Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дархан-Уул аймаг, “ОРДА ВЭЛФ” ХХК гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Гэрээний дагуу 2025-2027 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 1059 га талбайд ойн зурвас байгуулна. Эхний ээлжид ирэх онд Хонгор сумын нутаг Хараа голын эрэг дагуух 102 га талбайд татмын ойжуулахаар төлөвлөжээ. Ингэснээр сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтаас шалтгаалан голын эрэг дагуух бургасан ой устаж үгүй болж байгааг сэргээх юм.
Төсөл эхлүүлэх, цаашид тогтвортой хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг 5 жилийн туршлагатай “Орда Вэлф” ХХК хариуцана. Компаниас 2025 оны 1-р улиралд эхний санхүүжилтийг татан төвлөрүүлэх аж. Эдгээр ажлыг хийсний дүнд уур амьсгалын өөрчлөлтөд голлох нөлөө үзүүлэгч хүлэмжийн хийг багасгах, нүүрстөрөгчийн хийн шингээлтийг нэмэх, мөн Дархан-Уул аймгийн байгаль, экологид эерэг нөлөө авчрахыг БОУӨЯ мэдээлжээ.
