Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Шийрав: Бид агаарын бохирдлыг бууруулах биш, нэмэгдүүлэх үйлдэл хийгээд байна DNN.mn

Энэ удаагийн дугаартаа ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгч, доктор Г.Шийравтай агаарын бохирдлын одоогийн нөхцөл байдал, түүнийг үүсгэгч хүчин зүйлсийн тухай ярилцлаа. Тэрээр агаарын бохирдлыг шийдэх арга зам болон манай улсын шинжлэх ухааны салбарт хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг онцолсон юм.


-Та нүүрс болон утааны асуудлаар ШУА-д судалгаа хийгээд 20-иод жил болж байна. Утааны нөхцөл байдал өдрөөс өдөрт муудсаар байна. Мэргэжлийн хүний үүднээс энэ талаар тодруулбал?

-Энэ тухай ярихын тулд агаарын чанарын стандарт, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө гэх мэт ойлголтууд байгаа гэдгийг санах нь зүйтэй. Өвлийн ид хүйтний үеэр Улаанбаатар хотын агаарын чанарын асуудал шууд нүдэнд харагдахуйц тод томруун болчихсон байна. Гэхдээ агаарын чанарыг бууруулаад, агаарын бохирдлыг үүсгэж буй гол эх үүсвэрүүд нь юу байна гэдгийг олж харах хэрэгтэй. Арванхоёрдугаар сараас хоёрдугаар сарыг дуустал буюу ид галлагааны үеэр агаарыг бохирдуулагч эх үүсвэрийн 60 орчим хувийг гэр хороолол, 30 хувийг автомашин, үлдсэн 10 орчим хувийг жижиг уурын зуух, станцууд үүсгэдэг. Эдгээрт хатуу түлш буюу нүүрс, шахмал түлшийг хамгийн их ашиглаж байна. Хоёрдугаарт, нь автомашинд хэрэглэж байгаа шингэн түлшнүүд юм. Мөн давхар авто машины хөдөлгөөнөөр бий болж байгаа тоос тоосонцрууд ч байна. Эдгээр нь агаарыг бохирдуулж байгаа хамгийн гол нөлөөлөгч хүчин зүйл юм.

-Манай оронд нүүрс, агаарын бохирдол хоёр хоорондоо салшгүй ойлголт болчихлоо. Зөвхөн агаарын бохирдол дээрээ төвлөрөөд л яриад байвал дуусахгүй шүү дээ. Хамгийн чухал зүйл буюу гарах арга зам нь юу вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах арга зам бол ерөөсөө л үүсгэгч хүчин зүйлтэй нь тэмцэх явдал юм. Дээр хэлсэнчлэн агаарыг бохирдуулж байгаа гол хүчин зүйл болох хатуу шатах түлш буюу нүүрс, хоёр дахь нь бензин, дизель түлш болж байна. Хамгийн түрүүнд энэ хоёр түлшний хэрэглээг бууруулах хэрэгтэй. Гэр хороололд хамгийн их шахмал түлш ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр яндангийн тоог бууруулах, аль болох хийн түлш, нэг бол цахилгаан халаагуур ашиглуулж энэ хэрэглээг нь өсөн нэмэгдүүлэх замаар хатуу түлшнийхээ хэрэглээг багасгах хэрэгтэй. Нийт агаарын бохирдлын 30 хувийг эзлээд байгаа бензиний хэрэглээг бууруулахын тулд дизель түлшнийхээ чанарыг маш сайн хангах хэрэгтэй болоод байна. Гаднаас импортоор орж ирж байгаа шатахуунуудын чанарт шаардлагыг маш сайн тавих нь нэгдүгээр алхам. Хоёрдугаарт, бензин, дизель түлшээр ажиллаж байгаа автомашинуудын яндангийн шүүлтүүрийг ном журмынхаа дагуу байна уу, үгүй юу гэдгийг шалгах. Хамгийн бага бохирдол үүсгэх ямар нөхцөл байна, түүнийг л бүрдүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, бензин, дизель түлш хэрэглэдэггүй цахилгаан машины тоог нэмэгдүүлсэн цагт л агаарын бохирдлыг бууруулж чадна. Өөр ямар ч арга байхгүй. Бид түлш хэрэглэж байгаа цагт агаарын бохирдол үүсч л таарна.

-Таны дээр дурдсан арга зам манай улсын нөхцөл байдалд хэрэгжих боломжтой юу?

-Мэдээж шүү дээ. Хамгийн гол нь бид өмнөө нэгдсэн том зорилго тавиад тодорхой хугацааны үе шаттай төлөвлөгөө гаргаад ажиллах юм бол хэрэгжих бүрэн боломжтой. Жишээлбэл, шахмал түлшийг 2019 онд хэрэглээндээ нэвтрүүлсэн. Эхний жилд 400 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж төвийн дүүргүүдэд бүгдэд нь тараасан. 2020 оноос эхлээд Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн. Тухайн үед 400 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан бол өнөөдөр жилд 670 мянган тонн шахмал түлш хэрэглэж байна. Нөгөө шахмал түлшний маань хэрэглээ 50 хувиар нэмэгдсэн байна шүү дээ. Уг нь бол бид түлшний хэрэглээг бууруулах ёстой. Гэтэл жил ирэх тусам нэмэгдээд байна. Бид агаарын бохирдлыг бууруулах гэж зүтгэх биш, нэмэгдүүлэх үйлдэл хийгээд байна гэдгээ ойлгох хэрэгтэй.

-Шийдвэр гаргах эрх мэдэлтэй төрийн байгууллагууд эрдэмтэн, судлаачдаасаа агаарын бохирдлын нөхцөл байдал, гарах арга замын тухай судалгаа, санал хүсэлтийг хэр хүлээж авч байна вэ?

-Биднээс санал аваад шахмал түлшний чанарыг сайжруулж, агаарын бохирдолд нөлөөлж байгаа нөлөөллийг нь бууруулъя гэх мэт хамтарсан судалгаа, захиалгат ажлуудыг хийгээд үр дүнг нэвтрүүлэх гээд явж л байна. Гэхдээ энэ бол богино хугацаанд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Шахмал түлшийг сайжруулна гэдэг бол яндангийн тоог бууруулж, бүр байхгүй болгох боломжийг бүрдэх хүртэл авч болох ердөө богино хугацааны арга хэмжээ юм шүү дээ. Урт хугацааныхаа төлөвлөгөөнд түлшний хэрэглээг бүр байхгүй болгох хэрэгтэй. Эхний ээлжинд тодорхой үе шаттайгаар дүүрэг, дүүргээр нь хийн түлшинд шилжүүлдэг ч юм уу. Дараа нь дүүрэг дүүргээр нь цахилгаан халаалтад шилжүүлэх гэх мэт. Гэхдээ утаанаас ийм л арга замаар сална аа гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Эрдэмтэд саналаа хүргүүлж байна. Гэхдээ яг дээд шатандаа хэрэгжүүлэх үйл ажиллагаан дээрээ хэр нэвтрүүлж байна вэ гэдэг л асуудалтай байна даа. Энэ жилээс тодорхой хэмжээний шийдлүүд гарч л байна. 2025 оноос 40000 айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ гэж байсан. Гэр хорооллын тодорхой хэсгийг яндангүй бүс болгож зарлах. Иймэрхүү хөтөлбөр арга хэмжээнүүдийг аваад эхэлж л байна. Энэ хөтөлбөрүүд маань үнэхээр амьдрал дээр хэрэгжчих юм бол маш том алхам болно. Дараагийн жил дахиад үүнийхээ тоог нэмэгдүүлээд үе шаттайгаар явах юм бол магадгүй ойрын таваас зургаан жилд агаарын бохирдол эрс буурах боломжтой.

-Манай улс дэлхий дээрх агаарын бохирдолтой ганцхан орон биш шүү дээ. Ер нь ихэнх том хотууд ч өмнө нь агаарын бохирдолтой байсан. Манайхаас ялгаатай нь агаарын бохирдлоосоо салж чадсанд л байгаа юм. Таны судалгааны явцад ажиглагдсанаар утаанаас ангижрахад манай улсад юу саад болоод байна вэ?

-Бусад орнуудын томоохон хотуудад тулгарч байсан асуудал шүү дээ. Тэд яаж энэ асуудлаа шийдсэн бэ гэхээр томоохон зорилт тавьсан. Гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу хатуу чанд ажилласны үр дүнд агаарын бохирдлын асуудлаа шийдсэн. Үүнтэй адилхан манайх тодорхой зорилтоо тавих хэрэгтэй. Тодорхой үе шаттай төлөвлөгөө гаргаж түүнийгээ л яс мөрдөх хэрэгтэй. Гол нь хийх алхам маань тодорхой байх ёстой. Харин манай улсын хувьд нэгдүгээрт цаг хугацаатай төлөвлөгөө алга. Хамгийн гол нь хүрч, хэрэгжүүлж чадах төлөвлөгөө шүү дээ. Дараа нь энэ төлөвлөгөөнийхөө дагуу яс ажиллах хэрэгтэй. Өнөөдөр гэхэд л таван жилийн дараа, 10 жилийн дараа агаарын бохирдлыг ийм үе шаттайгаар ингэж бууруулна аа гэсэн цогц төлөвлөгөө байхгүй. Миний хувьд бол ийм төлөвлөгөө огт олж харсангүй.

-Та бүгдийн хувьд өнгөрсөн хугацаанд утааг бууруулах ямар судалгаануудыг хийсэн бэ?

-Бид 2005-2008 онд манай хүрээлэн дээр утаагүй түлшний шинжлэх ухаан технологийн асуудал гээд суурь судалгааны төсөл хэрэгжиж байсан. Үүний үндсэн дээр нүүрс болон био хаягдал, модны үртсийг ашиглаад шахмал түлш хийж болох, үүгээр дамжуулаад агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой юм аа гэсэн санал зөвлөмжүүдийг тухайн үед нь гаргаад тайлантайгаа хавсаргаад захиалагч байгууллагадаа хүргүүлсэн. Гэхдээ тэрийг бол ажил хэрэг болгоод аваад явсан нь ховорхон. Жишээлбэл, 20072009 оны үед Улаанбаатар хотод нийтдээ 20 гаруй шахмал түлшний үйлдвэр байлаа шүү дээ. Тэдгээрийн бараг тал хувь нь биднээс санал зөвлөмж авч байсан бол тухайн үеийн төрийн байгууллагуудын тушаал шийдвэрээс шалтгаалаад бүх шахмал түлшний үйлдвэрүүд хаалгаа барьсан. 2019 оноос Тавантолгойн шахмал түлшний үйлдвэр байгуулагдсан. Магадгүй 2008,2009 оны үед байсан шахмал түлшний үйлдвэрүүд үйл ажиллагаагаа жигд явуулаад технологидоо шинэчлэлт хийгээд явж байсан бол 2019 оноос өмнө тодорхой хэмжээнд агаарын бохирдол буурчихсан байж болох байсан.

-Та өмнө нь, одоо ч тэрхүү авч байгаа арга хэмжээнүүдийн тухай ямар байр суурьтай байна вэ?

-Тэдгээр авч байгаа арга хэмжээнүүд бүгд л түр хугацааных шүү дээ. Сайжруулсан зуух гээд төсөл гэр хороололд хэрэгжсэн. Энэ чинь нүүрсний шаталтыг сайжруулаад тодорхой хэмжээнд л агаарын бохирдлыг бууруулсан. Гэхдээ энэ бол богино хугацааны л арга хэмжээ. Дараа нь зуухыг нь сайжруулсан юм чинь шахмал түлшийг нь ч гэсэн сайжруулна гээд үйлдвэр байгуулаад явж байна. Энэ чинь ерөөсөө тодорхой хугацаатай л арга хэмжээ шүү дээ. Сүүлийн хоёроос, гурван жилийн хугацаанд яригдсан гэрийг дулаалъя гэсэн арга хэмжээ, хөтөлбөр хүртэл байна. Энэ бүгд нийлээд цогцоороо түлшний хэмжээг бага багаар үе шаттайгаар бууруулаад явж байгаа богино хугацааны арга хэмжээнүүд юм. Утааг бүрэн арилгах урт хугацааны арга хэмжээ бол огт биш шүү дээ.

-Урт хугацааны арга хэмжээ нь төр, иргэн, эрдэмтэн судлаач гурвын итгэлцэл дээр тогтсон цагт хүссэн үр дүндээ хүрч чадна биз дээ?

-Мэдээж шүү дээ. Урт хугацааны арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд төрийн хэмжээнд шийдвэр гаргаж том алхам хийх хэрэгтэй. Мөн санхүүгийн эх үүсвэрээ зоригтой гаргасан тохиолдолд л энэ асуудал шийдэгдэнэ. Түүнээс биш иргэд дангаараа гал түлэхээ больчихно гэж байхгүй. Шинжлэх ухааны байгууллагууд судалгааныхаа үр дүн, саналаа өгөөд, өгөөд санхүүгийн эх үүсвэрээ бий болгож чадахгүй бол хэзээ ч ажил хэрэг болохгүй. Тэгэхээр хамгийн гол нь шийдвэр гаргах төр захиргааны байгууллагууд маань зоригтойгоор томоохон хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг нь бий болгоод төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлсэн цагт л агаарын бохирдолгүй болно.

-Та бүгдэд судалгаа хийхэд ажлын орчин, нөхцөл, хангалт хэр байна вэ?

-Судалгааны орчин, нөхцөлийн тал дээр гэх юм бол өмнөх нийгэм буюу социализмын үед бол хангалт маш сайн байсан. Шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийгээд түүнийхээ үр шимийг нь хэрэглээндээ нэвтрүүлэхийг эрмэлздэг байлаа. Гэхдээ энэ шинэ эриний үед их хоцрогдсон шүү. Сүүлийн үед сайжраад байгаа ч манай улсын шинжлэх ухаандаа оруулж байгаа хөрөнгө оруулалт олон улсын жишгээр бол дунджаас доогуур байна. Үүнийг сайжруулах ёстой. Одоо манай засгийн газрын хөтөлбөрт орчихсон явж байна шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцэх санхүүжилтийг шинжлэх ухаандаа оруулна гээд. Өнөөдрийн байдлаар 0.3 хувь хавьцаа хөрөнгө оруулалтыг хийж байна. Хамгийн багадаа 1 хувьд хүргэх зорилттой явж байгаа хэдий ч энэ чинь өөрөө дэлхийн дундаж жишгээр хамгийн доогуур хувьдаа явж байна аа гэсэн үг.

-Ийм нөхцөлд судалгааны ажлаа явуулаад хүссэн үр дүндээ хүрч чадаж байна уу?

Ер нь байгалийн ухаан, анагаах ухааны салбарууд маш их хөрөнгө оруулалт, тодорхой тоног төхөөрөмж, лабораторийн бааз шаарддаг. Мөн удаан хугацааны тогтмол, тасралтгүй судалгаа хийж байж үр дүн нь гардаг. Гарсан үр дүн маань хэрэглээнд нэвтрэхэд бас л тодорхой хугацаа шаарддаг шинжлэх ухааны салбарууд л даа. Манай химийн шинжлэх ухааны салбарын хувьд хүндрэлтэй зүйлүүд байна аа. Багаж тоног төхөөрөмжийн хувьд хүртээмж муутай. Шинэ орчин үеийн багаж тоног төхөөрөмж хангалт багатайгаасаа шалтгаалаад гаргаж авъя гэсэн үр дүнд хүрч чадахгүй байсаар байна. Нэг бол туршилтаар гаргаж авсан шинжилгээгээ дотооддоо бүрэн хийж чадахгүй. Тэгэхээр заавал г адагшаа явуулж үр дүнгээ авдаг. Үүнээсээ шалтгаалаад эдийн засгийн хүндрэл ч үүснэ биз дээ. Мөн цаг хугацааны хувьд ч асуудалтай.

Иймээс гүйцэт бүрэн шинжилгээгээ бид хийж чадахгүй л байна. Та бид хоёрын ярилцаж буй утааны асуудал дээр жишээ авъя л даа. Өнөөдөр утаан дотор түлшний дутуу шаталтаас үүдэн 180 гаруй хий үүсэх боломжтой гэж ярьж байгаа боловч Монгол Улсын хэмжээнд утаан дотор тэдэн төрлийн ийм бодис байна аа гээд бүрэн тогтоож чадахгүй байна. Энэ маань бас бидний хийж буй ажлын үр дүн бүрэн гарч чадахгүй байх нөхцөл ч болж буй юм.

Тиймээс шинжлэх ухаанд аль болох их хөрөнгө оруулалт оруулж, судалгаа хийх нөхцөл бололцоог ханган гаргаж авсан үр дүнгээ баталгаажуулах тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай байна.

А.Даваадулам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *