Categories
гадаад мэдээ

Давосын чуулган эхлэв DNN.mn

Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчид эхний өдөр ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсний дараа АНУ-ын шинэ засаг, захиргаатай хэрхэн харилцах талаар хэлэлцэв. Германы канцлер Олаф Шольц үг хэлж, Трампыг Цагаан ордонд буцаж ирсэнтэй холбогдуулан сандралдахгүй байхыг уриалаад “АНУ-ын засаг захиргааны өөрчлөлттэй холбоотойгоор Вашингтонд болж буй хэвлэлийн бага хурал бүр, жиргээ бүр биднийг түгшүүртэй экзистенциал мэтгэлцээнд оруулах ёсгүй” гэж анхааруулав. Тэрээр мөн Трампын Панам, Гренланд, Канадтай холбоотой хэлсэн үгтэй холбогдуулан “АНУ-ын шинэ ерөнхийлөгч болон түүний засаг захиргаа ойрын жилүүдэд дэлхийг бүхэлд нь хямрааж магадгүй. Гэхдээ бид үүнийг даван туулж чадна, даван туулах ч ёстой. Европ болон АНУ-ын нягт хамтын ажиллагаа нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлын хувьд маш чухал бөгөөд эдийн засгийн амжилттай хөгжлийн хөдөлгүүр юм. Иймээс Европ АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байх ёстой. Дэлхий дээр бид нар шиг нягт уялдаатай эдийн засаг байхгүй” гэж онцлон тэмдэглэв. Тэгвэл Европын Холбооны тэргүүн Фон дер Лейен “АНУ, Европын холбооны жилийн худалдааны хэмжээ 1.5 их наяд евро буюу дэлхийн худалдааны 30 хувьтай тэнцэж байгаа учир бид нийтлэг ашиг сонирхлоо хамгаалж, хэлэлцээ хийх ёстой” гэж хэлэв. Мөн өдөр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Давост болсон форумын үеэр үг хэлж “Трамп Украинд энх тайван тогтоохыг хүсч байна гэдэгт итгэлтэй байна. Бид энэ тал дээр хамтрагчид гэдгийг би түүнд хэлсэн” гээд “Дайн хурдан дуусч шударга, тогтвортой энх тайван тогтох ёстой. Ерөнхийлөгч Трампын хүрээлэлд худал мэдээлэл, Оросын албан ёсны байр суурийг тараадаг хүмүүс байдаг тул Украинд Европын тусламж хэрэгтэй байна. Украины хувьд Европ тодорхой байр суурьтай байх ёстой бөгөөд Трампт нарийн ширийн зүйл, эрсдэлийг тодорхой ойлгуулах хэрэгтэй. Оросын удирдагч Владимир Путин энхийн хэлэлцээний үеэр Украины армийн тоог 5 дахин багасгахыг шаардана. Харин Украин үүнийг хийхийг зөвшөөрөхгүй. Үүний зэрэгцээ Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх, эзлэн авсан газар нутгаа хууль ёсны газар нутаг гэж хүлээн зөвшөөрүүлэх, Украины хууль ёсны эрх баригчдын дунд өөрийн талын хүмүүсийг оруулахыг шаардана. Оросын эдийн засгийн ерөнхий чадавх Европынхоос хамаагүй бага боловч бүх Европыг нийлүүлснээс хэд дахин их сум, цэргийн техник үйлдвэрлэж байна. Иймээс Европ дэлхийн хүчирхэг тоглогч байж, өөрийн болон бусдын энх тайван, аюулгүй байдлыг хангах чадвартай байх ёстой” гэж мэдэгдэв.

Европын Холбооны улсууд АНУ-ын шинэ засаг захиргаанд санаа зовохоос аргагүй юм. Учир нь Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны бүрэн эрхийнхээ хугацаанд Европын Холбооны ган, хөнгөн цагааны импортод нэмэлт татвар ногдуулж АНУ болон Европын холбооны хооронд худалдааны хурц зөрчилдөөн үүсгэсэн. Үүний хариуд Европын Холбооноос АНУ-ын виски, Harley-David­son мотоцикл, Levi Strauss жийнс зэрэг Америкийн олон төрлийн бараа бүтээгдэхүүнд тусгай татвар ногдуулсан. Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа оронгуут 100 орчим зарлигт гарын үсэг зурж, өмнөх ерөнхийлөгч Жо Байдены гаргасан 78 шийдвэрийг цуцалсан. Тэрээр мөн холбооны бүх агентлаг, хэлтсийн өндөр зардлыг хэмнэх, үг хэлэх эрх чөлөөнд тавих засгийн газрын цензурыг зогсоох, бусад улс орнуудад үзүүлэх тусламжийн бүх хөтөлбөрийг 90 хоногийн хугацаагаар зогсоох зарлигт гарын үсэг зурсан. АНУ-ын шинэ засаг захиргаа үүнийгээ “Эдгээр тусламж АНУ-ын улс төрийн зорилгод нийцэж байгаа эсэхэд шалгалт явуулна” гэж тайлбарласан. Энэ нь мэдээж Путинтэй хийх энхийн хэлэлцээрийн угтвар юм. Учир нь Трамп энэ шийдвэрийхээ дараа сэтгүүлчдэд “Би ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй яриа хэлэлцээ хийх бодолтой байна” гээд “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлэлцээр хийхийг хүсэхгүй бол тэрээр Оросыг устгах болно” гэсэн билээ. Харин өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд “АНУ Киевт нэмэлт зэвсэг нийлүүлэх асуудлыг судалж байна. Бид энэ талаар Зеленскийтэй ярилцах болно. Путин Украины дайныг зогсоох хэлэлцээ хийхээс татгалзвал бид ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч магадгүй. Би тун удахгүй ерөнхийлөгч Путинтай ярилцах бөгөөд энэ бүхэн хэрхэн өрнөхийг та бүхэн харна. Тэд хүссэн хүсээгүй хэлэлцээ хийх болно. Учир нь энэ дайн сая, сая хүний амь насыг хэдийнэ авч одсон. Москвагийн хохирол 800 мянга орчим, Киевийнх 600-700 мянган хүн байна” гэж мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
гадаад мэдээ

Давосын чуулган эхлэв DNN.mn

Швейцарийн Давос хотноо гол сэдэв нь Украинд энх тайван сахиулах асуудлыг хэлэлцэх чуулган нээгдэж Швейцарийн Гадаад хэргийн яам энэ арга хэмжээнд 80 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож буйг зарлав.

Давосын хэлэлцүүлгийн гол сэдэв нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэвшүүлсэн “энхийн томьёолол” байх бөгөөд энэ төлөвлөгөөнд Оросын цэргийг Украины бүх нутаг дэвсгэрээс гаргах, Оросын дайны гэмт хэрэгтнүүдийг хэрхэн шийтгэх, Оросоос Украинд нөхөн төлбөр төлүүлэх, тус улсад олон улсын аюулгүй байдлын баталгаа өгөх зэрэг арван зүйл багтаж байгаа юм.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак “Neue Zürcher Zeitung” сонинд ярилцлага өгөхдөө “Украинчууд энх тайван, аюулгүй байдлыг хүсч байгаа ч манай газар нутаг дээр өөрийн шинэ эзэнт гүрнийг байгуулах гэсэн Путины гэмт хэргийг таслан зогсоож, эрх чөлөөгөө хамгаалах бидний шийдвэр тууштай хэвээр байна. Украиныг Оросын байнгын буудлага, Путины сүржин яриа айлгахгүй” гэж мэдэгджээ.

Швейцарийн ГХЯ-ны тэргүүн Игнацио Кассис Давост болсон Украины асуудлаарх энх тайвны дээд хэмжээний уулзалтын үеэр “энхийн томьёолол”-ын талаарх цаашдын хэлэлцүүлэгт Оросыг заавал татан оролцуулах болно гэж мэдэгдэв. ОХУ-ын төлөөлөгчид уг чуулганд оролцохгүй байгаа талаарх сэтгүүлчийн асуултад Игнацио Кассис “Тэднийг оролцуулах асуудал арай эрт байна. Хэрэв энэ чуулганд Оросыг урьсан бол тэд энэ урилгыг хүлээж авах байсан гэж бодох нь хуурмаг зүйл болно. Гэхдээ бид энэ энх тайвны цаашдын үйл явцад Оросыг заавал оролцуулах арга замыг олох хэрэгтэй. Хэрэв Орос зөвшөөрөхгүй бол амар амгалан ирэхгүй. Гэхдээ энэ нь бид зүгээр суугаад Оросыг ямар нэгэн зүйл хийхийг хүлээх ёстой гэсэн үг огт биш. Учир нь бидний хүлээж буй минут тутамд Украинд олон арван энгийн иргэд амь үрэгдэж бас шархдаж байна. Иймээс бид зүгээр хүлээж суух эрхгүй” гэж хариулжээ.

Энэхүү чуулга уулзалтад Украины ерөнхийлөгч Владимир Зеленский оролцож үг хэлэх товтой байна.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *