Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярсайхан: П.Батчулуун эмчийн төлөө цагаан халатаа өмсөөд талбай дээр гараад жагсахад бэлэн байна DNN.mn

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун эмчийг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэж үзэн гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Үүнд мэс заслын эмч нарын төлөөллүүд байр сууриа илэрхийлээд байгаа юм. “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн мэс заслын эмч Б.Баярсайхантай ярилцлаа.


-П.Батчулуун эмч “тархины үхэлтэй донорын ар гэрээс зөвшөөрөлгүй эд эрхтэн авсан” гэх асуудлаар 2.6 жилийн хорих ял авсан. Энэ нь мэс засалч эмч нарын хувьд эмзэглэж буй асуудал болоод байна уу?

-Миний хувьд П.Батчулуун эмчийг хар нялхаас нь эхлээд мэднэ. Нэг сургууль хамт төгсөж байлаа. Биднийг анагаахад ороод эмч болоход Улсын нэгдүгээр төв эмнэлэгт мэс заслын эмч болчихсон байсан. Энэ хүнээр би бахархаж, үлгэр дуурайл авдаг, хүндэлдэг эмч нарын маань нэг. Хүнд хэзээ ч хар буруу санадаггүй байсан. Монголын мэс засалч эмч нарын дунд эрхэм болсон хүний нэг.

Мэс заслын эмч, хувь хүнийхээ үүднээс ч энэ асуудалд холбогдоод шүүхээс ийм ял авсанд маш их эмзэглэж байгаа. Эмзэглэж байгаа асуудлын гол нь хүний амь насыг аврахын төлөө, сайн үйлсийн төлөө явж байхад нь буруутгаж буйд мэргэжлийн мэс засалч нарын хувьд маш гутамшигтай зүйл гэж харж байна. Хүмүүс цахим орчинд олон янзаар л бичиж байна. Миний хувьд энэ асуудлыг анхны процессоос нь эхлээд сайн мэдэж, ажиглаж байгаа. Эрх зүйн актаараа тийм хуультай байж болно. Гэхдээ өнөөдөр хүний төлөө ажиллаж байсан хүн ял авчихаад байхад бид дуугарах үүрэгтэй. Биднийг удирддаг нийгэмлэг, холбоод, эрдэмтэн багш нар гээд олон хүмүүс байгаа. Энэ олон хүмүүс яагаад одоо болтол дуугарахгүй байгаад хувь хүнийхээ үүднээс маш их эмзэглэж байна.

-Энэ нь цаашдаа залуу эмч нарын зоригийг мохоох жишээ болчихов уу?

-П.Батчулуун эмчийн араас олон эмч хуулийн цоорхой, буруу тогтоомжийн дагуу ял авах нөхцөл үүсчихээд байгааг үгүйсгэхийн аргагүй байна. Тэгэхээр эрх зүйн орчноо сайжруулаач ээ. Хэрэв үгүй бол залуу эмч нарын ир мохно. Мэс засал гэдэг зүйлийг эрдэм мэдлэгээс гадна зүрх зориг, шулуун сэтгэлээр хийдэг. Тэгэхээр залуусынхаа зоригийг бид мохоомооргүй байна. Хэрэв цаашдаа энэ байдал үргэлжилбэл мэс засал хийх хүн Монголд олдохгүй.

Бид өнөөдөр зөвхөн П.Батчулуун эмчийн тухайд биш Монголд хүний төлөө явж байгаа нийт эмч нар болон мэс заслын эмч нарын эрх ашиг аль түвшинд, яаж зөрчигдөж байгааг олон удаа харлаа. Гэтэл яагаад хууль эрх зүйн орчныг зөв болгож бүрдүүлэхгүй байгаа юм. Яагаад Эрүүл мэндийн яам, бусад эрхтэн дархтанууд эмч нарынхаа эрх ашгийг хамгаалсан арга хэмжээ авахгүй байгаа юм. Сошиалаар бид зөндөө хэлүүллээ, тэр тоолонд эмч нарыг өмөөрөөд дуугарч байгаа байгууллага нийгэмлэг алга байна. Эмч нар маань дор бүрнээ цахим орчиндоо ганц нэг үгээ хэлээд энэ асуудал намдчихдаг. Эцэст нь хүний төлөө явж байсан эмч л буруутгагдаж байна. Эмч нарыг хамгаалдаг тусдаа байгууллага, өмгөөллийн товчоо зэргийн зүйл байх ёстой. Тэгэхээр дахин ийм асуудлыг үүсгэхгүйн тулд хууль эрх зүйн орчныг өөрчилж, шинэчлэл хийх ёстой гэдгийг онцолж хэлмээр байна.

-Ер нь тархины үхэлтэй донороос эд, эрхтэн авах тухай гадны улсын ямар зохицуулалт байдаг юм бол?

-Тархины үхэлтэй донороос эд эрхтэн авах нь бусад улс оронд хуулиараа явдаг ч хоёрдугаарт хүн чанараараа явдаг. Бид киноноос хүртэл хардаг шүү дээ. Донор болохыг зөвшөөрсөн гэсэн тусгай үнэмлэхтэй явбал ямар ч зөвшөөрөлгүйгээр эрхтнийг нь аваад цаг хугацаатай уралдсан ийм зүйл байдаг. Монголд л хамаг зүйл уруугаараа эргэчихээд байгаа юм. Хэдий хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа ч цаанаа олон хүний алтан амийг аварна гэдэг бол шашин номоороо ч тэр маш том буян шүү дээ.

-Цаашдаа ер нь яаж тэмцэх бодолтой байна?

-Тэмцлийн олон хэлбэр байгаа. Миний хувьд П.Батчулуун эмчийн төлөө цагаан халатаа өмсөөд талбай дээр гараад жагсахад бэлэн байна. Мэс заслын нийгэмлэг маань удирдаад эрхтэн солих мэс заслыг бид тодорхой хугацаанд яагаад зогсоож болохгүй гэж. Хүний эрхтэн солиод шоронд суусны оронд өөр хагалгаа хийгээд явж болно. Бүр цаашилбал төлөвлөгөөт хагалгаануудаа зогсоосон ч болно. Би ардчилсан Монгол Улс гэдэг үгийг хэлэх дуртай хүн. Ардчилал бол болохгүй байгаа зүйлийг засахын төлөө байх ёстой зарчим гэж ойлгодог. Тэгэхээр эмч нар өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах ёстой болчихоод байна.

Г.Балгармаа

One reply on “Б.Баярсайхан: П.Батчулуун эмчийн төлөө цагаан халатаа өмсөөд талбай дээр гараад жагсахад бэлэн байна DNN.mn”

Тархины үхэлтэй донороос шаардлага гарсан тохиолдолд өрсөж авсан эмч ялтан биш баатар болох учиртай.
Амьд байгаа хүний алтан амийг л аврах зорилготой байдгаараа онцлогтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *