Дональд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Гренландыг худалдаж авахыг оролдсон боловч Дани 80 жилийн өмнөх шигээ дэлхийн хамгийн том арлаа АНУ-д худалдахаас татгалзсан билээ. Харин Трамп Цагаан ордонд эргэн ирэхээсээ өмнө энэ санаагаа дахин гаргаж ирэв.
Сүүлийн таван жилийн хугацаанд манай гарагийн хамгийн том арлын цэрэг, эдийн засгийн ач холбогдол улам л нэмэгдэв. Энэ нь дэлхийн дулаарал, ОХУ-ын Украины эсрэг дайн, АНУ-ын гол өрсөлдөгч Хятад өөрийн цэрэг, эдийн засгийн байр сууриа бэхжүүлсэнтэй холбоотой байв.
Гренланд нь “ногоон газар” гэсэн нэр боловч энэ арлын газар нутгийн 80 гаруй хувь нь мөсөнд хучигдсан байдаг бөгөөд 57 мянган хүн амтай. Ийм аралд Трамп яагаад дурлаад байна вэ?
Гренландын эрэг орчим олон төрлийн загасаар баялаг бөгөөд арлын гүнд ч хүмүүсийн сонирхол татах зүйл их бий. Учир нь дэлхийн мөсөн голууд хайлж байгаа тул шинжлэх ухаанд чухал хэрэгтэй эрт галавын амьтдын яс энэ арлаас олборлоход хялбар болж байна. Орчин үеийн өндөр технологийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой газрын ховор элементүүдийн дэлхийн хэрэгцээний 70 гаруй хувийг зөвхөн хятадууд үйлдвэрлэдэг. Харин Трамп өнөөдөр Хятадын худалдаанд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлнэ гэж заналхийлсэн. Трампын энэхүү заналхийллийн хариуд Хятад улс өнгөрсөн арванхоёрдугаар сард батлан хамгаалах салбарт нь өргөн хэрэглэгддэг галли, германий, сурьма зэргийг Америкт нийлүүлэхээ хязгаарласан. Тэгвэл Гренландад газрын тос, уранаас гадна газрын ховор элементүүд болох неодим, празеодим, диспрозиум, тербиум гэх мэт газрын ховор металлуудын арвин нөөц бий. Хятадууд энэ арлыг сонирхож, 2018 онд Гренландад хоёр нисэх онгоцны буудал барих гэж байсан ч Дани өөрийн автономит бүс нутгийн эрх баригчдад үүнийг нь зөвшөөрөөгүй юм.
Тус арал нь стратегийн чухал ач холбогдолтой Арктикийн захад оршдог онцлогтой. Харин Арктик нь байгалийн асар их баялагтай, хамгийн гол нь дулаарлаас үүдэн мөс нь хайлж, дэлхийн худалдааны товч зам болж байгаа билээ. Энэ нь АНУ Арктик тивд Хятад, Оростой сөргөлдөхөд энэ арал Пентагоны хувьд “гол хаалга”-ны үүрэг гүйцэтгэх болно гэсэн үг юм. Европоос Хойд Америк руу хүрэх хамгийн дөт зам нь Гренландаар дамждаг. Мөн Атлантын далайн Гренланд, Исланд, Их Британийн хоорондох хэсэг нь Орос, Европын хооронд цэргийн мөргөлдөөн гарах үед далай дахь хамгаалалтын гол шугам болох ач холбогдолтой. Мөн дайн дэгдсэн тохиолдолд Америкаас Европ руу цэрэг, техник хүргэх далайн энэ шугамыг заавал хяналтдаа байлгах шаардлагатай. Иймээс л АНУ ЗХУ-тай хийсэн хүйтэн дайны үеэс тус арал дээр цэргийн бааз байгуулсан. Гренланд нь АНУ-д дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалахад тун ч тохиромжтой нутаг учир Трамп өнгөрсөн долоо хоногт “Америкт эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс Гренланд хэрэгтэй байна” гэж мэдэгдсэн бөгөөд энэ арлыг өөртөө нэгтгэхийн тулд цэргийн хүч ашиглахыг үгүйсгээгүй билээ. Дональд Трамп Панамын суваг, Гренландын аралд АНУ нөлөөллөө тогтооно гэж буй нь Путины Оросуудын эрх ашгийг хамгаалж байна хэмээнд Украинд дайран орсонд хариу барьж буй дипломат арга юм. Энэ нь Путинд өгч буй “Би Америкчуудын эрх ашгийг хамгаалж Арктикт танай цэргүүдийг бут цохино. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм” гэсэн сануулга билээ.
АНУ-ын ерөнхийлөгч Харри Трумэн II дайны дараахан, 1946 онд дэлхий нийт барууны болон Зөвлөлтийн нөлөөний хүрээгээр хуваагдаж байх үед 100 сая ам.доллараар энэ арлыг худалдаж авах санал тавьж байв. Дани улсын мэдэлд 300 гаруй жилийн турш байгаа Гренланд арлын хүн бүрд нэг сая ам.доллар өглөө гэхэд нийт үнэ 57 тэрбум ам.доллар болж байна. Хэрэв тус арлыг Дональд Трамп худалдаж авч чадвал 1803 онд Луизиана мужийг францчуудаас 15 сая ам.доллараар худалдаж авсан ерөнхийлөгч Томас Жефферсон, 1867 онд Аляскыг Оросуудаас 7.2 сая доллараар худалдаж авсан ерөнхийлөгч Эндрю Жонсон нартай адил АНУ-ын түүхэнд нэрээ мөнхлөх болно. Арктик нь байгалийн асар их баялагтай, бас дэлхийн дулаарлаас болж худалдааны хамгийн дөт усан зам болсон. Гэхдээ энэ зам дээр олон улсын журмыг зөрчин ОХУ цэргийн бааз байгуулж, Хятад ч нөлөөгөө тогтоох гэж оролдож байна. Иймээс АНУ хүйтэнд зохицсон Финлянд, Норвеги, Канадын цэргүүдтэй хамт Арктикт нөлөөгөө тогтоохыг хүсч байна. Дональд Трамп хүйтэн уур амьсгалтай Канадыг АНУ-ын 51 дэх муж ул болгох гээд буйн цаад учир энэ. Учир нь АНУ-д хүйтэнд зохицсон хуурай замын цэрэг байхгүй. Мөн Украинд хэрэглэж буй барууны орчин үеийн гэгдээд буй зэвсгүүд нь үнэндээ бол өнгөрсөн зууны 70, 80-аад оны технологи. Харин энэ зууны шинэ зэвсгүүдээ барууны улсууд Украин, Израилийн дайнд туршин алдааг нь засан үйлдвэрлэж, армиа зэвсэглэж эхэлсэн. Харин жинхэнэ орчин үеийн зэвсгүүдийн харилцан зохицлыг бий болгож үр дүнтэй болгоно гэдэг огт өөр асуудал. Ингэхийн тулд өөрсдөө бүх шинэ зэвсгээ нэгэн зэрэг бүгдийг нь байлдаанд оруулж туршихаас өөр аргагүй. Энэ бай нь Арктикт байгаа орос цэргүүд. Ингэсэн цагт л АНУ-ын ерөнхийлөгч Хятадын тэргүүнд өөрийн болзлыг тулгах боломжтой болно. Бас Арктикт нөлөөгөө тогтоож, гол өрсөлдөгч гэгдэж байгаа Хятадыг буулгаж авсан ерөнхийлөгч АНУ-ын түүхэнд үлдэнэ.