Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ц.Мөнхтуяа: Хувийн хэвшилд чөдөр, тушаа болсон Хэмнэлтийн хуулийг хүчингүй болгох шаардлагата DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнхтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Шинэ он гарлаа. Анхны 126 гишүүнтэй парламентын ач холбогдолыг та хувьдаа хэрхэн харж байна. Тоо нэмэгдсэнээрээ парламентаас гарах шийдвэр зөв тусгалаа олж чадаж байна уу?

-Миний хувьд бол шинэ улстөрч. Анхны 126 гишүүнийг сонгохдоо нийгмийн бүлгийн төлөөлөл, салбар салбарын төлөөллийг оруулж ирснээрээ том давуу талтай гэж харагдаж байна. Тухайлбал, өмнө нь боловсролын салбарын багш ажилчдын нийгмийн асуудал, энэ салбарт болж бүтэхгүй, тулгамдаж буй асуудал, гарц гаргалгаа нь юу байна гэдгийг ярьдаг хүн байгаагүй. Нөгөөтэйгүүр энэ том парламентад тойрогт өрсөлдсөн, жагсаалтаас ч гарч ирсэн залуучуудыг их үнэлж байгаа. Зөвхөн Ардчилсан нам биш. Энэ парламентад орж ирсэн нам намын төлөөлөл залуучууд бол ажил хийхээр зөв шударга, ёс зүйтэй залуучууд орж ирсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын парламент салбар салбарынхаа төлөөллүүдийг оруулдаг жишигтэй. Манайд саяхныг болтол энэ жишиг тогтоогүй байсан.

Харин одоо тогтож байгаад баяртай байна. Цаашдаа салбар салбарын мэргэжлийн хүмүүс парламентад орж ажиллах хэрэгтэй. Тэгж байж л төрийн бодлого цэгцтэй, амьдралд наалдсан, нийгэм, улсын хөгжилд тустай зөв явна.

-Зарим иргэдийн хувьд 76 хулгайчаа нэмлээ гэж хатуу шүүмжилдэг бол зарим нь таны хэлсэн шиг салбар салбарын төлөөлөл орж ирсэн нь төрөөс гарах цаашдын бодлого, шийдвэр зөв чигтээ явна гэж сайшааж байна…?

-Манайхан хуульчиддаа л их дасчихсан байдаг юм байна. Хуульчид, эдийн засагчдыг л улстөрч гэж хардаг болчихож. Таны хэлдгээр зарим иргэд 126 хулгайч гэх нь бий. Яах вэ, манайх ардчилсан орон учраас үг, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь тэр хүмүүст байгаа. Гэхдээ би бол хулгайч биш. Би жирийн багшийн төлөөлөл. Миний хувьд долоон жил гудманд өөрөө сайн муугаар хэлүүлж явсан болохоор бусдын хатуу үгийг даахтайгаа болж.

Харин шинэ залуу гишүүдийн хувьд хулгайч гэж дуудуулахад эмзэг хүлээн авч байх шиг байна. Хүн үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч манай ард түмний оюун санаа саарал болчихсон юм болов уу гэж бодогддог. Бие биенийгээ их муухайгаар хэлдэг, дайрдаг.

Ялангуяа сошиалаар. Нэгнийгээ ингэж харлуулж, доромжилж, гүтгэх нь эргээд бидний ирээдүй болсон үр хүүхдүүдэд л муугаар нөлөөлнө. Тиймээс аль болох асуудлыг олон талаас нь харж, бусдын худлаа, хоосон гүтгэлэг, хов живд шууд итгэхгүйгээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг хандлагыг дэлгэрүүлэх хэрэгтэй байна.

-УИХ-ын гишүүн гэхээр зарим иргэд хулгайч, луйварчин гэж хардаг нь тэр хүмүүсийн буруу биш байх, тийм үү. Эсрэгээрээ энэ хандлагад хүргэсэн хүмүүс нь эрх баригчид, улстөрчид болов уу?

-Тийм. Тэгэхээр өмнөх парламентын үед харамсмаар олон шийдвэр гарч байсан. Эх орныхоо газар шороог хүртэл худалдах хэмжээнд хүрсэн нь нууц биш. Тэгэхээр анхны 126 гишүүнтэй парламентын ихэнх нь буюу 80 гаруй хувь нь шинэ залуу гишүүд байгаа. Тиймээс энэ улстөрчдөөс төрийн зөв бодлого гарах ёстой. Тэгж байж өнгөрсөн 30 жилийн алдаагаа бид засч чадна. Саяхан УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн асуудал ил гарлаа. Өөр олон далд байсан асуудал ил болсон. Төрийн үйл ажиллагаа, тэр дундаа парламентын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй болох тусам бид алдаагаа олж харж, засах боломжтой болно гэсэн үг. Энэ бол парламентын гишүүдийн тоог нэмсний давуу тал гарч байгаа гэж ойлгож байна. Цаашид ч энэ парламент бугшсан алдаануудыг ил тод болгож, засахын төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байна. Нөгөөтэйгүүр миний хувьд АН-ын гишүүн. Гэхдээ АН-ынх гээд МАН-ыг заавал муулах ёстой гэвэл энэ бол буруу хандлага. Аль ч намаас гарсан сайн, зөв бодлого, шийдвэрийг дэмжинэ. Аль ч намаас гарч байгаа буруу үйлдлийг үгүйсгэж, алдааг нь хэлнэ. Яг ийм хандлага энэ 126 гишүүнтэй парламентад түгээмэл байгаа нь сайн.

-Таны хувьд боловсролын салбарт олон жил ажилласан хүн. Энэ утгаараа та Боловсролын сайдын үйл ажиллагааг анхааралтай харж, санал шүүмжлэлээ хэлж байгаа байх. Ер нь таны хувьд Засгийн газар, салбарын сайдуудын үйл ажиллагааг ямар байдлаар үнэлж байна вэ?

-Шуудхан хэлэхэд, Монголын боловсролын салбарыг яг таг ажлаа мэддэг хүн авч явах шаардлагатай байгаа юм. Үнэндээ манай П.Наранбаяр сайдын хувьд хувийн сургуулийн гүйцэтгэх захирал хийж байсан. МУИС-ийг олон улсын харилцаагаар төгссөн хүн. Яг багш мэргэжилгүй. Хувийн сургуулийн гүйцэтгэх захирал хийсэн хүн өнөөдөр төрийн сургуулийн зовлонг ойлгохгүй. Би энийг ил ч хэлж байгаа. Өөрт нь ч хэлсэн. Салбар луугаа орж ажилла, багшаа сонс, хөрсөн дээрээ буу гэж олон удаа хэлсэн. Өнөөдөр сургуулийн өмнөх боловсролын багш нар өглөө долоон цагаас оройны долоо, найман цаг хүртэл бүтэн 12 цаг ар гэрээ хаяад түмний хүүхдийн төлөө явж байна. Тухайн хүний ажил мэргэжлийн онцлог гэж бодсон ч бид хүнээ бодох ёстой. Төрийн бодлогын нэн тэргүүнд хүнээ бодсон бодлого байх ёстой. Тиймээс цаашид салбарын сайдыг шахаж ажиллана. Миний хувьд Боловсролын ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд дээр ажиллаж байна. Боловсролын сал барт 15 жил ажилласан ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн их дээд сургуульд үнэ төлбөргүй сургах заалт оруулсан. Гэтэл энэ заалтыг өмнөх парламентын эрх баригчид “тасралтгүй, эрэлттэй, тэргүүлэх” гэдэг үгийг нэмснээрээ тээг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрэлттэй, тэргүүлэх багш биш байна гээд хүүхдийг үнэгүй сурах боломжийг нь хаачихаж байна гэсэн үг. Үүнийг засах ёстой.

-Ковидын үед Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Тухайн үед эдийн засгаа хамгаалах гэж энэхүү хуулийг баталсан гэж ойлгодог. Харин одоо эдийн засаг харьцангуй сайжирч байна. Тиймээс уг хуулийг хүчингүй болгох асуудлыг УИХ хэлэлцэх болов уу. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Монголд хууль шиг олон зүйл алга. Яг одоогийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 800 гаруй хууль, дөрвөн мянга гаруй тогтоол, дүрэм, журам бий гэсэн судалгааг харсан. Намрын чуулганы эхээр УИХын дарга Д.Амарбаясгалан энэ олон хууль, дүрэм журмуудыг цэгцлэх шаардлагагүй, эсвэл аль нэг салбарын үйл ажиллагаанд чөдөр, тээг болж байгаа хуулийг хүчингүй болгох, заалтуудыг нь өөрчлөх зорилгоор хэд хэдэн ажлын хэсэг байгуулсан. Тэгэхээр эдгээр ажлын хэсгүүд холбогдох дүгнэлт, судалгаагаа хийгээд шаардлагагүй хууль, дүрэм, журмуудыг өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг УИХ-д танилцуулах байх. Ер нь Олон санал, шүүмжлэл иргэдээс ирдэг. Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд чөдөр, тушаа болж байгаа Хэмнэлтийн хуулийг хүчингүй болгох, эсвэл тухайн заалтуудыг нь өөрчлөх шаардлага бий. Тиймээс Төрийн хэмнэлтийн хууль хүчингүй болох болов уу гэж бодож байна.

-Нийгэмд шуугиад байгаа гишүүдийн тэтгэмжийн асуудал дээр таны байр суурь ямар байна вэ. Зарим улстөрчдийн хувьд үүнийг авах ёстой гэдгийг хэлж байна лээ…?

-Яах юм бэ. Бүх зүйлийг бид төрөөс авах ёстой биш шүү дээ. Сайн ч, муу ч ар гэрээ тэжээх, амьдралаа аваад явах чадвартай хүмүүс энэ УИХ-д ажилладаг байлгүй дээ. Хоногийн хоолоо яаж олох вэ гэсэн хүмүүс олон байна. Ажлын байраар хангах, халамж гэхээс илүү хувь хүний орлого олох боломжийг бүрдүүлэх чиглэлд энэхүү зардлаа зориулах нь зөв байх. Эсвэл эрүүл мэнд, боловсролын салбарт, тэр дундаа багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд энэхүү зардал чиглэвэл бид авснаас илүү үр өгөөжтэй байх болов уу гэж бодож байна. Ер нь бол заавал авах ёстой гэсэн хууль байхгүй. Миний хувьд нөгөө л дабль стандарт, зүгээр больчих л гэж байгаа юм.

Э.Мөнхтүвшин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *