Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Мөнхгэрэл: Сэжигтэй, тодорхойгүй эх сурвалжаас ирсэн холбоос дээр дарахгүй байх хэрэгтэй DNN.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Мөнхгэрэлтэй цахим залилангийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад цахим залилантай холбоотой хэдэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бэ?

-Өнгөрөгч 2024 онд цагдаагийн байгууллагад нийт 44.673 гэмт хэрэг бүртгэгдсэний 15.889 буюу 35.5 хувь нь залилах гэмт хэрэг байгаа бөгөөд 2023 онтой харьцуулахад 22.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүний 89.7 хувийг цахим залилан эзэлж байна гэсэн статистик бий.

-Сүүлийн үед “Монгол шуудан” ХК-ийн нэрийг ашигласан хуурамч мессэж иргэдийн утсанд их ирдэг болжээ. Энэ нь ямар эрсдэлтэй вэ?

-“Монгол шуудан” ХК-ийн нэрийг ашиглан “Хүчингүй шуудангийн хаяг илэрсэн тул илгээмжийг бөглөх боломжгүй бөгөөд линк дэх шуудангийн хаягийн мэдээллийг 24 цагийн дотор баталгаажуулна уу https://…”, “Мэдээлэл дутуу байсан тул таны илгээмжийг логистикийн төвд хадгалсан. Хаягаа хугацaaнд нь бөглөнө үү https://… ” зэрэг хуурамч мессэжийг иргэдийн гар утсанд илгээн хувийн болон дансны мэдээллийг нь авч залилах гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Иргэдэд сэрэмжлүүлэхэд, ямар ч байгууллага таны дансны мэдээлэл, нууц үг зэргийг онлайнаар буюу мессэж, линк холбоос, утсаар авах хүсэлт гаргадаггүй. Тиймээс сэжигтэй, тодорхойгүй эх сурвалжаас ирсэн холбоос дээр дарахгүй байх хэрэгтэй. Ингэснээр хувийн мэдээллээ бусдад алдахаас сэргийлэх боломжтой.

-Ер нь цахим залилантай холбоотойгоор нэг хоногт дунджаар хэдэн дуудлага мэдээлэл бүртгэгддэг юм бол. Сүүлийн үед “Телеграм” аппликэйшн ашиглан энэ төрлийн гэмт хэргийг ихээр үйлдэж байгаа. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар 85 гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдэж байгаагаас залилах гэмт хэргийн шинжтэй 10 орчим дуудлага мэдээлэл бүртгэгддэг.

Эдгээрийн 75-80 орчим хувь нь цахим орчинд, цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж байна. “Телеграм” аппликэйшн ашиглан хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдэж байна. Нэгдүгээрт, романс залилан буюу цахимаар танилцаж, хайр сэтгэлийн холбоо тогтоон улмаар итгэлийг нь олох замаар их хэмжээний мөнгө шилжүүлэн авах, эд хөрөнгийг залилах гэмт хэрэг. Хоёрдугаарт, “Өндөр цалинтай онлайн ажилд авна” гэх хуурамч зар сурталчилгаа явуулж, иргэдийн эд хөрөнгийг залилах гэмт хэрэг. Гуравдугаарт, бэлгийн сүрдүүлэг буюу хохирогчдыг мөнгөөр урхидан нүцгэн зураг, бичлэгийг авч, шаардлага биелүүлэхгүй бол цахим орчинд түгээнэ гэж заналхийлдэг. Дөрөвдүгээрт, “Сopycat” буюу групп хаягуудын нэрийг хуулбарлаж, үйлчлүүлэгчдээс мөнгө татах. Тавдугаарт, “Pump and dump” буюу хувьцаа, криптовалют, койны ханшийг цаашид өсөх талаар иргэдэд хуурамч мэдээлэл өгч, улмаар өөрийн дансанд иргэдээс мөнгө татан авах гэмт хэрэг. Зургадугаарт, даалгавар биелүүлж мөнгө авахыг санал болгох, шагналт судалгаа бөглүүлэх нэрийдлээр иргэдийн хувийн мэдээллийг олж авах зэрэг гэмт хэргүүд түлхүү үйлдэгдэж байна. Эдгээрээс хуурамч зарын дагуу даалгавар биелүүлэх зарчмаар үйлдэгдэж буй залилах гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна.

-Энэ төрлийн гэмт хэрэг хэрхэн үйлдэгддэг вэ. Иргэд ямар замаар хохирч байна вэ?

-Залилагч этгээдээс “Гэрээсээ онлайнаар цагийн ажил хийгээд орлоготой болоорой” гэсэн зарыг цахим орчинд нийтэлнэ. Үүнийг харсан иргэд зарын дагуу холбогдож, явуулсан линк дээр дарахад телеграм группт нэгдэж, үе шат бүхий даалгавруудыг биелүүлэх ажлыг санал болгодог байна. Энэ тохиолдолд иргэд телеграм аппликэйшн хэрэглэдэггүй байсан ч тэрхүү зар мэдээллийг харах бүрэн боломжтой. Групп чатад нэгдсэнээр залилагчийн зүгээс танд ажил санал болгож буй мэтээр анкет бөглүүлж, хувийн мэдээллийг тань авч бүртгэлээ баталгаажуулдаг ба даалгавар биелүүлэх ажлыг хуурамч сайтаар дамжуулан хийдэг. Ингэхдээ хэн ч хийх боломжтой амар, хялбар буюу лайк дарах, сэтгэгдэл бичүүлэх, 1-5 хүртэл одоор үнэлгээ өгөх гэх мэт ажлыг даалгадаг.

Хуурамч сайт руу орох үед таны нэр болон бусад холбогдох мэдээллүүд гарч ирэн нэвтрэхэд хялбар байдаг бөгөөд яг л бодит сайт руу нэвтэрч буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Цаашлаад залилагч этгээд телеграм чатаар “Та 10 мянган төгрөг байршуулаад даалгавраа эхлүүлэх боломжтой” гэж хэлсний дагуу иргэд тухайн дансанд мөнгө байршуулснаар даалгавар эхэлдэг. Ингээд тухайн хуурамч сайтаар дамжуулж хялбар, цөөн тооны даалгавар гүйцэтгэсний хариуд “Даалгавар амжилттай биелэгдлээ. Таны дансанд 30 мянган төгрөг нэмэгдэж орлоо” гээд таны дансанд эхний бага хэмжээний цалин, урамшуулал шилжин ордог.

Улмаар мөнгө авсан иргэд амар хялбар аргаар мөнгөө өсгөх боломжтой юм байна гэж бодож удаа дараа их хэмжээний мөнгөө байршуулснаар хохирогч болдог. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн залилах гэмт хэргийг хохирогчид бага хэмжээний мөнгөн дүнгийн урамшуулал олгож, итгэл төрүүлсний дараа “Байршуулсан мөнгөн дүнгээс хамаарч мөнгөө өсгөх боломжтой” гэж ятгаж, таатай санал тавьдаг. Үүнтэй холбоотойгоор иргэдээс “Мөнгөө хурдан хугацаанд амар хялбар аргаар өсгөх гэж танихгүй хүний данс руу мөнгө шилжүүлээд залилуулчихлаа” гэсэн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсээр байна.

-Энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Шаардлагагүй тохиолдолд “Телеграм” аппликэйшнийг гар утсандаа суулгахгүй байх, ашигладаггүй бол устгах, хамгаалалтын тохиргоо хийх шаардлагатай.

Хоёрдугаарт мөнгөө өсгөх, эсвэл урьдчилгаа, шимтгэл гэх нэрийн дор танихгүй хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй байх, түүчнлэн өөрийн интернэт банкаа бусдад ашиглуулахгүй байх хэрэгтэй. Энэ нь таны дансыг ашиглан бусад хүнийг залилах болон өөрөө гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлнэ.

Гол нь телеграм аппликэйшнийхээ тохиргоог зөвхөн Contact буюу хадгалсан утасны дугааруудаас эсвэл “Nobody” гэснийг сонгон идэвхжүүлэх хэрэгтэй ба ингэснээр танихгүй хүн таны бүртгэлийн мэдээллийг харах, цаашлаад телеграм группт таныг хүсээгүй үед элсүүлэхээс урьдчилан сэргийлж чадна.

Түүнчлэн цахим гэмт хэргийн хохирогч болсноо мэдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын “102” болон тусгай дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, мөнгө шилжүүлсэн арилжааны банкны дансны шилжилт хөдөлгөөнийг хойшлуулах, хязгаарлуулах боломжтой.

-Иргэд нэг үеэ бодвол хэрэгцээт бараагаа цахимаар захиалаад авчихдаг болжээ. Үүнийг дагаад хуурамч онлайн дэлгүүрүүд олширчээ. Та үүнтэй холбогдуулан иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхгүй юу?

-Онлайн худалдаа, үйлчилгээ нэг талаасаа энэ их түгжрэл дунд иргэдийн цаг хугацааг хэмнэх сайн талтай ч нөгөө талаасаа энэ явдлыг ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг мөн түгээмэл бүртгэгдэж байна.

Одоо монголчуудын уламжлалт сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан иргэд цахимаар бараа бүтээгдэхүүн захиалах нь нэмэгдэж байна. Ойрын жишээ гэхэд л өнгөрсөн сарын 29-ний өдөр нэгэн иргэн олон төрлийн барааны сонголттой, хямд үнэтэй, захиалсан бараа нь хурдан хугацаанд ирдэг гэх онлайн дэлгүүрээс цагаан сарын бэлгээ захиалахаар шийдэж, төлбөрөө бүгдийг нь шилжүүлчихсэн. Түүнчлэн захиалсан бараа нь долоо хоногийн дотор ирнэ гэсэн боловч ирээгүй. Тодруулах гэтэл цахим хуудсаа устгасан, утасны дугаар нь холбогдох боломжгүй болж тухайн иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

Энэ төрлийн залилах гэмт хэрэг нь зах зээлийн үнээс харьцангуй хямд, өнгө загварын олон сонголттой, чанартай бараа бүтээгдэхүүнийг таны гарт түргэн шуурхай хүргэж өгнө гэж сурталчилсан байдгаараа онцлогтой. Мөн бараа бүтээгдэхүүний сэтгэгдэл хэсэгт “Бараагаа хүлээн авлаа, баярлалаа. Маш их таалагдлаа” гэх мэт хуурамч сэтгэгдлүүдийг ихээр бичсэн байдаг учраас иргэд итгэж, залилах гэмт хэргийн хохирогч болж байна.

Тиймээс иргэд онлайнаар худалдан авалт хийхдээ баталгаатай, найдвартай дэлгүүр эсэхийг сайтар нягталж шалгах хэрэгтэй. Мөн захиалсан бараа нь ирэхээс өмнө төлбөрөө төлөхгүй байхыг зөвлөмөөр байна.

-Иргэд цахим хаягууддаа дараа нь санахад амар хялбар нууц үг хийх тохиолдол цөөнгүй байдаг. Хэний ч тааварлашгүй нууц үгтэй байх нь цахим аюулгүй байдлыг хангахад хэр нөлөөтэй вэ?

-Маш чухал нөлөөтэй. Иргэд цахим хаягийнхаа нууц үгийг тохируулахдаа том жижиг үсэг, тэмдэгт, тоо ашиглах хэрэгтэй. Дараа нь санахад амар гэж бодож бүх цахим хаягтаа ижил нууц үг, эсвэл өөрийн нэр, утасны дугаар, төрсөн он, сар, өдөр зэргийг хийдэг нь маш эрсдэлтэй бөгөөд таны хувийн мэдээллүүдэд халдах эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Ер нь таны нууц үг зургаан тэмдэгтээс урт байх тусмаа эрсдэл багатай. Гол нь нууц үгээ байнга хянаж, сольж байх нь зүйтэй гэдгийг хэлмээр байна.

Ө.АНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *