Categories
гадаад мэдээ

Нобелийн шагналтнууд тодорч эхлэв DNN.mn

Физиологи, анагаах ухааны салбарын энэ оны Нобелийн шагналыг америк эрдэмтэн Виктор Амброс, Гари  Равкан нарт генийн транскрипцид микро РНХ-ийн гүйцэтгэх үүргийг нээсэн судалгааных нь төлөө олгосон байна. Молекул биологи, генетикийн чиглэлээр ажилладаг Гари Равкан 72 настай бөгөөд АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академи, АНУ-ын Анагаах Ухааны Академи, Америкийн Философийн Нийгэмлэгийн гишүүн юм. Харин микро РНХ судалгаагаар алдаршсан Виктор Амброуз 70 нас хүрч байгаа бөгөөд Үндэсний Шинжлэх Ухааны Академи, Америкийн Урлаг Шинжлэх Ухааны Академийн гишүүн аж. Тэрээр Гари Равкантай хамтран олон судалгаа хийжээ. Нобелийн Хорооны цахим хуудсанд “Энэхүү шагналыг генийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн зарчмыг олж илрүүлснийх нь төлөө олгосон” гэж бичсэн байна.

Хүн бүрийн эсүүд бүгд адил гентэй боловч хүний биеийн эсүүд хэлбэр болон гүйцэтгэх үүргийн хувьд хоорондоо эрс ялгаатай байдаг. Мэдрэлийн эсийн цахилгаан дохиолол зүрхний эсийн хэмнэлтэй цохилтоос бодисын солилцооны том төв болох элэгний эсүүд цусан дахь мочевиныг шүүж шээс болгодог бөөрний эсүүдээс ялгаатай. Бидний нүдний торлог бүрхэвчийн гэрэл мэдрэх чадвартай эсүүд халдвартай тэмцэх цагаан бөөмийн эсүүдээс ялгаатай байдаг. Бидний биеийн эсүүд ийм олон янз байдаг ч генийн хувьд бүгд адил байдаг. Тэгвэл Америкийн энэ хоёр эрдэмтэн микро РНХ нь янз бүрийн эд эс дэх нэгэн ижил генийг хэрхэн зохицуулж өөр үүрэг бүхий эс үүсгэдэг болохыг нээж олсон байна.

Бидний удамшлын мэдээлэл дамжих үйл ажиллагааг транскрипц гэж нэрлэдэг бөгөөд энэ нь мэдээлэл ДНХ-ээс РНХ (мРНХ) руу шилжин дараа нь ДНХ-д бичсэн генетикийн зааврын дагуу тохирох уураг үүсгэн биед хэрэгтэй эс бий болж байдаг гэсэн үг юм. Өнгөрсөн зууны дунд үеэс хойш шинжлэх ухааны хэд хэдэн том нээлт гарсны ачаар бид эдгээр үйл явц хэрхэн явагддаг ерөнхий зарчмыг ойлгож авсан билээ. Харин генийн адилхан мэдээллээр яаж өөр үүрэг, бүтэцтэй эс үүсээд байгааг тайлж чадаагүй байсан юм. Хэрэв бие өөрийн генийн транскрипцийг зохицуулах чадваргүй байсан бол биеийн бүх эс яг адилхан байх байсан. Тэгвэл микро РНХ ачаар биеийн өөр үүрэг, бүтэцтэй эсийг нэг ижил генээр хэрхэн бүтээж байдгийг эдгээр эрдэмтэд нээн илрүүлжээ.

Микро РНХ-ийн зохицуулалт алдагдсанаар хорт хавдар болон төрөлхийн дүлий төрдөг сонсголын ясны гажиг зэрэг эмгэг үүсдэг байна. Эдгээр эрдэмтэд судалгаандаа олон янзын эс бага байдаг хөрсний нематод хорхойг сонгожээ. Тэд судалгаандаа тодорхой төрлийн эс нь зөв хөгжөөгүй мутаци бүхий хорхойнуудыг сонгон авч туршилт явуулсан байна. Ийнхүү тэд хөрсний эрүүл хорхой, мутант гэх генийн гажигтай хорхой хоёрын ялгаа болох микро РНХ-ийн маш өчүүхэн жижиг хэсгийг ялган авч чаджээ. Энэхүү микро РНХ гэх маш өчүүхэн жижиг хэсгийг эсэнд нь оруулахад мутант хорхойнууд хэсэг хугацааны дараа эрүүл хорхой болж байгааг эдгээр эрдэмтэд туршилтаар баталсан байна.

Бүх амьд биетийн ген буюу генетикийн заавар нь ДНХ-д агуулагдаж байдаг. Биеийн эсүүд үүний хуулбарыг үүсгэж байдаг бөгөөд энэхүү мэдээллийг РНХ дамжуулж шинэ эсүүд үүсдэг. Харин микро РНХ нь РНХ-ийн аль хэсэгт нь наалдаж байна гэдгээс мэдээлэл дамжих үйл ажиллагаанд өөрчлөлт орж, нэг ижил гентэй ч янз бүрийн үүрэг бүхий өөр өөр эс үүсч байдаг аж. Үүнийг л АНУ-ын эрдэмтэн Виктор Амброс, Гари Равкан нар нээж энэ оны Нобелийн шагналын эзэд болжээ.

Нобелийн шагнал олгож эхэлсэн 1901 оноос хойш 114 удаа Физиологи, анагаах ухааны салбарт Нобелийн шагналыг нийт 226 хүнд олгосон бөгөөд эдгээр эрдэмтдийн судалгаа олон арван сая хүний амийг аварсан байна. Нобелийн Анагаах ухааны салбарын шагналыг 39 удаа ганц хүн, 35 удаа хоёр хүн, 39 удаа гурван хүнд хуваан олгож байжээ. Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал 1915-1918, 1921, 1925, 1940-1942 онуудад нийт есөн удаа олгогдоогүй юм байна. Мөн Физиологи, анагаах ухааны чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн 13 эмэгтэй байдаг ажээ. Эдгээрээс Барбара МакКлинток л ганцаараа 1983 онд хамтран зохиогчгүйгээр уг шагналыг хүлээн авч байжээ. Мөн Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнуудын хамгийн залуу нь 1923 онд 32 настай байсан Фредерик Бантинг байдаг бол хамгийн өндөр настай хүн нь 1966 онд шагнал хүртэх үедээ 87 настай байсан Пейтон Роуз юм байна.

One reply on “Нобелийн шагналтнууд тодорч эхлэв DNN.mn”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *