамирчин ирчихэв ээ, юу болов гээд гайхаад л үлдсэн.
– Бильярдтай холбогдсон түүхийг чинь л сонирхоод байна л даа?
Анх 11, 12-той байхдаа л сонирхож тоглож эхэлсэн дээ. Аавыг найзуудтайгаа тоглож байхыг нь хараад л анх тоглож үзсэн. Тэгээд л ямар гоё юм бэ гэж бодсон. Манай гэртэй ойрхон бильярд байсан. Тэнд л өнждөг болсон. Хичээлээс тарж ирээд цүнхээ чулуудчихаад ажилтай юм шиг гараад тоглодог. 2006 онд анх тэмцээнд ороод мөнгөн медаль авч байсан. Тэгээд л тамирчин болъё гэж шийдсэн. -Надад бол буудлага, байт харваа, танай бильярд адилхан маш их анхаарал төвлөрөлт шаарддаг спорт шиг санагддаг. Жаахан сарних юм бол бүх амжилт нурна?
Тийм ш дээ. Хамгийн сүүлийн эгзэгтэй шарик байна ш дээ. Түүнийг авбал хожих гээд байдаг, алдвал хожигдох гээд байдаг. Тийм үед л маш их төвлөрөлт, бэлтгэлийн үр дүн гарч байгаа байхгүй юу. Үнэндээ маш гоё техниктэй байлаа гээд тэр шарикийг оруулах зүрх зориг үгүй бол хэрэггүй болчихдог. Ер нь сэтгэл зүй, сэтгэлийн хөөрлөө дарах, нямбай байдал гээд маш их зүйлийг тамирчин хүнээс шаарддаг. Хүн харахад нэг шарик цохиод хөөгөөд байгаа хүн харагддаг ч цаанаа бол маш их зүйлийг тэнцвэржүүлж байж амжилтад хүрдэг. Тэгж байж ялалт авдаг.
-Өөрөө одоогоор ямар клубт харьяалагдаж байна вэ. Ямар дасгалжуулагчийн шавь бэ?
Миний хувьд анхнаасаа дасгалжуулагчгүйгээр өөрийнхөө бор зүрхээр явсан хүн. Интернэтээр эрэл хайгуул хийгээд л, мэдэхгүй чадахгүй зүйлээ ах нараас асуугаад л сайжирсан байдаг юм. Эмэгтэй хүмүүсээс илүүтэй эрэгтэйчүүдтэй тоглосон байдаг. Яагаад гэхээр эрэгтэй хүн эмэгтэй хүний түвшин угаасаа шал өөр байдаг л даа. Харьяалагддаг клубийн хувьд снукерээр би “Элит” клубийн тамирчин гэж явдаг. Пүүлээр “Метропол” клубийн тамирчин гэж явж байгаад саяханаас “Элит” клубийн тамирчин гэж явж байгаа.
-Бильярдад насны хязгаар гэж бий юү?
Авууштай нь тийм зүйл байхгүй. Та өөрөө хараагүй болоод, хөл гар нь ажиллагаагүй болдоггүй л юм бол тоглож л байна.70,80 настай хүмүүс тоглож л байна. Тэр нь л гоё шүү дээ. 80 настан ирээд 20- той хүнтэй, 60-тай хүнтэй тоглоно. Тэр хэрээрээ нас харгалзахгүй найз болно. Гоё ш дээ /инээв/
-Бильярдаас авдаг өөрийн чинь сэтгэл ханамж юу вэ?
Ер нь тэгээд шарикийг оруулж буй байдал чадвараа харуулж байгаа мөч л хамгийн гоё агшин, мэдрэмж шүү дээ. Өөрт байгаа бүхнээ гаргаад ширээн дээр хожил авах л хамгийн гоё мэдрэмж юм даа. /инээв/
-Өөрөө хэр эмоцитой тамирчин бэ?
Би эмоцитой. Гэхдээ дарахыг хичээдэг. Сая Азийн аварга болчихоод нэг их уйлах байх, шагналын тавцан дээрээс асгараад мэлмэрээд байж байх гэсэн чинь цагаа тулахаар огт тэгээгүй. Ер нь ширээн дээр сэтгэл зүйгээ хянасаар байгаад тийм болчихдог юм болов уу. /инээв/ Энэ шарикийг оруулчихаад гараа өргөөд хашгираад бөөн юм болох байх гэсэн чинь цагаа тулахаар нам л болчихдог юм билээ.
– Одоо ангилалдаа хэдэд жагсаж байна. Ямар тэмцээнүүд хүлээж байна вэ?
-Миний хувьд снукер бильярдаар дэлхийн мэргэжлийн чансаанд 11-т бичигдэж байгаа. Монголдоо ОУХМ гэж бичигдэж байна. Дараачийн тэмцээн гэвэл зөндөө. ДАШТ байна. Энэ жил гурван ДАШТ болно. Мэргэжлийн ДАШТ тавдугаар сард Хятадад болно, гурван улааны ДАШТ Монголд болно, 15 дахь удаагийн ДАШТ арваннэгдүгээр сард Катарт болно.
– Катар билярдын ДАШТ-ийг их авах юм. Учир нь юундаа байна вэ?
Бильярдын холбоо өөрөө Катарт төвтэй болохоор тэр л дээ.
-Өөрөө эдгээр тэмцээнд бүгдэд нь оролцох уу. Аль нэгийг нь сонгож байна уу?
Бүгдэд нь оролцоно. Гэхдээ мэргэжлийн снукер бильярдын ДАШТ-д би түрүүлбэл Катар төвтэй бильярдын тэмцээнд оролцохыг хориглодог. Яагаад гэхээр тэр тамирчин өндөр чансаатай, мэргэжлийн түвшний тамирчин болчихож байгаа учраас хоёр жилийн хугацаанд тус төвд хамааралтай тэмцээнд оролцохыг хориглодог.
-Яг үнэндээ бильярд харж байгаа хүндээ тийм ч сонирхолтой спорт биш шүү дээ. Хэдэн шарик хөөгөөд л ширээний булан тойроод л алхаад байдаг. Танд чухам юу нь тийм сонирхолтой санагддаг юм бол?
Ер нь бол тэр шарикийг оруулна гэдэг л маш их ур чадвар шүү дээ. Таны харж байгаа тэр сонирхолгүй орчинг сонирхолтой болгоно гэдэг тамирчин хүнээс ур чадвар шаарддаг зүйл. Би шарикаа алдахгүй аваад байвал Та чинь “ Пүүх, ямар лаг юм бэ” гэж бодно биз дээ. Тэр л намайг тамирчин болгосон доо
-Ширээний ард хоёр хүн өрсөлдөхөөр гарч ирлээ. Нөгөө хүндээ цохих боломж олголгүйгээр бүгдийг нь оруулчих тохиолдол байх уу. Та тэгж байсан уу?
Тийм зүйл байна аа. Би ч тэгж байсан. /инээв/
-Тэр үед өрсөлдөгч ямар реакц үзүүлдэг нь сонин?
Жишээ нь, би таныг цохиж байх үед байн байн хөдөлгөөн хийгээд л алдчихаасай гэх зүйл байхгүй. Өрсөлдөгч чинь бүх шарикийг аваад дуусгасан ч хичээл дээр томоотой суудаг хүүхэд шиг сууж байх ёстой. Дүрмэндээ тийм. Мөн таныг алдахад би баярлаж болохгүй.
-Би бол сэтгэл хөөрлөө ил задгай цацдаг, спортыг мэддэг. Таных шиг нам гүмийг сайн ойлгохгүй л байна л даа?
Снукерийн хувьд энэ бүхэн хаалттай. Американ пүүл дээр арай нээлттэй л дээ. Тамирчин цохилт хийж байгаа тохиолдолд үзэгчээс ч дуугарахыг хориглодог. Тийм л спорт. Тухайн тамирчин алдсаны дараа ч юм уу, авсны дараа эмоци гаргаж болно.
-Цаашдын зорилго чинь юу вэ?
Миний зорилго бол Дэлхийн аварга болох. Өөр шигээ тамирчин бэлтгэнэ гэсэн бодол л байна даа.
Н.САРАНЧИМЭГ